Япон: Хар салхины дараах сэргээн босголтонд 6,5 сая ам.доллар зарцуулна 

img

 

Аравдугаар сарын 12-ны бямба гаригт Япон улсад хар салхины гамшиг нүүрлэсний улмаас тус улс ихээхэн хохирол амссан.


“Хагибис” хар салхины улмаас сүйтгэгдсэн дэд бүтцийг сэргээн засварлах ажилд зориулан улсын төсвөөс 710 сая иен буюу 6,5 сая ам.доллар зарцуулах шийдвэрийг Японы Засгийн газар гаргажээ. 


“Аравдугаар сарын 12-ны өдөр манай улсын хэд хэдэн нутаг дэвсгэрийг дайрсан хүчтэй хар салхи ихээхэн хохирол учруулсан бөгөөд бид олон иргэдээ алдаад байна. Одоогийн байдлаар аврагчид, Батлан хамгаалах хүчний цэргүүд зэрэг 110 мянга орчим хүн дэд бүтцийг сэргээн босгох, эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор бид энэ оны улсын төсвийн нөөцийн сангаас 710 сая иен зарцуулах шийдвэр гаргалаа” хэмээн Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ. 


Эргэн сануулахад, “Хагибис” хар салхи өнгөрсөн бямба гаригт Японы ихэнх нутаг дэвсгэрээр дайрч, Хонсю арлын Номхон далайн эргээр өнгөрсөн юм. Одоогийн байдлаар 73 хүн амиа алдсан, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн, 12 хүн ор сураггүй болсон гэсэн албан ёсны мэдээлэл гарчээ. Японд сүүлийн хагас зуун жилийн хугацаанд тохиосон хамгийн хүчтэй хар салхины улмаас тус улс даяар 12 мянган айл өрх гэрэл цахилгаангүй болсон бол Японы зүүн хойд хэсэг дэх орон сууцны хорооллууд усанд автсан хэвээр, энэ хэсгүүдэд ус шавхах ажил үргэлжилж байгаа аж. 

 

СNN агентлагийн мэдээлснээр, гамшиг тохиосон нутгуудад 230 гаруй сургууль ажиллахгүй, олон арван дэлгүүрүүд хаалгаа барьсан бол 120 гаруй бэлэн мөнгөний автомат машин ажиллагаагүй болжээ. Мөн усанд автсаны улмаас төмөр замуудыг сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа юм байна. 

 

"Хагибис" хар салхи Японд гарсан байгалийн гамшгууд дундаас хамгийн өндөр зардал учруулсанд тооцогдож байгаа бөгөөд хар салхинаас үүдсэн хохирол 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ