Каталони: Бүх нийтийн ажил хаялтын улмаас 50 нислэг цуцлагджээ
2019-10-18

Испанийн Iberia болон Vueling агаарын тээврийн компаниуд Каталонд баасан гаригт бүх нийтийн ажил хаялт зарлагдсантай холбоотойгоор 50 орчим нислэгээ цуцалжээ. 

 

"Риа новости" агентлагийн мэдээлснээр  Iberia компани Мадрид-Барселон чиглэлийн 12 нислэг цуцалсан бол Vueling компани 36 нислэг цуцалсан байна. Ийнхүү нислэг цуцлах болсноо "эсэргүүцлийн жагсаал дахин өрнөж байгаатай холбоотойгоор хүндрэлтэй асуудал үүсэхээс сэргийлсэн" хэмээн тайлбарлажээ.

 

Энд дуулгахад, Каталонийн таван хотоос Барселонаг чиглэн олон мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцохоор явж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Тэд Каталонийн нийслэлд бүх нийтийн ажил хаялтын өдөр буюу баасан гаригт цуглахаар төлөвлөсөн байна.

 

Эргэн сануулахад, Испанийн Дээд шүүх 2017 онд болсон Каталонийн тусгаар тогтнолын талаар хууль бус санал асуулга явуулсан хэрэгт хамааралтай Каталоны 12 улстөрчид ял оноох шийдвэр гаргасны дараа 10 дугаар сарын 14-нд Каталонид эсэргүүцлийн жагсаал өрнөж, авто болон төмөр замыг хаан, эмх замбараагүй байдал газар авсан юм. Испанийн шүүх тусгаар тогтнолын талаарх санал асуулгыг зохион байгуулсан улстөрчдөд 9-13 жилийн хорих ял оноосон бол гурван хүнийг торгуулиар шийтгэжээ.

 

Каталонийн олон хотод мөргөлдөөн гарсны улмаас 500 гаруй хүн бэртэж гэмтсэн бол 100 гаруй хүн баривчлагдсан байна. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин