Нийслэлийн “Хүрээ” амаржих газрыг Алтан гадас одонгоор шагналаа
2019-10-18

Нийслэлийн Хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тус байгууллагыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр болсон “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойн баярын хуралд оролцож, шагналыг гардуулан өгсөн юм.

 

“ХҮРЭЭ” АМАРЖИХ ГАЗРЫГ ШАГНАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

 

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх болон Монгол Улсын хүн амын хөгжилд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, асрагч, эмч, сувилагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Хүрээ” амаржих газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг тус байгууллагын туганд зүүж өгөв.

 

ҮҮНИЙХЭЭ ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:

 

 

“Эрхэм хүндэт эмч, сувилагч, асрагч нар аа,

Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа, зочид төлөөлөгчид өө,

 

Та бүхэнд хүн бүрийн сайн мэдэх ”Хоёрдугаар амаржих газар” буюу ”Хүрээ” амаржих газрын түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

 

1959 онд 1 эмчийн орон тоо, 8 ортойгоор байгуулагдсан багахан эмнэлэг өдгөө 200 орчим эмч, ажилчин, 120 гаруй ор, эмчилгээний 6 тасаг, 5 албатай, жилд дунджаар 5000 эхийг эсэн мэнд амаржуулж, эх барих, нярай, эмэгтэйчүүдийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг орчин үеийн цогцолбор эмнэлэг болжээ.

 

Монгол Улсын хүн амын тоо 3 сая 300 мянга орчим болж, 60 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өсөхөд тус амаржих газар 450,000 гаруй эхийг эсэн мэнд амаржуулж, жинтэй хувь нэмэр оруулсан нь тоймлон хэлбэл, Монгол Улсын одоогийн хүн амын 8 хүн тутмын 1, Улаанбаатар хотын 3 хүн тутмын 1 нь “Хоёрдугаар амаржих”-д төрсөн гэсэн үг юм.

 

Монгол хүнд хүйн холбоотой төрсөн газар, эх барьсан хүйн эжий хэмээх эрхэм ойлголт, нандин уламжлал байдаг. Монгол Улсын 8 хүн тутмын нэгийн, Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэгийн хүйн холбоотой газар, хүйн эжий энд байна.

 

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, энэ баярт өдөр Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасныг гардуулан өгсөндөө баяртай байна. Энэхүү шагнал нь эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн удирдлага, эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлд талархаж буй төрийн итгэл, хүндэтгэл билээ.

 

Цаашид Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эх, хүүхдийн эмнэлэгт шилжин, орчин үеийн тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, үйлчилгээний цар хүрээг улам өргөжүүлж, эх барихын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн ажиллах үйл хэрэгт нь амжилт хүсэж, Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Монголын үрс маш олон болох болтугай” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
Ичмээр юм:
Соц үеийн шагналаа болиочээ. Хүний хөдөлмөрийг үнэн бодитоор үнэлдэггүй үзэлсуртлын шагнал шт. Ичихэд яанаа. Төрийн удирдлагууд аль цаг үед яваад байнаа.
2019-10-19
Ой хийж одон тараадаг энэ солиорлоо болимоор юмаа. Хийж бүтээсэн улсууд л ийм юм хөөцөлддөг байхдаа
2019-10-19
байгууллагуудыг одон медалиар шагнадаг энэ улирсан баларсан юмаа больёо
2019-10-18