Улсын тэмдэгтийн хураамжийг 20 сая хүртэл төгрөг болгоно
10-15

 

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэж,  дэмжсэн юм.  Хуулийн төслийг баталснаар Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлнэ.  “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд шаардагдах бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдах 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах бөгөөд бүтээн байгуулалтын үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, өөр бусад зорилгоор ашиглах боломжгүй бараа материалд төлсөн гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох нь газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно хэмээн үзжээ. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:

 

-Бараа, материалыг Гаалийн албан татвараас хөнгөлж буцаан олгочихоод дахин Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө гэж байна. Хуулийн төслөөс харахад хоёр тусдаа асуудал байна. Гэтэл үйлдвэрийн ажилчдын оффисийн барилга орон сууц гэх мэт үйлчилгээний цогцолборын бүтээн байгуулалтад шаардлагатай.

 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Гаалийн албан татварыг хөнгөлж буцаан олгох замаар зохицуулж байгаа юм. Энэ тохиолдолд өөр зорилгоор зарж борлуулах боломжгүй. НӨАТ-аас шууд чөлөөлөхөд бол асуудал байхгүй. Борлуулалтын НӨАТ-аас нь хасалт хийхгүй.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Түүхийн эдийн хомсдолд орох эрсдэл бидэнд бий.Манай улс жилдээ 1-1.2 сая тонн газрын тос олборлож байгаа.Энэ нөөц хангалттай биш. Тиймээс цаашид газрын тосны хайгуулыг эрчимжүүлж, нөөцийг нь баталгаажуулах шаардлагатай.

 

Ийнхүү дээрх хуулийн төслийг дэмжихийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Дараагаар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, хил дамжуулын тээвэрлэх тусгай  зөвшөөрөлийг “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийг үндэслэн олгодог байна. 

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заажээ. Энэ нь бага хэмжээтэй бодис импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургууль, лаборатори, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хүндрэлтэй байгаагаас хууль бусаар импортлохыг оролдох, зөвшөөрөлгүйгээс хил дээр ирсэн бодисоо авч чадахгүй байх, хураагдах зэрэг зөрчлийг үүсгэж байна гэж байлаа. Түүнчлэн хэд хэдэн аж ахуйн нэгж нийлж, нэг зөвшөөрөл авах, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодисын зөвшөөрөл авахыг эрмэлзэх болсон нь зөвшөөрлөөр дамжуулан химийн бодисын хэрэглээнд тавих хяналтыг сулруулах, химийн бодисын хууль бус импортыг бий болгох зэрэг сөрөг үр дагавар гарах шалтгаан болжээ. Уг хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50 000-20 000 000 төгрөг” болохоор хуулийн төсөл боловсруулсан байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар орон нутгийн төсөвт тэмдэгтийн хураамжаас төвлөрөх орлого одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Б.Баттөмөр тусгай зөвшөөрлийг 20 сая төгрөг болгоход тооцоо, судалгаа хийсэн эсэхийг тодруулсан юм. Ажлын хэсгийн зүгээс, Уул уурхай болон тэсрэх бодис үйлдвэрлэгч, химийн бодис худалдаалдаг аж ахуйн нэгж, компаниуд нь 20 сая төгрөгт хамаарагдаж байгаа. Эдгээр нь 200 тонноос дээш гэсэн хязгаарт ордгийг талаар хариулав. Ингээд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин