Хөшөө баригсад
2019-10-22

 

 

Нэгэн цагт сайхан байсан зүйлээс одоо мануухай шиг араг яс л үлджээ. Гэсэн ч хүмүүст өөд харан, муухай, ноорхой хувцасных нь цаана байгаа инээж буй гавлыг харах зориг алга байна. Энэ араг яс бол социализм юм. Тавин жилийн өмнө социализм бол хүмүүсийн сайн сайхны төлөө чиглэсэн улс төрийн өгөөмөр онол гэсэн үзэл өргөн дэлгэр байсан. Өнөөдөр харин энэ үзлийг гэнэхэн алдаа гэж үзэхээ больжээ. Дэлхийн бөмбөрцгийн бүхий л тив дээр социализмыг туршиж үзсэн. Хүрсэн үр дүнг нь хараад, одоо социализмыг шүүмжлэх цаг болжээ. Социализмын хамгийн гол мөн чанар нь хүний хувийн өмчийг үгүйсгэдэг байдал. Социализмын үед өмч хувь хүнийх биш харин нийгмийнх болон хувирдаг. Улсынх, хамтралынх.

 

Социализмыг хүчээр байгуулж болно. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улс шиг. Аль эсвэл сонгуулиар ч байгуулж болно. Нацист Герман шиг. (Национал социалистууд) Социализжуулсан байдал нь (эв хамтын ёс хэр бүрэн хэрэгжсэн нь) янз бүр. Орост бүрэн хэрэгжсэн бол Англид хагас дутуу. Онолын хувьд эдгээр нь төдий л ялгаатай биш ба практик дээр хэр бүрэн хэрэгжих нь гагцхүү цаг хугацааны л асуудал. Суурь зарчмууд нь аль ч оронд нь адилхан байна. Социализм: ядуурлыг устгана, бүх нийтийн сайн сайхан байдлыг бий болгоно, хөгжил дэвшил авчирна, энх тайван тогтооно, ах дүүгийн ган бат нөхөрлөл хөгжүүлнэ гэж гоё амладаг. Үр дүн нь харин: аймшигт бүтэлгүйтэл. Аймшигт гэдэг нь, хүний үнэ цэнийн үүднээс хэлсэн үг юм шүү дээ. Хөгжил дэвшил авчрахын оронд социализм эдийн засгийг саармагжуулж, бараг хэрэгжүүлсэн улс орон бүхнээ нураан сүйрүүлсэн. Хэдий чинээ бүрэн социализжина төдий чинээ их сүйрч байлаа. Хэр хэмжээ нь газар бүр өөр өөр.

 

Англи орон нэгэн цагт Европын хамгийн эрх чөлөөтэй, бардам үндэстэн байсан. Одоо тэгтэл эдийн засгийнхаа хамгийн сайн цус нь болох дунд давхаргынхан, мэргэжилтнүүдээ алдаж байна. Хамгийн ур чадвартай, бүтээлч, эрх чөлөөт хүмүүс нь мянга мянгаараа Канад, АНУ руу эрх чөлөө хайн дүрвэж байна. Тэд дундаж байдлын ноёрхол, ядуу амьдралаас зугтан дүрвэж байна. Нутагт нь хоригдон үлдсэнчүүд үхсэнээс Улаан байсан нь дээр хэмээн ярьж байна. Илүү социалистжсан ЗХУ, улаан Хятад, Куба зэрэг орнуудад социализм өлсгөлөн, үхлээр эхэлцгээсэн. Дараа нь цэрэгжин, цэргийн цолоор нийгмийн зиндаа хэмжигддэг болов. Эдгээр орны хүн ардыг социализм үгээр хэлэхийн аргагүй, дундад зууны үеийнх шиг ядуурал, бичиг үсэггүй байдалд оруулсан бөгөөд дөнгөж гол зогоох түвшинд амьдруулсан.

 

"Зүгээр, энэ зүгээр л түр зуурын шат" хэмээн социализмыг өмгөөлөгчид бүтэн хагас зууны турш тайлбарлаж байна. Улсын төвлөрсөн төлөвлөгөө эхлээд дөчин таван жил болж байгаа хэр нь Орос орон одоо хүртэл хүн амаа гүйцэд хооллож чадахгүй, өлбөрүүлчихгүйхэн шиг л байлгах гэж хичээж байна. Эдийн засгийн дэвшил, бүтээмжийн үүднээсээ хэн нь илүү байгааг хүн Баруун Герман, Зүүн Германы ялгааг хараад л хэлчхэж болохоор болжээ. Энх тайван авчрахын оронд социализм шинэ төрлийн аймшигт галзуурал руу олон улсын харилцааг хөтөлсөн. "Хүйтэн дайн руу". Энэ дайны үеэр Орос үе үе гэнэт довтлон урагшилсаар өдгөө дэлхийн бөмбөрцгийн гуравны нэгийг социалист далбаан дороо оруулсан ч тэдгээр социалистууд нь бие биеийнхээ хоолой дээр хутга тавьсаар, социалист Энэтхэг коммунист Хятадтай байлдсан.

 

Манай эрин үе ёс суртахууны хувьд ямар их ялзран доройтсоны хамгийн тод илрэл нь социалистууд болон тэдэнд дурлагсад болох "либералистууд". Тэд социалист орнууд дахь хүчирхийлэл, айдас хүйдэс дүүрэн амьдралыг хэвийн зүйл мэтээр хүлээн авах мөртөө "хүн төрөлхтөн ахан дүүс" хэмээн ярьж байна. 1930-аад онд социалистууд Германы нацистуудыг эсэргүүцэн жагсаж байсан. Гэвч тэд зарчмын үүднээс эсэргүүцээгүй, зүгээр л газар нутгаа булаалдсан гангстеруудын бүлэглэл шиг л эсэргүүцэж байжээ. "Хүн төрөлхтний" нэрийг барин социалистууд бүх эрх чөлөө, хүний эрхийг хасаж, өмчийг хураан авч, шүүх хуралгүйгээр цаазалж, хорьж, боолын хөдөлмөр хийлгэж, сая сая Оросуудыг хядсан. Зүүн Германы гудамжнуудад жаахан хүүхдүүдийн суманд сийчүүлсэн цогцсууд хэвтэж байлаа. Социалист зүүн Европоос дүрвэн дайжих гэж, пулемётын овоо хараан дор өргөст торны дээгүүр давах гэж оролдож байсан хэдэн зуун мянган хүний хэн нь ч социализм хүний сайн сайхны төлөө сайхан зүйл  гэдэгт итгэхээ больсон байлаа. Тийм их аймшигт зүйлсийг харсан ямар ч өрөвч, нинжин хүмүүс социализмд итгэх итгэлээ алдаж байв.

 

Социализм бол ард түмний хөдөлгөөн биш. Харин сэхээтнүүдийн санаачилсан, сэхээтнүүдийн удирдсан, сэхээтнүүдийн хяналтан дор явагдсан хөдөлгөөн бөгөөд эд өндөр хэрмэн дээрээсээ энэ туршилтуудаа явуулсан. Тэдгээр сэхээтнүүдийн тэмүүлэл юу байсан юм бол? Эрх мэдэл. Эрх мэдэлд шунан тэмүүлэх тэмүүлэл бол арчаагүй, өөрийгөө үзэн яддаг, хүртэх эрхгүй мөртлөө авах гэсэн хүнд л байдаг зүйл юм. Эрх мэдэлтэй болох зүйл хийгээгүй байж үүнд тэмүүлдэг хүмүүст хоёр онцлог байдаг. Авах ёсгүй зүйлээ материаллаг байдлаар авсан байдал, оюун санааны байдлаар авсан байдал. Оюун санаа гэдгээр би ухамсрыг хэлж байгаа юм. Энэ хоёр тал хоорондоо уялдаатай ч хүн ихэнхдээ үүний аль нэг рүү нь л хазайдаг. Авах ёсгүй зүйлээ авах гэсэн ухамсар илүү хорлонтой нь. Энэ бол чадахгүй байж агуу гэж тооцогдох гэсэн хүсэл юм. Үүнийг "нэр төр" хэмээх хоёрдмол утгатай үгээр илэрхийлдэг. Харин хүртэх эрхгүй мөртлөө эд баялагт хүрсэн хүмүүст элдэв санхүүгийн паразитууд, тонуулчид, гэмт хэрэгтнүүд багтдаг. Эд хүн төрөлхтөнд аюул учруулахааргүй цөөхөн, ухаан санааны хувьд тахир дутуу ч социалист нийгэмд эд хуульчлагдан дархлагдаж, асар их хүртэх ёсгүй зүйлсээ хүртдэг.

 

Агуу биш байж агуу байх гэсэн шунал бол дэндүү гаж санаа тул ийм зүйлийг хүсэж байгаа адгийн амьтан хүртэл өөрөө чухам юу хүсэж байгаагаа мэддэггүй. Энэхүү эрх мэдэлд шунасан шуналдаа хүрэхэд нь түүнд бүхнийг олон түмний төлөө, та нарын төлөө хийж байна гэсэн ерөнхий, тодорхой барьцгүй лоозон хэрэг болдог юм. "Олон нийт", "нийгмийн ашиг сонирхол", "нийгмийн төлөө үйлчилгээ" энэ бүхэн нь эрх мэдэлд шунасан шуналтнуудын бусдыг гипноздохдоо ашигладаг багаж нь.

 

Олон нийт хэмээх яг тодорхой нэг зүйл байхгүй, энэ зүгээр л бөөн хувь хүмүүс тул "олон нийтийн" төлөө гэсэн ямар ч зүйл хувь хүмүүсийн ашиг сонирхолтой зөрчилдөн, бусдыг золиосолно. Ийм барьцгүй учраас ийм гэмт бүлэглэлийнхэн юуг ч "Олон нийтийн төлөө" хэмээн тайлбарлаж, өөрсдийгөө "Бид бол олон нийт" хэмээн тунхаглангаа бусдад буу тулгах боломжтой байдаг. Хэн ч ийм санаархлаа буугүйгээр, хүч хэрэглэлгүйгээр хэрэгжүүлж чадахгүй. Ингэж л өөрсдийгөө сурталчлан таниулахгүй бол дээрэмчид гэмт хэргийн далд ертөнцдөө л орших ба төрийн толгойд гартлаа томорч чадахгүй. "Бид бол олон нийт" хэмээн хэлэх түвшинд хүрэх хоёр арга байдаг. Эхнийх нь төрөөс хуваарилсан мөнгө, хөрөнгийг олон нийтийн нэрийн өмнөөс халаасалдаг паразит болох. Нөгөөх нь супер удирдагч, паразит болох.  Энэ хоёрын эхний паразит нь ёс суртахууны хувьд арай цэвэрхэн гэх юм уу даа. Ядаж л тэр олсон олзоо хэрэглэдэг юм. Харин нөгөөх, удирдагч паразит нь "нэр төр", "зиндаанаас" таашаал авдаг. (бусдыг түрэмгийлэн, хүчирхийлж байгаагаасаа) Түүний хийдэг зүйлсээс хамгийн утга учиргүй нь: хөшөө босгох.

 

Хүн рациональ зорилгод тэмүүлж, түүндээ хүрэх замаар агуу болдог. Харин галзуурлын оргилд гагцхүү хөшөө дурсгал байгуулах замаар хүрдэг. Хөшөө дурсгал түүний боолын хөдөлмөр хийж хамгаа дээрэмдүүлсэн олон нийтэд өгч буй өгөөмөр хариу ажээ. Бүгд тэрхүү хөшөөг хардаг ч хэн ч баярладаггүй. Энэ л дарангуйлагчийн "зиндаархах" хэнээгээ тайтгаруулах ганц арга зам юм. Зиндаархал гэнэ ээ? Хэнд? Бүгдэд. Тарчилсан хүмүүс, вант улсынх нь гудамжин дахь гуйлгачид, ордон дахь гутлыг нь долоогчдод, гадаадын омгууд, гадаад омгуудын удирдагчдад. Үе үеийн, цус нь урссан хүмүүсийн өмнө зиндаархаж буй байдал.

 

Библийн тухай кино, төр засгийн сүрлэг байшингуудын утга учир нь пирамидынхтай адилхан. Үй түмэн өлсгөлөн, ноорхой, ядарсан хүмүүс эцсийн хүчээ гарган асар том бул чулуунуудыг өргөж, татаж, яг л мал шиг зүтгэн дээш нь гаргана. Ингэх зуураа ажил дээрээ, элсэн цөлд үхэцгээх бөгөөд энэ бүхнийг нас барсан талийгаач Фараон хойч үеийнхнийхээ нүдэнд өндөр зиндаатай харагдуулах гэж хийнэ. Эзэн хаад нь колизейг бариулж байх зуур төрийн хяналт, татварын хүнд суртлаасаа болоод Ромын эзэнт гүрэн мөхсөн. Францын XIV Луй хаан ард түмнээ үгээгүй болтол нь татвараар дарангаа Версалийн ордныг бариулж байлаа. Үе тэнгийнхээ хаадыг атаархуулах гэж, хожмын үеийн жуулчдыг ангайлгахаар. Оросын ард түмэн "сайн дураараа" цалингүй ажиллан Москвагийн гантик метрог байгуулсан. Зөвлөлтийн элчин сайдын яамнууд дээр баатар Цагаан хааны үеийнх шиг тансаг шампань дарс, хар түрс бүхий хүлээн авалт зохион байгуулж байхад ард түмэн нь хүнсний талоноороо хоол авах гээд дугаарлан зогсож  байна. Энэ бүхнийг Зөвлөлтийн нэр хүндийн төлөө.

 

АНУ-ын нэг гол онцлог нь саяхныг хүртэл сүрлэг хөшөө дурсгал нэг их бариагүй байдал. Хөшөө дурсгалгүй юм биш ээ. Хөшөөнүүд бий. Гэхдээ тэдгээр нь "зиндаархлын" зориулалттай биш харин бодит хэрэгцээ хангах буюу түүхэн ач холбогдолтой газар байгуулсан байдаг. Тусгаар тогтнолын заал ямар даруухан гэдгийг чи харсан бол уг заал тэр бүх пирамид барьдаг "олон нийтийн төлөө" хэмээх яриатай зиндаархал руу тэмүүлсэн хүмүүсийн барьсан зүйлээс ямар өөрийг анзаарах байсан.  Америкчууд хөшөө дурсгал барихад нэг их мөнгө зарцуулдаг хүмүүс биш. Оронд нь мөнгөө иргэдийнхээ амь, амьдрал, сайн сайхны төлөө зарцуулдаг. Америкийн агуу нь хөшөө, барилгууд нь улсынх биш байдагт оршдог.   

 

Нью-Йоркийн тэнгэрт тулам өндөр байшингууд ямар ч орд харш, пирамидаас илүү сүрлэг, агуу. Гэсэн ч Америкийн тэнгэр баганадсан барилгуудыг улсын хөрөнгөөр, нийгэмд зориулан бариагүй. Хувийн хөрөнгөөр, хувийн ашгийн төлөө барьсан юм. Эдгээр барилгууд ард түмнийг ядууруулахын оронд өндөр болох тусам нь хүмүүсийн амьжиргаа сайжирч, нэмэгдэж байдаг. Хамгийн ядуус нь хүртэл Египетийн боолууд, өнөөгийн Зөвлөлтийн коммунист ажилчдаас хамаагүй дээр амьдардаг.

 

Капитализм, социализм хоёр онолын хувьд ч, бодит амьдрал дээр ч ийм ялгаатай байна.

 

Москвад ганц өндөр барилга барихад, аль эсвэл үйлдвэр, уурхай, далан барихын тулд ямар их хүн зүдэрч, зовж, амь амьдрал нь доройтсоныг хэлэх юм биш. Дөчин таван жил гэдэг бол хангалттай удаан хугацаа. Бүхэл бүтэн хоёр үеийнхэн. Энэ хоёр үеийнхнээс хэд нь тэсвэрлэхийн аргагүй ядуу зүдүү амьдарсныг бид мэдэхгүй. Өнөөдөр социализмыг сурталчилж буй хүмүүсийн хэд нь энэ аймшигт баримтыг нүдээ анин өнгөрүүлж байгааг харин бид мэднэ.  Ямар ч санаатай байлаа гэсэн нийгмийн сайн сайхны төлөө хэмээх социалистуудын тайлбар одоо хэдийн үнэмшилгүй болжээ.

 

Социализмын үзэл санаа манай сэхээтнүүд, соёлтнуудын дунд оршсоор байна. Тэд биднээс ямар олон тодорхойгүй зорилгын төлөө өөрсдийгөө золиослох талаар асуудаг гэж санана. Тэд ямар олон удаа "олон нийтийн төлөө" гэсэн зүйл гаргаж тавьдаг гээч. Олон улсын нэр төрийн төлөө ямар олон аймшигт бодлогуудыг гаргаж тавьж байлаа. Саяхан Кубын пуужингийн хямралын үеэр манай дипломат судлаачид социалист удирдагчдын хувьд "нэр хүндтэй" харагдах, "зиндаатай" харагдах явдал их чухал байдаг юм байна гэдгийг ойлгосон.

 

Социализм зарчмын хувьд ч, бодит байдал дээрээ ч огтхон ч ялгаагүй. Социализм гэдэг бол ердөө л абсолют дарангуй засаглалын ардчилсан хэлбэр нь юм. Тодорхой төрийн тэргүүнгүй абсолют системд янз бүрийн хүмүүс, танхайчууд ээлж дараагаар төр барьдаг.

 

Социализмаас өөр зүйл хүлээх хэрэггүй. Хүний эрх ямар ч тохиолдолд өмчийн эрхтэй зөрчилдөхгүй. Өмч байхгүй бол ямар ч хүний эрх байхгүй. Эд баялгийг хүн биеийн болон оюуны хөдөлмөрөөрөө бүтээдэг ба үүгээр амь амьдралаа дээшлүүлдэг. Хэрэв баялаг бүтээгч өөрийн бүтээсэн баялгийнхаа эзэн нь байхгүй юм бол өөрөө өөрийнхөө амь амьдралыг мэдэхгүй байна гэсэн үг. Хүнээс өмчийг нь булаан авснаар хүн өөрөө төрийн мэдлийн, төрийн өмч болж байна гэсэн үг. Тийм тохиолдолд "эд материалыг" өмчлөх, түгээн хуваарилах эрх мэдэлд хүрсэн хэн ч болов бусдын амь амьдралыг шийдэх эрх мэдэлтэй болдог.

 

Социализм дэлхий ертөнцийг хэрхэн сүйрүүлж, цусан далайд живүүлж, сая сая хүний аминд хүрснийг харвал социализм ямар ч байсан хүн төрөлхтний төлөө гэх сайн зүйл биш, харин өөрийгөө "алдаршуулан" өөрөө өөртөө хөшөө босгох гэсэн, пирамид босгох гэсэн хүмүүсийн хий хоосон тэмүүлэл ажээ. Тэдний тэмүүлэл нь улсын үйлдвэр, улсын театр, улсын цэцэрлэгт хүрээлэн. Энэ бүхнийгээ тэд хүмүүсийн цогцсон дээр барьдаг бөгөөд баригдсан бүхний дээр удирдагчийн хөшөө оршдог. Удирдагчийн хөшөө нь цээжээ дэлдэн, надаас өөр "өндөр" зүйл байхгүй хэмээн ямар ч одгүй тэнгэр өөд хашхирч байна.

 

Айн Рэнд

(1962 оны 12 дугаар сар)

 

Shuud.mn
Сонин хачин
ganbold:
nuhen jorlohgooso salaagui bj hushuu barih yum
2020-08-12
Antiliborali:
Ene an redes gegch urwagchin ymig nirlehen l bolichih
2020-08-12
поо аль 1962 онд комунизм нуран унах тавилантайг харсан юм шиг бичсэн бна Гайхалтай .
2019-10-23
Муунохой:
Уг нь язгуур монгол хүн өмдөн доогуур байтугаа хэцэн доогуур гарахаас цэрвэх нь бий Гэвч хааны"халдага"-аар гарч үзэх гээд мөнгөө бариад өдөрт хэдэн зууугаараа мөнгөө бариад гүйлдэж байна Хөшөө юм даа Их хаан юм даа яалтай билээ
2019-10-22