Н.Баяртсайхан: Иргэдийн өрхийн орлого өссөн

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтүүд иргэдийн амьжиргаанд хэр наалдаж байна вэ? Эергээр хандаж чадаж байна уу гэдэг хамгийн том үзүүлэлт. Эдийн засаг өсч, өчнөөн барилга баригдаж байгаа ч ард иргэдэд, бизнес эрхлэгчдэд наалдаж байгаа зүйл байхгүй байна. Өнгөрсөн хэд хоногт валют 2800 төгрөгт хүрээд буурлаа. "Саарал жагсаалт" эдийн засагт хэр нөлөөлөх вэ? Цаашдаа өсөөд явбал 3.9 тэрбум ам.долларын нөөц сорогдоно. Банкны зээлийн асуудлыг яаж зохицуулах вэ?
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж, мөнгөний бодлогыг хэлэлцэж дэмжсэн. Бидний байр суурь баримт бичигтэй уялдаж байгаа. Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлсөн бэ гэж байна. Иргэдийн өрхийн орлого өссөн байгаа. Энэ бол бодит өсөлт. Өрхийн бодит өсөлтийн цаана ямар эх үүсвэр байна вэ гэдэг дээр анализ хийж үзэх хэрэгтэй. Зарлага нь өрхийн орлогоосоо даваад байгаа. Тийм учраас 2020 оноос тэтгэвэр, цалинг нэмэгдүүлэх гэж байгаа нь иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хэрэглээний зээлээр бүх зардлаа хаахад чиглэсэн нийгмийн шинжтэй арга хэмжээ болно.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:
-Сангийн яам, Монголбанк хоёр нэг шугаманд байх ёстой. Сүүлийн гурав хоногт валютын хиймэл өсөлт боллоо. 2020 оны үндсэн чиглэлийг харж байхад банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх эрхзүйн орчныг авч хэрэгжүүлнэ гэжээ. Үүнийг хэрэгжүүлснээр ямар эерэг үр дүн гарах вэ?
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан:
-Валютын ханш өсөхөд ямар нэг шалтгаан байгаагүй. Хиймэл шалтгаан болсон. Өнөөдөр Монголд 13 арилжааны банк байна. Хувь эзэмшлийн төвлөрөл асар их байгаа. Тийм учраас олон хувьцаа эзэмшигчтэй, хяналт тавьдаг болгохыг зорьж байгаа юм. Бид 2020 онд үндэс суурийг нь тавьж, цаашдаа компанийн засаглал сайтай банктай болоход чиглэсэн.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Жоомоо шатаах гэж байгаад байшингаа шатаана гэдэг шиг "саарал жагсаалт"-аас болоод эдийн засгаа унагаж болохгүй. Тэр дундаа төрийн холбогдох байгууллагын байр суурь нэг баймаар байна. Өөр өөр тайлбар хэлснээс ард иргэдэд эргэлзээ үүсч байна. Валютын ханш ганц нэг төгрөгөөр хөдлөхөд баялаг бүтээгч нар хохирч байгаа. Бидэнд гашуун туршлага байгаа. Парисын хуралд сууж, зөвлөмжөө аваад ирсэн байна. Тийм учраас асуудлуудаа богино хугацаанд хэлэлцэх хэрэгтэй. Японы Ерөнхий сайд "мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруул, банк санхүүгийн асуудлаа шийдвэрлэвэл хамтарч ажиллана" гэж Ерөнхий сайдад хэлсэн байна. Энэ зүйлүүдээ тойрч 2020 оны мөнгөний бодлого дээрээ анхаар.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-"Саарал жагсаалт" сүүлийн гурван жилд бий болоогүй. Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого дээр улстөржилт оруулах хэрэггүй гэдэгтэй санал нэг байна. Харин ирэх оны төсвийг хөөсөрсөн гэдэг дээр санал нийлэхгүй байна. 2020 оны төсөв хэрэгжихгүй төсөв биш. Өнөөдөр 12 их наяд төгрөгийн биш 25 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бид хийх боломжтой. Манай улсын хувьд жижиг эдийн засагтай учир терроризмыг санхүүжүүлээд байгаа зүйлгүй. Харин далд эдийн засаг байгаа. Далд эдийн засгийг бууруулах чиглэлээр цаашид арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар 2020 оны Мөнгөний бодлогыг хэлэлцэхийг дэмжлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ