С.Бямбацогт: Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох амлалтаа биелүүлмээр байна
2019-10-24

11:15 цаг: 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцлээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч авав. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Энэ хууль батлагдсанаар хөдөлмөрийн насны доод хэмжээнд тэтгэвэр нь дүйцэх үү? Бид хүүхэд болгонд хүүхдийн мөнгө өгнө гээд амласан. Энэ хуулийн төслийг хэлэлцээд жил болж байна. Хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгох амлалтаа биелүүлмээр байна шүү. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: 

 

-1990-1991 онд 288 мянган тэтгэвэрт гарсны  133 мянган иргэн нь ямар нэг хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан байна. Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдээс өнөөдрийн байдлаар 22 мянган иргэн байна. Эхний хэлэлцүүлгээр зөвхөн олон хүүхэдтэй нөхцөлөөр биш хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гарсан иргэдээ хамруулахаар шийдсэн. Тэтгэврийн дундаж хэмжээнээс доогуур тэтгэвэр авч байсан иргэдийн судалгааг хийж байгаа. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Улсын төсөвтэй хамтатган 32 хуулийн төсөл өргөн барьсаны нэг нь Хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох төсөл. Энэ хуулийг өнөөдрийн хэлэлцэж байгаа хуультай хамтатган хэлэлцээд явна. Тиймээс өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдах шаардлагатай байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

 

-Олон нийтийн зүгээс олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлж өгөөч гэж эмэгтэй гишүүдэд хандсан. Олон хүүхэд төрүүлснийхээ төлөө хөдөлмөрлөх эрхээ хязгаарлуулж, эдийн засгийн хохирол амссан байдаг. Дөрвөн төрлийн нөхцөлөөр энэ тэтгэвэрт гаргасан байдаг. Энэ асуудлыг шийдэхээр эмэгтэй гишүүдийн зүгээс хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүл байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Өнөөдөр Засгийн газраас өргөн барьсан Улсын төсвийн тухай хуульд мөнгийг нь суутгаад өгчээ. Үүнийг шат дараалалтай нэмэгдүүлэх хэрэгтэй. 1990 онд эхчүүдээ хэлмэгдүүлсэн. Тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх шаардлагатай гэсэн саналтай байна.  Өнөөдөр маш олон иргэд холбогдож байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: 

 

-Өнөөдөр Засгийн газар хуулийн төслийг мэдрэмжтэй хандаж, улсын төсөвт 12.7 тэрбум төгрөгий дагуулж, хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр инфляцийн түвшин өссөнтэй холбоотой тэтгэвэр амьжиргаанд хүрэхгүй байна гэдэг санал их ирж байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийг 2020 онд инфляцитай уялдуулж 8 хувиар нэмэхээр байгаа. Өнөөдөр бүрэн тэтгэврийн хэмжээ 310 мянга,  хувь тэнцүүлсэн тэтгэвэр 270 мянган төгрөг байгаа. 

 

Хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэлгийн хэмжээг нэмэх саналыг С.Бямбацогт гишүүн ярьж байна. Төсвийн үлдэгдлээр хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгох байх. 

 

Ингээд Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэхийг  чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 69 хувь нь дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

 

Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэж байна

 

 

10:50 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хөдөө орон нутагт явлаа. Өчигдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд гүний усаар нүүрс угааж байна зохицуулж өгөөч гэсэн. Гадаадын ажилчдын зохицуулалт хэрэгтэй байна, хууль зөрчиж байна. Жижиг "Тавантолгой" маш их үр ашигтай ажиллаж байна. Том дарга нар гадаад руу явж, судлах юм. Жижиг "Тавантолгой"-гоос суралцах хэрэгтэй, тэд. Өмнөговь аймгийн иргэд 500 мянган төгрөгийн хувьцааны ашиг авч байна. Мөн 3 тонн нүүрс өгч байна, айл өрхөд. Дарга нар эднээс суралц гэдэг саналыг хэлж байна" гэлээ. 

Н.Энх

 

Ингээд Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэж байна. 1990 онд хөнгөвчилсөн нөхцөлөөр хүүхдийн тоогоор тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэвэр бага байгаа. Энэ нь ар гэрийн амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж, нийгмийн баталгаа нь алдагдсан. Тиймээс нэр бүхий эмэгтэй гишүүдийн зүгээс Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх төслийг боловсруулсан байна. 1997 оны хоёрдугаар сарын нэгнээс өмнө хөнгөлөлттэй нөхцөл, дөрвөн төрлөөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгажээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Яагаад зарим иргэд вэ? Үлдсэн зарим нь яасан юм бэ?
2019-10-24