Хонконг: Эсэргүүцэл үргэлжлэх хугацаанд нийтдээ 2,2 мянган хүн баривчлагджээ

Өнгөрсөн зунаас эхлэсэн Засгийн газрын эсрэг 400 эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон 2,2 мянган хүн баривчлагдсан талаар Хонконгийн тэргүүн Кэрри Лам дүрст мэдэгдэлдээ дурджээ.
Кэрри Лам Хууль тогтоох хурал дээр улс төрийн мэдэгдэл хийх ёстой байсан ч сөрөг хүчний парламентчид түүнийг үг хэлэх боломж олголгүй, эсэргүүцсэн уриа хашгирч, Кэрри Ламыг огцрохыг уриалсан байна.
Улмаар Хонконгийн захиргааны тэргүүн хурлын танхимыг орхин гарч, хотын оршин суугчдад дүрст бичлэгээр хандан мэдэгдэл хийжээ.
"Хонконг дэлхийн хамгийн аюулгүй хотуудын нэг, соёл иргэншсэн, эрх чөлөөт, хууль дүрэм чандлан сахьдаг хот байлаа. Ердөө хэдхэн сарын дотор, сэжигтэн шилжүүлэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэнтэй холбоотой сөргөлдөөн өргөжсөн" хэмээн Кэрри Лам мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр "сүүлийн дөрвөн сарын хугацаанд Хонгконгд 400 гаруй жагсаал, цуглаан болсны ихэнх нь хүч хэрэглэсний улмаас 1,1 мянган хүн гэмтэж бэртэн 2,2 мянган хүн баривчлагдсан" аж.
"Эмх замбараагүй байдлын оролцогчид халдлага үйлдэн, өөр үзэл бодолтой хүмүүсийн биед халдаж, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг ноцтойгоор зөрчин Хонконгод айдас, эмх замбараагүй байдал бий болгосон. Хонконг энгийн амьдралд эргэн орох эсэх, Хонконг тайван амьдарч болох газар хэвээр байх эсэхийг хүмүүс асууж байна" хэмээн Кэрри Лам онцолсон байна.
Эргэн сануулахад, зургаадугаар сарын сүүлээс эхлэн Хонконгод БНХАУ руу сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн давалгаа газар авсан юм. Олон нийтийн шахалт дарамтаар хуулийн төслийг нэг мөр зогсоосон ч Хонконгод эсэргүүцэл, эмх замбараагүй байдал намжаагүй, Кэрри Ламыг огцрохыг шаардахын дээр БНХАУ-аас хараат бус болохыг шаардан жагссаар байв.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ