Дөрвөн центээс үүдэлтэй эсэргүүцэл
2019-10-23

 

Саяхныг хүртэл тооцогдож байсан Өмнөд Америкийн хамгийн тайван орнуудын нэгт тооцогдож байсан Чили улс олныг хамарсан жагсаал, эмх замбараагүй байдлын хөлд нэрвэгдэв. Эсэргүүцлийн шалтгаан нь метроны тасалбарын үнэ нэмэх шийдвэр. Энэ улсад гарсан эмх замбараагүй байдал, мөргөлдөөний улмаас 13 хүн амиа алдаж, 1500 орчим хүн шархдаж, Чилид онц байдал тогтоосон бол нийслэл Сантьяго хотодп хөл хорих цаг тогтоожээ. 

 

Эхлэл 

 

Метроны тасалбарыг зорчих урсгалын ачааллыг жигд хуваарилах үүднээс оргил цагаар  800 песогоос 830 песо болгон нэмсэн 10 дугаар сарын зургааны өдрөөс бүх зүйл эхэлжээ. Анхандаа эсэргүүцэл тайван замаар явагдаж, хүмүүс Сантьяго хотын гудамжаар сав суулга нүдэн эсэргүүцлээ илэрхийлж байв. 

 

Гэвч аажмаар жагсаал жинхэнэ үймээн болон хувирсан юм. Аравдугаар сарын 19-ний шөнө эсэргүүцэгчид ENEL компанийн барилга, банкны салбарыг галдан шатааж, Сантьяго хотын хаа сайгүй саад босгожээ. Улмаар эсэргүүцэгчид болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн гарч, хууль сахиулагчид усан буу, нулимс асгаруулах хий ашигласан байна. 

 

Нөхцөл байдал хүндэрсний улмаас тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пиньера зургаан хотод онц байдал, нийслэлд хөл хорих цаг тогтоожээ. 

 

Сантьяго хотод бараг бүхий л нийтийн тээвэр зогссон бол олон улсын нислэгүүд цуцлагдаж, заримыг нь хойшлуулсан байна. 

 

Чиличүүд яагаад тэсрэв? 

 

Чилид гэнэт ийм тэсрэлт үүссэн нь энгийн иргэдийг бүсээ чангалахаас аргагүйд хүргэж байгаа эдийн засагтай холбоотой гэж Чилийн алдартай сэтгэл судлаач, академич Катя Араужьо ВВС агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

Түүний өгүүлснээр эсэргүүцэл үүсэх сэдэл энэ улсад хэдийнэ бий болсон бөгөөд Сантьяго хот "баячууд" болон "энгийн ажилчид"--ын хоорондын ялгаа, нийгмийн тэгш бус байдлын билэг тэмдэг болсон гэнэ.

 

Гурван жилийн өмнө тэрбээр судалгаа явуулан, метроны талаар иргэдийн саналыг судалжээ. Тухайн үед иргэд "Метро бол биднийг амьтад шиг үздэг газрын нэг илрэл" хэмээн хариулж байжээ.

 

Сэтгэлзүйчийн өгүүлснээр нийтийн тээврээр зорчих нь чиличүүдийн хувьд чухал асуудал бөгөөд гэр бүлийнх нь төсвийн ихэнх хувь нь нийтийн тээвэрт зарцуулагддаг аж.

 

Мөн хэдийгээр үнэ нь нэмэгдэж байгаа ч үйлчилгээ, орчны тав тухын талаар ярих ч аргагүй нөхцөлд хүмүүс үйлчлүүлдэг, түүнчлэн жилээс жилд амьдралын түвшин улам буурч байгаа нь энэ эсэргүүцэл үүсэх шалтгаан болсон гэж сэтгэлзүйч өгүүлжээ.

 

Чили улсын амьдралын түвшин

 

Чили улсын эдийн засаг Өмнөд Америктаа дээгүүрт ордог, бүс нутгийн хамгийн өндөр ДНБ-тэй хэдий ч эдийн засгийн түвшнээрээ дэлхийд 56 дугаар байранд ордог. Энэ улсад дэд бүтэц, анагаах ухаан, боловсролын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Өмнөд Америктаа тэргүүлдэг.

 

Үнийн хувьд Европын холбоотой харьцуулахад харьцангуй бага ч гэлээ Өмнөд Америкийн бусад орнуудтай харьцуулахад өндөр. Дундаж цалин 650 мянган песо /монгол мөнгөөр 2,3 сая гаруй/ , цалингийн доод хэмжээ 220 мянган песо буюу 800 мянган төгрөг орчим байдаг аж. Хэрэглээний үнийн тухайд жишээ татвал, талх дунджаар 500 песо /1816 төгрөг/, 12 ширхэг өндөг 1100 песо /4000 орчим төгрөг/, литр бензин 40 песо  /145 төгрөг/, метроны тасалбар 830 песо /3000 төгрөг/, орон сууцны сарын түрээс ойролцоогоор 400 мянган песо /1,4 сая/ байдаг аж

 

Энэ улсын нийтийн тээвэр нь хөрш орнуудтай харьцуулахад ихээхэн өндөр хөлстэй тул энгийн иргэд чухамхүү нийтийн тээвэрт орлогынхоо ихээхэн хэсгийг зарцуулах шаардлагатай болдог гэнэ. Мөн эмнэлгийн үйлчилгээ, хүнсний хангамжийн үнийн өсөлт, тэтгэвэр тэтгэмж бага, нийгмийн давхаргуудын тэгш бус байдлаас үүдэлтэйгээр Чили улсын хүн амын дунд аажмаар дургүйцэл хуримтлагдах болжээ. 

 

Эмх замбараагүй байдлын үр дагавар

 

Сүүлийн үеийн мэдээллээр, Чилид болсон эмх замбараагүй байдлын улмаас 13 хүн амиа алдаж, 1462 хүн баривчлагджээ. Эсэргүүцлийн үеэр чиличүүд банк, дэлгүүр рүү дайран, дээрмийн хэрэг гарах нь нэмэгдсэн бөгөөд хаа сайгүй танхай хэрэг үйлдэгдэх болсон байна. Эсэргүүцэгчид метроны өртөөнүүдийн ихэнхийг эвдлэн сүйтгэсний улмаас 700 гаруй мянган доллар, нийтдээ нийслэлд 300 сая долларын хохирол учиржээ. Улмаар метрог түр хугацаанд хаасан бөгөөд эмх замбараагүй байдалтай тэмцэхийн тулд эрх баригчид 10,5 мянган цэрэг, цагдаагийнхныг дайчилсан байна.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
бензины үнэ зөв бичсэн юм уу 145 төгрөг 1 литр. Монголд дээдсүүдийг бүгдийг сольж, шудрагаар шүүж, хууль бусаар олсон хөрөнгийг хурааж байж өөрчлөлт гарна өөр гарц үгүй
2019-10-23