Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт хариуцлага тооцно

УИХ-ын дарга Г.Занданшатар СЗХ-ны дарга С.Даваасүрэнг хүлээж авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс "саарал жагсаалт"-д орсонтой холбогдуулан ямар арга хэмжээ авч ажиллаж байсан талаар мэдээллийг сонссон юм.
УИХ-ын дарга Г.Занданшатарын "Монгол Улс мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалж, Ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөгийн далд эдийн засагтай улс байна гэж гадаад улс оронд харагдлаа. Үүний улмаас "саарал жагсаалт"-д орлоо. Танай СЗХ өнгөрсөн хугацаанд ямар ажил хэрэгжүүлэв, одоо ямар ажил хийх шаардлагатай байна" гэсэн асуултад СЗХ-ны дарга С.Даваасүрэн " СЗХ Монгол Улсад Мөнгө угаах, терроризмын эсрэг хуулийг хянаж ажилладаг. ФАТФ-ын зөвлөмжтэй холбоотой ажлыг СЗХ хийсэн. Эндээс өгсөн зөвлөмжид өгөгдсөн ББСБ, ХЗХ-той холбоотой асуудлыг бид хэрэгжүүлж ажилласан. ФАТФ-ын дараагийн зөвлөмжид "алт мөнгөний дархан болон үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зохицуулалт байхгүй байна" гэсэн. Үүнтэй холбоотой хуулийг УИХ баталсан. СЗХ энэ зохицуулалтын хүрээнд ажиллаж, алт мөнгөний дархан, үнэт чулууны худалдааны чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана. Өнгөрсөн хугацаанд ажлаа бүрэн хийж чадсан. ББСБ-ын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Шинээр ББСБ байгуулагдвал 2.5 тэрбум төгрөгийн дүрмийн сантай байх заалттай" гэсэн хариулт хэллээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Монгол Улс "саарал жагсаалт"-д орвол та нар хариуцлага хүлээнэ шүү гэж анхааруулсан. СЗХ дээр багийн удирдлагын зөрчил, ойлгомжгүй олон асуудал байгаа. Холбогдох газраас хариуцлага тооцох саналыг ирүүлж байсан. Одоо шинэ нөхцөл байдалд шинэчлэл хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Ийм учраас Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга нарт хариуцлага тооцох асуудлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх болно гэдгээ мэдэгдэж байна гэлээ.
Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг хүлээн авч уулзаж, хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ