Я.Санжмятав: Хүчирхэг Ерөнхий сайд болгох гээд сонгуулийн өмнө сөхрүүлээд унагачихав аа
2019-10-17

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тогтоол өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолоор Төрийн бараа үйлчилгээ худалдан авах газрыг байгуулах юм. ТӨБЗГ харьяалагдах байгаа бараа, ажил үйлчилгээ худалдан авах газрыг тусад нь бие даалгах шаардлагатай гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд тендэртэй холбоотой ажил, үйлчилгээ хэл ам дагуулдаг, ажлын гүйцэтгэл муу байдаг талаар шүүмжилж, асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: 

 

-Энэ хуулийн төслөөр Ерөнхий сайдын харьяанд авна гэж байна. Гишүүд Шадар сайдын харьяанд байх санал гаргасан. Худалдан авах газрын харьяалал Сангийн сайдын харьяанд байх нь зүйтэй.  Энэ хууль батлагдсанаар хэзээнээс хэрэгжих вэ? Ирэх жил сонгуулийн дараагаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Яагаад гэвэл одоо бусниулах хэрэггүй. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Бид өмнөх алдааг давтамгүй байна. Хуулийн дагуу Ерөнхий сайдын харьяандаа байлгахаар Засгийн газар оруулж ирсэн. Бусад орнуудын туршлагыг ч үзсэн. Тийм учраас Засгийн газрын оруулж өгсөн хувилбараар баталж өгөөч. Хууль нь хэрэгжээд явж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: 

 

-Удирдлагын шинжлэх ухаан, менежмэнт хэрэгтэй юм шиг байгаа юм. 1990-ээд онд хаалгыг нь хаачихгүйхэн шиг эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ авч ирсэн. Одоо эдийн засаг тэлсэн. Төсвийг зөв явуулах менежмент нь Сангийн яам. Хэрэгжүүлэх нь төрийн худалдан авах газар. Гэтэл Ерөнхий сайдын харьяанд байна гэдэг санаанд багтахгүй байна. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Дотоод хэргийн яам гэдэг нь ЗГХЭГ. Энэ нь Ерөнхий сайдын ажлын албаны өдөр тутмын албыг гүйцэтгээд явдаг. Тиймээс Ерөнхий сайдын харьяанд  байх нь зүйтэй юм. Чухал агентлаг Ерөнхий сайдын харьяанд байж хөгжлийн бодлоготойгоо уялдуулах нь чухал. 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Концессийн гэрээнээс болоод 4-5 жил сургууль хойшлоод байсан. Газрын маргаантай асуудлуудыг та бүхэн эртхэн хэлж чадах уу? Цахим худалдан авах гэдэг асуудал 2011 оны үед явагдаж байсан. Тэр үед үр дүнтэй байсан. Цаашдаа энэ цахим худалдан авалт хэр явах вэ? Та бүхэн босоо бүтэцтэй болсон. Ерөнхий сайдад харьяалагдана гэнэ. 

 

ЗГХЭГ-ын дэд дарга н.Ганбат: 

 

-Агентлаг шинээр байгуулагдсанаас үйл ажиллагаа хараат байдал бүрэн хангагдана. Тендэр зохион байгуулах, зарлах ажиллагаа тухайн жилийн төсөв батлагдсанаар эхэлнэ. Тухайн төсвийн жилийн эхний улиралд тендэр бүрэн зарлагдсан байна. Тухайн жилийн төсвийн хөрөнгө оруулалт дээр зарлагдах төсөл арга хэмжээ ихэнх тохиолдолд зураг төсөв байхгүй зарлагддаг. Зарим тохиолдолд тухайн жилдээ хэрэгжихгүй байх нөхцөл бүрддэг. Тиймээс хөрөнгө оруулалтын арга хэмжээг зураг төсөвтэй байлгах шаардлагатай байна. Газрын маргаан маш их гардаг. Газар маргаангүй байх шаардлага тавих хэрэгтэй. Газрын маргаан үргэлжилснээс ажил явдаггүй. Маргаантай газар дээр төсөл арга хэмжээг төлөвлөж оруулж ирэх шаардлага байхгүй байгаа. 

 

 

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Төрийн бараа үйлчилгээний газрыг Ерөнхий сайдын биш Шадар сайдын харьяанд байлгах саналаар санал хураалт явуулахаар боллоо. Санал гаргасан УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа "Ажил үйлчилгээгээ төгөлдөржүүлэх тал руу нь явах ёстой. Бүтэц, орон тоо, удирдлагыг нэмээд байгаа асуудал байна. Босоо удирдлага гээд нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хороонд төрийн ажлыг будилуулаад байна. Бид эдийн засгийн, хөгжлийн бодлогоо хаана зангидаж байгаа нь тодорхойгүй. Дахиад шинэ хөтөлбөр рүү орж байна. Хэрвээ Ерөнхий сайдын мэдэлд очвол аж ахуйтай хутгаад байж болохгүй. Нэг тендер асуудал үүсгэвэл Ерөнхий сайдыг баастай нь хутгана." гэсэн бол гишүүн Я.Санжмятав "Ерөнхий сайд дээрээ ажлаа овоолж байгаа нь сайн зүйл биш. Тендэрийн будилаан, өргөдөл, гомдол гэж хүчирхэг Ерөнхий сайд болгох гэж байгаад сонгуулийн өмнө сөхрүүлээд унагачихав аа, та минь ээ. Энэ их хэрүүлтэй ажил шүү. Ажлаа бодоорой цаашдаа" гэсэн шүүмжлэлийг хэлэв. 

 

Ингээд гишүүд үг хэлсний дараагаар санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар санал дэмжигдсэнгүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
АН-ын энэ нөхдүүд ямар ч хэрэггүй ажлын садаа болсон зүгээр л гайнууд юмаа
2019-10-20
Nyamdorj saidad:
Nyamdorj saidaa tanai yamniihan tenderiig yaj budliulj baigaag udahgui il bolgonoo hyatadad ta nar oorsdoo yvdag bolsonuu? удахгүй захигын Өнөрөө таныг ангайтал чинь асуунаа
2019-10-20