Автомашин хулгайлдаг 16 настай хөвгүүдийг илрүүлжээ
10-16

 

Цагдаагийн байгууллагаас “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019”, “Зэвсэг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтыг эрчимжүүлэн орон нутгаас нийслэл рүү орж ирж байгаа тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг шалгалтыг явуулж байна.

 

Энэхүү шалгалтын явцад хулгайн гэмт хэрэг, зөрчил, тээврийн хэрэгслийн хулгайлсан гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо баруун аймаг руу салдаг байнгын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч З.Мөнхбат нь 2019.09.08-09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс иргэн Г-ын эзэмшлийн Hyundai Verna маркийн автомашиныг Б, Э /16 настай/ нар нь бүлэглэн хулгайлсан гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, харьяа цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна.


Дээрх автомашины хулгайн гэмт хэргийг үйлдсэн Б, Э нар нь Сонгинохайрхан дүүргээс 3, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1 тээврийн хэрэгслийг тус тус хулгайлсан 4 удаагийн үйлдэлтэй эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүд болохыг шалгалтын явцад илрүүлсэн байна.


Иймд иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалттай, камерын хяналт бүхий авто зогсоолд байрлуулж, хулгайн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин