Монгол Улс “саарал” дохиотой байхад МАН бэлтэй загнаад яах вэ?
2019-10-18

 

УИХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн хугацаатай хэлэлцэн баталдаг улсын төсөвт гишүүд аймаг, тойрогтоо тусгасан хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулж байгаа юм. Эрх баригч хүчний ирэх сонгуулийн жилийг угтсан эхний томоохон ажил нь ирэх оны төсөв. Учир нь ирэх оны төсөв 2016 оны сонгуулиар амласан амлалт, мөрийн хөтөлбөрийн хэрэгжүүлээгүй заалтуудаа тусгаж, гурван жил хийгдээгүй ажлаа, хагас жилд гүйцэлдүүлэх, үгүйдээ л эхлэлийг нь тавих учиртай.

 

Засгийн газар ирэх оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оноос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөг, нийт зарлагыг 2019 оноос 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг   -2.1 их наяд буюу ДНБ-ий -5.1 хувь байхаар тооцсон. Үүнийг сөрөг хүчин Засгийн газар ирэх жилийн төсөл бүх хүчээ зарж, зарлагыг өндөр дүнтэй оруулж ирлээ гэж шүүмжилж байгаа. Аль ч үеийн ирэх баригчид бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд төсвийн зарлагыг өндөрсгөж,  халамжийн арга хэмжээнд мөнгө цацдаг нь үнэн. ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга бат барьж байгаа, хүүхдийн мөнгийг нэмэхдээ ч олон улсаас асууна, зарлагыг дур мэдэн нэмж болохгүй, тэр дундаа халамжийн шинжтэй арга хэмжээнд мөнгө төсөвлөх нь гэрээгээр хориотой гэдэг үгийг өнгөрсөн хугацаанд Засгийн газар, тэр дундаа Сангийн сайд тоть мэт давтаж ирсэн.

 

Харин ирэх оны төсвийг болосвруулахдаа дээрх үгээ буцаасан бололтой. Төсөв халамжийн арга хэмжээнүүдээс гадна бүтээн байгуулалтад зарцуулах хөрөнгө оруулалт өмнөх онуудаас өндөр дүнтэй тусгасан байгаа. Тухайлбал, улсын төсвийн төсөлд МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэж,  2012 оноос хойш нэмэгдүүлээгүй цэцэрлэгийн хүүхдийн хоол, дотуур байрны хоол, ЕБС-ийн Үдийн цай хөтөлбөрийн зардлыг 50 хувь нэмэгдүүлэх, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны хооронд төлж чадаагүй шимтгэлээ нэг удаа нөхөн төлж, 2020 оноос тэтгэвэр авах боломжтой бүрдүүлэх, зарим эхчүүдийн тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхээр 160 тэрбум төгрөгөөр нэмэх гээд нийгмийн халамжийн арга хэмжээнүүдийн урт жагсаалт төсвийн төсөлд хөвөрч байна. Түүнчлэн бүтээн байгуулалтаар “Шинэ сум” төсөлд 20 тэрбум, царцаагдсан нийт 23 төслийг шийдвэрлэхэд  22.8 тэрбум төгрөг тусгасан байсан.

 

Орон нутгийн  хөрөнгө оруулалтын төсвийн дүн гишүүдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэж байна. “Ганц тойрогтоо дөрвөн аймагт төсөв хамгийн бага хэмжээтэй тусгажээ. Тойргийн мандатаар биш, аймгийн хүн амынх нь тоогоор төсөвлөх хэрэгтэй” гэсэн шүүмжлэлийг гишүүд хэлж байв. Тухайлбал,  МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын нутаг болох Хэнтий аймагт 235 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бол зэргэлдээ  Дорнод, Сүхбаатарынх 30-35 тэрбум төгрөг тусгасан байна. “Энэ нь улс орны эдийн засгийн хөгжил, өсөлтийг тооцоолсон тооцоолол уу, Засгийн газар эдийн засгийн чиг хандлагыг харж чадахгүй байна. Яагаад Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Төв аймаг гэсэн газрууддаа хөрөнгө оруулалтыг хассан бэ” гэж сөрөг хүчин шүүмжлэлтэй хандаж байсан юм. Гэхдээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Аялал жуучлал Монгол Улсад том байр суурь эзлэх ёстой.  Эзэн Чингис гээд бид ярих дуртай. Аялал жуулчлалын бүс гээд сонгосон. Тэнд зам ч юм уу, бага сага хөрөнгө оруулалт тавихаар "илүү байна, гадуурхлаа" гэдэг чөтгөрийн сэтгэлгээгээсээ салах хэрэгтэй” хэмээн хир халдаахгүй, цээжээрээ хамгаалж байна лээ. Арга ч үгүй биз, ирэх сонгуулиар намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрсөн нутгаасаа нэр дэвшихээр бэлтгэлээ эртнээс хангаж, нөхөн сонгуулийн дуулианаар тойргоо услаад эхэлсэн.

 

Өнгөрсөн хугацаанд эдийн засаг цаасан дээр хөөсөрч, иргэдийн амьжиргааны түвшин дордсоор ирсэн. Эдийн засгийн өсөлтийг иргэдэд яаж мэдрүүлэх вэ гэсэн асуултын хариулт амьдралд хэрэгжээгүй. Эдийн засаг өсч, эрсдлээс гараагүй байгаа нь өнөөдөр Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох уу үгүй юу гэдэг дээрээ тулсан байгаагаас тодорхой харагдаж байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагын зүгээс өгсөн үүрэг, чиглэлийн биелэлтийг хангаж ажиллаагүй ирсний гор гарч, эдийн засгийн нэн эрсдэлтэй бүлэгт улсын нэр дурдагдаж байгаа. “Саарал жагсаалт”-д орсноор наанадаж гадаадын хөрөнгө оруулалт хаагдаж, зарим төсөл хөтөлбөрүүд зогсож, гадныхан Монголоос нүүр бууруулах нь эрсдэл үүснэ. Сангийн сайд нь ч эрсдэлтэй гэж чичирч байхад зарим албаны хүмүүс “саарал жагсаалт”-д орох нь асуудал биш гэж нүүрний хувирал мэдэгдэл хийж байгаа нь хачирхалтай.

 

Ийнхүү Монгол Улс эдийн засгийн эрсдэлтэй саарал орноор олон улсын анхааралд ороод байгаа энэ үед эрх баригчид ирэх оны төсвийг бийлэгжүү, бэлтэй төсөвлөсөн хэлэлцэж байна. Эрх баригчдын ажлыг иргэд бус олон улс урьдчилан дүгнээд байна. Ирэх он, ирэх жилүүдэд  эдийн засаг өсч, иргэдэд ээлээ өгөх болтугай.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ч. Хүрэлбаатар мэт нь төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зараад ширэн нүүрлэж байхад саарал жагсаалтаас яаж гарах вэ дээ.
2019-10-19
ОЛОН УЛСААС НААД МАНАНГАА НЯЦ ДАР ГЭЖ ШАХАЖ БГААН ЮМ БИШ ҮҮ
2019-10-18
сонгогч:
Хотын дарга болохоор Налайхаа услаад л. зарим нэг хоёр дарга болохоор аймгаа услаад л.
2019-10-18
Эрх баригч нарт сонгогдох л чухал болохоос энэ улс орон даанч нэг падгүй шүү дээ
2019-10-18