Австралийн агаарын тээврийн компани хамгийн урт, тасралтгүй нислэг үйлдлээ
2019-10-21

Австралийн Qantas агаарын тээврийн компани шинэ  Boeing 787-9 Dreamliner онгоцоор Нью-Йоркоос Сидней рүү 19 цагийн тасралтгүй нислэг үйлдсэн талаар The Guardian мэдээллээ. 

 

Түүхэн нислэг хэмээн нэрлэгдсэн энэ нислэг 16200 км зайг 19 цаг 16 минутын хугацаанд туулсан байна. Онгоцыг түлшээр бүрэн цэнэглэж, ачаагүй хөөргөсөн бөгөөд онгоцны бүхээгт ихэвчлэн агаарын тээврийн компанийн ажилтнуудаас бүрдсэн ердөө 50 хүн зорчин явжээ. Энэ нислэгийн зорилго нь урт хугацааны тасралтгүй нислэг нисэгч, хөлгийн багийнхан болон зорчигчдод хэрхэн нөлөөлдгийг судлах зорилготой байсан гэнэ. 

 

Туршилтанд сайн дураар оролцсон хүмүүс нислэгээс өмнөх хоёр долоо хоног болон нислэгийн дараа хоёр долоо хоног хэрхэн унтаж, хооллож байгаа талаараа тэмдэглэл хөтөлсөн байна. Хоёр ээлжийн нисэгчид ээлжлэн онгоц жолоодсон бөгөөд тэдний толгойнд тархины идэвхжилтийг бүртгэх мэдрэгч бүхий аппарат зүүлгэсэн байжээ. Энэ аппаратын тусламжтайгаар авсан мэдээллүүдийг цагийн бүс өөрчлөгдснөөс үүдэх синдромыг хөнгөвчлөхөд ашиглах юм байна.

 

Туршилтын нислэгийн зорчигчийн бүрэлдэхүүнд Qantas агаарын тээврийн компанийн Алан Жойс багтсан бөгөөд тэрбээр онгоц газардах үед түлшний хэмжээ дахин 70 минутын нислэгт хүрэлцэхээр байсан гэдгийг онцолжээ. 

 

Qantas агаарын тээврийн компани дээрх нислэгээс гадна Лондон хотоос Сидней рүү тасралтгүй нислэг үйлдэх туршилт хийн, туршилт амжилттай болвол энэ чиглэлийн нислэгийг хуваарьтаа оруулахаар төлөвлөж байгаа юм байна. 2022 оны сүүл, 2023 оны эхээр төлөвлөж буй энэ нислэг дэлхийн хамгийн урт арилжааны нислэг болох юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин