Монгол-Оросын гадаад харилцааны дэд сайд нар уулзжээ
2019-10-23

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-ны Москва хотноо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ны Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргуловтой уулзав.

 

 

Уулзалтын үеэр Гадаад харилцааны дэд сайд нар хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, олон талт хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар, түүний дотор ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өндөр, дээд хэмжээний айлчлалын агуулга, хөтөлбөр болон байгуулах баримт бичгийн талаар санал солилцов.

 

 

Тухайлбал, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ“ нийгэмлэгийн хөгжил, шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ажил, арга хэмжээний талаар болон Монгол Улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллах зэрэг асуудлыг хөндөн ярьсан. ОХУ-ны Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулов монгол, оросын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж буйд баяртай байгаагаа тэмдэглэж, Монголын талын санал, байр суурийг оросын тал нааштайгаар судалж, цаашдын хоёр улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвхтэй хамтран ажиллахаа мэдэгдэв.

 

Түүнчлэн уулзалтын хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн байгуулахаар талууд тохиролцов.

 

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин