Ё.Баатарбилэг: Хувийн их, дээд сургуулиуд байшин барилгатай л зууралдаад байна

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Дээд боловсролын үр, өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн арга замын талаар хэлэлцлээ. 800 мянган ам.долларын өртөг бүхий дээд боловсролын шинэчлэлийн төсөл хэрэгжиж байгаа аж. Энэ төслөөр Судалгааны их сургууль байгуулах талаар судалсан байна. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулж, оролцогчид байр сууриа хэлсэн юм.
“Бид хурдтай хөгжлийг дагасан мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхийн тулд тогтолцоогоо өөрчлөх шаардлагатай. Судалгааны их сургуулийн төсөл хэрэгжсэний дараа 30 сая ам.доллараар санхүүжүүлж байгуулах боломжтойг АХБ хэлж байна. Найман их сургуулийг нэгтгэж Судалгааны их сургууль байгуулснаар багш, оюутнуудад өргөн хүрээнд боловсрол олгох боломжийг бүрдүүлнэ. Том малгайн дор, том асуудлаа цэгцэлж чадна гэж бодож байна гэж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол онцолсон бол УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Бид төрмөл авьяасыг дэмжих үү, таримал авьяасыг дэмжих үү гэдэг асуудал тулаад байна. Дээд боловсролыг цааш нь хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн байр сууриа хэллээ.
“Ер нь манай их сургуулиуд барилгын компани болсон байна. Нэг оюутанд 3.7 ам.метр оногдож байна. Нэг оюутанд оногддог дэлхийн хэмжээтэй дүйж байна. Нөгөө талаасаа олон давхацсан орон тоо, данхайсан бүтцээ цэгцлэх хэрэгтэй байна. Шинэ санаа гаргаж ирж байгаа залуучууд байна. Орчин үеийн технологийг дээш нь гаргаж ирж байгаа залуусаа дэмжих хэрэгтэй. Шинэ мэргэжилтэн бэлтгэх чиглэлд манай сургуулиуд бодох цаг болсон гэдгийг эрдэмтэн, судлаачид шүүмжилж байлаа. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:
-Судалгааны их сургууль байгуулах асуудлаар анхаарч байна. Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдсан. Өнөөдрийн тухайд манай дээд боловсролын түвшин боломжийн түвшинд явж байгаа. Эрүүл мэнд, анагаах ухааны салбарын бүтээлүүд, энэ чиглэлийн мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Хэд хэдэн салбарууд дэлхийн тэргүүлэх судалгааны түвшинд очсон. Гэхдээ бүгдээрээ тийм биш. Байгалийн ухааны чиглэлийн судалгаа шинжилгээний ажлууд, сургалтын хөтөлбөрт дутагдалтай. Өнөөдөр дээд сургуулиуд олон улсын түвшинд хүрэхэд ямар асуудал байна. Бид дээд сургуульд юу зааж байна.
Их, дээд сургуулиудад юу зааж байна вэ? Багш нарыг юу сургаж байна. Гуравдугаар курс хүртлээ дүн нь тааруу байсан оюутнууд яагаад дөрөвдүгээр курстаа улаан дипломтой төгсөөд байгаа юм. Аттестатчилал явуулна шүү. Улсын их, дээд сургуулийн оюутнууд голч дүн дундуур байхад хувийн их, дээд сургуулийн оюутнууд Оюутны зээлд хамрагдахаар өчнөөнөөр хандаж байна. Бид маш бага өртгөөр сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Нэг хэсэг нь маш бага өртгөөр боловсрол авах гээд байна. Тиймээс бид Судалгааны их сургуулийг гаргаж ирж байна. Бид үүн руу орохоос өөр аргагүй болж байна. Монголын ирээдүй болсон эздийг бэлдэж байгаа гэдгээ бодож байна уу. Тэрүүхэн тэндээ байшин барилгатай зууралдаад суугаад байна. Хөтөлбөрөө сайжруулъя гэж бодохгүй байна. Элсэлтийн шалгалт болохоор босго оноогоо бууруулаад өгөөч гээд орж ирнэ. Ирэх жилүүдэд ийм асуудал байхгүй болно. Одоо бүгдээрээ амьтны үрсийг боловсролоор нь тоглохгүй. Малчид хамаг зүйлээ бараад хүүхдээ их, дээд сургуульд явуулж байна. Одоо нэмж сургуулиудыг магадлан итгэмжлэхгүй. Агуулга, хөтөлбөр батлах талаасаа хүнд сурталтай болгож магадгүй. Агуулга, хөтөлбөрийн томоохон өөрчлөлт рүү, төр, хувийн их, дээд сургууль руу орж, чиглэл болох хэрэгтэй хэмээлээ.
Ийнхүү хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ