Вашингтон БНАСАУ-тай цогц хэлэлцээрээ сэргээхэд бэлэн
2019-10-17

Сингапурын хамтарсан мэдэгдлийн үндсэн дөрвөн заалт тус бүрээр АНУ БНАСАУ-тай цогц хэлэлцээрийг сэргээхэд бэлэн байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн асуудлаарх туслах Дэвид Стилуэлл мэдэгдснийг ТАСС агентлаг дамжууллаа. 

"БНАСАУ-ыг нэг мөр, эцэслэн бүрэн гүйцэт байдлаар цөмийн зэвсэггүй болгох нь бидний зорилго" хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Эргэн сануулахад, есдүгээр сард Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп мэдэгдэл хийхдээ БНАСАУ-ын эсрэг хүч хэрэглэхгүй гэж амласан юм. Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй уулзахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Хойд Солонгосын тэргүүнтэй "сайн харилцаатай" байгаагаа дуулгаж байв.

Түүнчлэн Пхеньяны пуужингийн туршилтуудад огт санаа зовохгүй байгаа, учир нь Ким Жон Унтай уулзах үед бага тусгалтай пуужингийн туршилт биш харин цөмийн туршилтын талаар ярилцсан хэмээн онцолж байлаа. 

Shuud.mn
Сонин хачин