Владимир Путин: Африктай хамтран ажиллахын төлөөх өрсөлдөөнд Орос бэлэн
2019-10-22

 


 

Аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Оросын Сочи хотноо Орос-Африкийн дээд хэмжээний уулзалт, эдийн засгийн форум болно. Энэ арга хэмжээний хүрээнд ТАСС агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай ярилцсаныг товчлон хүргэж байна. 


— Сочигийн дээд хэмжээний уулзалт ОХУ болон Африкийн орнуудын хоорондын харилцаанд шинэ чиглэл үүсгэх зорилготой. Дээд хэмжээний уулзалтын оролцогчид хамтын ажиллагааны шинэ санаануудтай ирнэ. Харин Орос улс Африк тивд юу санал болгох вэ? Орос улсын өрсөлдөх гол давуу тал нь юу болох вэ? 


— Орос болон Африкийн орнуудыг уламжлалт найрсаг харилцаа холбодог. Манай улс колончлол, арьс өнгөрөө ялгаварлахын эсрэг Африкийн ард түмний тэмцэлд дэмжлэг үзүүлэн энэ тивд ихээхэн тус нэмэр болсон. Зөвлөлт, Оросын мэргэжилтнүүд Африкийн орнуудад дэд бүтцийн чухал объектууд, усан цахилгаан станц, аж үйлдвэрүүдийг барьсны дээр олон мянган африк хүн манай их дээд сургуулиудад чанартай боловсрол эзэмшсэн. Африкийн орнуудын өнөөгийн тэргүүнүүд энэ талаар санаж, бидний дэмжлэгийг өндрөөр үнэлдэг. 


Өнөөдөр Африкийн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх нь Оросын гадаад бодлогын зорилтуудад багтсан. Тун удахгүй бид чухал үйл явдал буюу Сочид болох дээд хэмжээний уулзалтын гэрч болно.  Энэ нь Африкийн орнуудын төрийн тэргүүнүүд болон бүс нутгийн нэгдлүүдийн удирдлагууд уригдсан анхны дээд хэмжээний уулзалт болох юм. Ийм арга хэмжээ зохион байгуулах санаа эрт гарсан ч дээд хэмжээний уулзалт нь шударга түншийн харилцаа тогтоох эхлэлийн цэг байхын тулд ихээхэн цаг хугацаа, бэлтгэл ажил шаардагдсан. 


Дээд хэмжээний уулзалт ажмилттай болно гэдэгт итгэлтэй байна. Орос улс олон улсын хамтаар Африкт олон талт дэмжлэг тэр дундаа бүс нутгийг өрийн дарамтаас гаргах тал дээр дэмжлэг үзүүлнэ. Халдварт өвчний тархалттай тэмцэх, байгалийн гамшгийн хор уршгийг даван туулах, өнөөгийн сөргөлдөөнийг зохицуулах, шинээр хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэхэд туслана.  Мөн Оросын их дээд сургуулиудад үнэ төлбөргүй болон төлбөртэйгээр Африкийн боловсон хүчнүүдийг сургаж, батлан хамгаалах болон эрүүл мэндийн байгууллагуудын шугамаар хамтын ажиллагаа тогтооно. 


Африкт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээний тухайд гэвэл ойрын таван жилд дорвитой хөрөнгө оруулах бөгөөд олон тэрбум долларын өртөгтэй, Оросын оролцоотой хөрөнгө оруулалтын төслүүд бэлтгэл, хэрэгжих шатандаа явж байна.


—Өнөөгийн ертөнц ихээхэн өрсөлдөөнөөрөө ялгардаг. Африк тивд Орос улс Хятад, АНУ зэрэг орнуудтай өрсөлдөхөд бэлэн үү?  Энэ тивтэй хамтран ажилласнаар худалдааны дайн эсвэл Оросын эсрэг шударга бус өрсөлдөөн гарах эрсдэл бий юу?


— Өнөөдөр Африкийн орнуудтай зөвхөн АНУ, БНХАУ төдийгүй Энээтхэг, Турк, Персийн булангийн орнууд, Өмнөд Солонгос, Израиль, Бразиль улсууд хамтран ажиллах ашиг сонирхолтой байна. Энэ нь санаандгүй хэрэг биш. Африк улам бүр “нөөц боломж”-ийн тив болж байна.  Энэ тив асар их нөөц, эдийн засгийн боломжуудтай. Дэд бүтцийнх нь хэрэгцээ өсч, хүн ам нь эрчимтэй нэмэгдэж, хэрэглээ нь нэмэгдсээр байна. Эндээс дотоодын зах зээл болон хэрэглээний цар хүрээ өргөжинө.  Хөрөнгө оруулалтын ирээдүй нээгдсэн, ашиг олж болохуйц газарт ширүүхэн өрсөлдөөн үүсдэг. Барууны зарим орнууд Африкийн тусгаар тогтносон орнуудын засгийн газрыг дарамтлах, айлгах, сүрдүүлэх арга хэрэглэж байгааг бид харж байна. 


Бид энэ бүхнийг тооцоолсон, мөн энэ тивийн баялгийг шавхахад биш харин Африктай хамтран ажиллахын төлөөх өрсөлдөөнд бэлэн. Хамгийн гол нь энэ тив соёл иргэншсэн бүс нутаг байж зөв гольдрилоороо хөгжих нь чухал. 


Мэдээж бид Африкийн түншүүдтэйгээ хамтран эдийн засгийн нийтлэг ашиг сонирхлоо хөгжүүлж, нэг талт хориг арга хэмжээнээс хамгаалж, долларын хувийг багасган, дундын тооцоондоо бусад валют ашиглах зэргээр хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. 


— Зөвлөлтийн үед Африкийн орнуудтай хамтран ажиллахдаа ихэвчлэн зээл олгодог байлаа. Энэ бодлого зөвдсөн үү? Орос улс Африкийн орнуудад зээл олгох практикийг үргэлжлүүлэх үү? 


— Зөвлөлтийн үеийн энэ арга Африкийн орнуудын төрт ёс тогтох үед ихээхэн үр дүнтэй байсан. бид өнөөдөр ч Африкийн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэвээр байна. Гэхдээ өмнө нь энэ шийдвэр улс төрийн үүднээс гардаг байсан бол одоо хүмүүнлэгийн хэлбэрээр хөрөнгө олгогдож байна. 


Зөвлөлтийн үеийн дараа, 20 дугаар зууны төгсгөлд Орос улс Африкийн орнуудын 20 тэрбум ам.долларын өрийг цайруулсан. Тухайн үед Африкийн орнуудын ихэнх нь энэ зээлийн хүүг төлөх чадваргүй байсан тул бид хамтын ажиллагаагаа шинэ хуудаснаас эхлүүлэхийн тулд ийм алхам хийсэн. 


Орос улс НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Олон улсын иргэний хамгааллын газруудаар дамжуулан Хфрикийн орнуудад ихээхэн тусламж дэмжлэг үзүүлдэг гэдгийг сануулах нь зүйтэй. 


— Өмнө нь Москва Африкийн орнуудтай хамтран ажиллах нэг хэлбэр нь цэрэг техникийн хамтын ажиллагаа байлаа. Энэ салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөө бий юу?


— Үнэхээр манай цэрэг техникийн хамтын ажиллагааны уламжлал урт удаан түүхтэй. Энэ хамтын ажиллагаа Африкийн орнууд төлөвших үеэс эхлэлтэй бөгөөд энэ тивийн ард түмний тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд үүргээ гүйцэтгэсэн. 


Өдгөө Африкийн 30 гаруй оронтой цэрэг-техникийн хамтын ажиллагаатай байгаа бөгөөд бид зэвсэг, техник нийлүүлдэг. Мэдээж энэ тусламжийн зарим хэсэг нь буцалтгүй тусламж байдаг. Цэрэг техникийн түншлэл эрчимтэй хөгжиж байгаагийн дээр тусгаар тогтнолоо хамгаалах, тэр дундаа алан хядагч бүлэглэлүүдээс өөрсдийгөө хамгаалж чаддаг байх ёстой гэдгээ ойлгосон Африкийн орнуудаас энэ төрлийн хамтын ажиллагааны саналыг тавьдаг.

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин