Малчин байх цэц Мануухай мэт харсаар сууна
2019-10-25

 

ЖДҮ-гээс болж нуман тулгуурт орсон МАН-ын бүлэг мөн ч олон удаа хуралджээ. Гарц хайж байгаа нь тэр. Тэгээд одоогоос 10 сарын өмнө болсон нэг удаагийн хурал дээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан ийм байдлаас яаж гарч байсан “туршлага” яриад, гарцаагүй хэдэн өөрчлөлт хийх хэрэгтэй гэж намынхандаа зөвлөсөн байна. Нөгөөдүүл нь ч ёсоор болгов. 2019 он гаргаад М.Энхболдыг унагаж авсан. Удалгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хөдөлгөн хэлэлцэж эхэлсэн байдаг.

 

Харин өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нь жинхэнэ холион бантан болчихоод байж байна. УИХ-ын 62 гишүүн, бас Ерөнхийлөгчийн өргөн барьсан хоёр төсөл холилдож, сүүлдээ хэнийх нь санал болгосон заалт албажиж яваад байгаа нь ч тодорхойгүй болов. Энэ юу ч биш. Явсаар УИХ-ын гишүүдийн олонх нь ойлгохоо больж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Тэрэнд нь Ерөнхийлөгч хориг тавьсан. Хоригийг нь хүлээгээд авчихав. Цаашаа яасан нь тодорхойгүй. Юутай ч хамгийн сүүлд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгээр нь батлах юм болоод явчихсан. Тэгээд таг чиг.

 

Товчдоо энэ юм.

 

Энэ нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгыг  энд хөндөхгүй. Чухал биш юм. Харин эрх баригч намынхан Үндсэн хуулийг өөрчлөх талаар яриад, хэлэлцээд эхэлсний цаана юу байгааг бид ухаж ойлгох учиртай болж байна.

 

Яг үнэндээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн гаргаж ирсэн гарцаар бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үед өөр бусад хуулийн төслийг хэлэлцэхгүй. Тиймээс энэ хооронд бөөн бөөнөөрөө АТГ-т шалгагдаж байгаа УИХ-ын гишүүдийг ЖДҮ, бусад хэргээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал прокуророос орж ирсэнгүй. 1992 оны Үндсэн хуулийг нүдний цөцгий мэт хайрлаж ирсэн Д.Лүндээжанцан энэ удаа намдаа эцэг хуулийг ингэж хэрэглүүлсэн болж таарч байгаа юм. Үндсэн хуулиас илүү үнэт зүйл нь МАН ажээ.

 

Үүнээс гадна МАН дахь “эсэргүүнүүд”, сөрөг хүчин нийлээд Засгийн газрыг дэнжигнүүлж, бүр унагачихаж ч магадгүй болоод байсан нөхцлийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэнээр арилгаж чадсан.

 

Ер нь бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ хэлэлцсэнээр МАН маш том аюулаас аврагдаж чаджээ.

 

 

Одоо эдгээр аюул холдсон хойно 2019 оны зургадугаар сарын 7-нд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд “…Хуулиар УИХ-аас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно” гээд оруулчихсан. Бас Үндсэн хуулийг хэлэлцэх эрх баригчдын төлөвлөгөө ямар байсныг дээрх өдөр нэмж оруулсан “Гурав (1) дүгээр бүлэг буюу Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журам”-аас тодорхой харж болохоор байна.

 

Эрх баригчид Үндсэн хуулиар ийм маягаар наадаж байна. Юунд хүргэхийг бүү мэд.

 

Хамгийн хачин нэг юм гэвэл Үндсэн хуулийн манаач болсон Цэц дуугарсан ч үгүй. Дээр нь хөх тэнгэр л байдаг гэж ирээд тэдэнд хэн ч нөлөөлж чадахгүй гэж сүрхий томъёолдог Цэц Үндсэн хуулиар ингэж “тоглож” байхад ганц үг ганхийхгүй байна гэдэг анхаарал татаад байгаа юм.

 

Үндсэн хуулийг хоттой хонь гэж бодвол Цэц нь малчин юм. Гэтэл өнөөгийн УИХ, эрх баригчид Үндсэн хууль руу хонинд орсон чоно мэт халдлага үйлдээд байдаг. Малчин таг чиг. Хоттой хонины дэргэд босгосон мануухай мэт дуугүй суугаад байгаа юм. Уг нь мануухай ч чоно үргээдэг. Гэхдээ хоттой хонь сүйдлээд сурчихсан чоно бол мануухайг тоохгүй л дээ. Яг л одоогийн эрх баригчдын Цэцийг үл тоон Үндсэн хуулийг сүйтгэж байгаа шиг хоттой хонь руу дайрдаг. Нуух аргагүй үнэн нь энэ. Тэд “гарцаагүй хэдэн өөрчлөлт”-ийг хийхээр намынхаа бүлэг дээр нэг яриад л Үндсэн хуулийг дураараа оролдоод эхэлсэн.

 

Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийг Дорнодын Засаг дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Доржийн Одбаяр даргалдаг.

 

Гишүүдээр нь Оюуны өмчийн газрын дарга байсан Намжилын Чинбат, МЖИС-ийн ХЗС-ийн захирал байсан Дамдинсүрэнгийн Солонго, ГЕГ-ын дэд дарга, МУИС-ийн ХЗС-ийн профессор байсан Шараагийн Цогтоо, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байсан Шилагарьдын Солонго,  “Cентерра гоулд Mонголиа” ХХК-д менежер, “Дорнын тал экологи” ХХК-ийн захирал байсан Батсүхийн Буяндэлгэр, ТӨХ-ны дарга асан Цагааны Нанзаддорж, ШШГЕГ-ын дэд дарга байсан Гомбожавын Туулхүү, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга байсан Гунгаагийн Баясгалан нар ажилладаг. Д.Одбаяр, Ш.Солонго, Г.Баясгалан нарыг УИХ-аас, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарыг Ерөнхийлөгчөөс, Н.Чинбат, Д.Солонго, Ш.Цогтоо нарыг Улсын дээд шүүхээс санал болгож, УИХ-аас энэ албанд зургаан жилийн хугацаатай томилсон байдаг юм.

 

Тэднийг томилсон субъектуудыг бие биедээ хяналт тавих, хамгийн гол нь Үндсэн хуулийн манаанд хэний ч нөлөөлөлгүй зогсох ёстой гэсэн зарчмыг бариулахаар сонгосон аж.

 

Гэвч энэ есөн эрхэм Үндсэн хууль руу чоно шиг халдаж байхад мануухай мэт харсаар сууна.

 

“…Үндсэн хуулийн цэг, таслал бүр гүнзгий утга, агуулга агуулж байдаг” гэж УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийг өөрчлөх олон удаагийн ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хэлсэн. Тэгвэл Цэцэд хэний ч хяналтгүйгээр Үндсэн хуулийг сахиулан хамгаалах боломж нь бас байгаа юм. Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “…Үндсэн хуулийн Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ” гэжээ. Энд Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг зөрчсөн маргааныг “өөрийн санаачилгаар” хянан шийдвэрлэх тухай заасан байна. Өөрийн санаачилгаар гэж байгаа юм шүү. Энэ бол дээр хэлсэнчлэн тодорхой утга агуулгатай. Санаандгүй орчихсон үг биш.

 

Тэгэхээр Үндсэн хууль халдлагад өртөөд байгаа нь хуулиас бус хүнээс болоод байгаа хэрэг. Учир нь өнөөгийн Цэц Үндсэн хуулийг зөрчсөн аливаа хэрэг явдалд чимээгүй суусан тухайгаа “…Цэцэд хэн нэгэн тийм мэдээлэл гаргаагүй байна” гээд л тайлбарлачихдаг.

 

Өөрөөр хэлбэл, Цэц хэмээх малчин маань хоттой хонинд чоно орчихоод байхад “…Хоттой хонинд чинь чоно орлоо” гэж хэн нэгэн гаднаас хашгирах ёстой гээд л гэртээ суугаад байна гэсэн үг.

 

Энэ агуулгаар нь харахаар Цэцийг Цэцэд өгчихмөөр л харагдаад байгаа юм. Угтаа энэ Цэц чинь  Монголоос бусад улс оронд Үндсэн хуулийн шүүх гэсэн томъёололтой явдаг. Шүүх гэдэг ч Үндсэн хуулийн манаач гэдэг үүргээ илүү эрх мэдэлтэйгээр, гадны нөлөөлөл багатайгаар, гагцхүү Үндсэн хуульд захирагдаж гүйцэтгэдэг байна. Харин манай Цэц “…Чоно орлоо” гэж хашгирахыг хүлээсэн хэдэн нойрмог малчин шиг эсвэл хотны захад босгосон мануухайтай л ижилхэн үүрэгтэй аж. Ийм Цэцийн гишүүдийг Үндсэн хуулийг “…Мэдэхтүн, Сахигтун” хэмээж чаддаг хүмүүсээр л бүрдүүлэх хэрэгтэй ажээ.

 

Эх суралж: Зууны мэдээ сонин 

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Солонго гэж ховч авгайг:
дэвшүүлэн зайлуулсан. Ховч, атаач, олон ааштай балай авгай
2019-10-25
Эрдэмтэн:
Түмэн хэрэг бодосын учир ёсыг ухаж тайлсны хойно эрдэм дор хүрмүй, эрдэм дор хүрвээс бодол санаа бат үнэн болмуй, бодол санаа бат үнэн болвоос сэтгэл тэгширмүй, сэтгэл тэгширвээс бие засармуй, бие засарваас гэр төвширмүй, гэр төвширвөөс төр засармуй, төр засарваас тэнгэрийн дор түмэн амгалан тогтмуй. /Күнз/
2019-10-25
Эрдэмтэн:
Улс төр гэдэг нь ард түмний үзэл бодол хийгээд үйл хөдөлгөөний тусгалаас өөр юм биш. Ямар ч агуу үзэл санааг гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
2019-10-25
Эрдэмтэн:
Засаглал хэмээгч нь төв шударгууг хэлмой. Өөрийн биеэр оройлон төв шударгуу байваас өөр бусад хүмүүн төв шударгуу бус байж зүрхэлнэ гэж үү? /Күнз/
2019-10-25
Эрдэмтэн:
Төр улсын хүч, аж үйлдвэрлэл, иргэншил сэлтийн мандал буурал нь ард түмэн хүн нэг бүрийн хүн чанараас шалтгаалж байдаг гэж хэлж болох юм. Амар тайван иргэний нийгмийн суурь ч бас үүн дээр сүндэрлэж, хууль цааз, бусад систем хүртэл ард түмний энэхүү иргэнлэг чанараас төрж гардаг. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
2019-10-25
Эрдэмтэн:
Боолын сэтгэлгээтэй ард түмэн гагц төр улсын удирдагчийг юмуу системыг өөрчилсөн төдийд уг сэтгэлгээнээс ангижирахгүй. Улс төрийн хүч (нам) төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг нь угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай үр дүнгээ өгөхгүй билээ. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
2019-10-25
Эрдэмтэн:
Хүн бүр хичээнгүйлэн хөдөлмөрлөж, амьдрах чадавхи, үнэн ч шударга сэтгэлийг алдахгүй байхын хэрээр нийгэм урагш хөгжинө. Харин залхуурах хийгээд амиа бодох муу муухай явдал ард түмний дунд газар авбал нийгэм хагдран унах болно. Хуулийн хүчинд дулдуйдаж энэхүү нийгмийн муу муухайг таслан зогсооё гэж хичнээн хүчин чармайлт гаргалаа ч уг муу муухай дахин зүсээ хувилгаж өөр хэлбэрээр үзэгдэж, газар аван дэлгэрэх нь дамжиггүй юм. Ард түмний, хүн бүрийн аж амьдралын байр байдал хийгээд хүн чанар үндсээрээ өөрчлөгдөж эхэлбэл нийгмийн иймэрхүү муу муухай байдал арилах жамтай. /Английн гүн ухаантан Самуэл Смайлс/
2019-10-25
Эрдэмтэн:
Хүн дарангуйлалын дор байлаа ч бодгаль шинжээ (хүн чанараа) хадгалж чадаж байвал асар муу нөхцөл байдалд унахгүй. Харин хүний бодгаль шинжийг (хүн чанарыг) нь алдагдуулах улс төр бол ямар ч нэрээр нэрлэлээ гэсэн угтаа дарангуйлалаас өөр юу ч биш /Жон Стювард Милл/
2019-10-25
Эрдэмтэн:
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
2019-10-25
Эрдэмтэн:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
2019-10-25
Эрдэмтэн:
Асуудал оршиж байх нь айх зүйл биш, харин айж эмээх нь асуудалтай нүүр тулан учрах зориггүй, асуудлыг шийдэх арга замыг эрж сүвэгчлэхгүй байх явдал гэдгийг хүн төрөлхтний түүх гэрчилдэг. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /
2019-10-25
Эрдэмтэн:
Дэлхий нийтэд Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал гэсэн ойлголт огт байдаггүй. Харин хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн ойлголт л байдаг. Эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлэх субьектууд нь Парламент, Засгийн газар (Ерөнхийлөгч), Шүүх юм. Эдгээр субьектуудыг ард түмэн шууд, чөлөөт сонгуулиар сонгож байгуулдаг, бас огцоруулдаг. Үүнийг дэлхий нийтээр Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал (төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна) гэдэг. Үүнийг л Ардчилал гэдэг.
2019-10-25
Эрдэмтэн:
Дэлхий дахинд анхны гайхалтай Үндсэн хуулийг бий болгосон Америкчууд Үндсэн хуулиндаа Парламент, Засгийн газар (Ерөнхийлөгч), Шүүх нь бие биеэ сонгодоггүй, огцоруулдаггүй, харин ард түмэн тэдгээрийг сонгодог, бас огцоруулдаг байхаар хийжээ. Үүнийг Үндсэн хуулийн буюу Ард түмний засаглал гэх бөгөөд ерөнхийд нь Ардчилал гэдэг байна.
2019-10-25
Эрдэмтэн:
Монголчууд бид эрх мэдэл, засаглал гэдэг хоёрхон үгийн утгыг огт ойлгохгүй яваа бололтой. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх үйл ажиллагаа нь Эрх мэдэл юм. Эдгээр эрх мэдлийг хэрэгжүүлдэг субьектууд нь Парламент, Засгийн газар, бүх шатны шүүх юм. Харин эдгээр субьектуудад хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг олгодог, дургүйн хүрвэл огцоруулдаг үйл ажиллагааг нь Засаглал гээд байгаа юм. Иймээс дэлхий дахинд Парламентын засаглал, Ерөнийлөгийн засаглал гэсэн ойлголт огт байдаггүй, харин Үндсэн хуулийн Засаглал буюу Ард түмний засаглал гэсэн л ойлголт байдаг. Үүнийг л дэлхий нийтээр Ардчилал гэж нэрлээд байгаа юм.
2019-10-25
Эрдэмтэн:
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс зүй төлөвшилийг нь харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!
2019-10-25
Эрдэмтэн:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, танил тал, садан төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт зэргээр нь биш, харин ажил мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, ёс суртахууны төлөвшил зэргээр нь шилж сонгоод хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2019-10-25
Эрдэмтэн:
"Мерит зарчим" (улс төрийн болон төрийн албанд намаар, намд өгсөн хандиваар, авилгал хээл хахуулиар, даргын цүнх барьж гүйснээр, танил тал, садан төрлийн холбоогоор бус, харин мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ажил, амьдралын туршлага, ёс зүйн төлөвшилийг нь харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлүүлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуудаг зарчим) алдагдахаар улс орон яаж сүйрч мөхдөгийн нэгэн яруу тод жишээ нь Монгол юм.
2019-10-25
zochin:
Shuukhiin shiidveree tursun terbumtan Tuulkhuu budlianii ezen Chinbat khar tamkhichnii aav bayasgalan geed elbegdorjiin khelsneer dandaa khulgaichid nuurlejee
2019-10-25
teneg setguulch:
Манай тэнэг сэтгүүлчид бичиж байгаа зүйлийнхээ агуулга, алдаанд анхарахын оронд гарчигаа сүржин нэртэй, ямар ч утгагүй толгой холбосон болох гээд ядчих юмаа. Тэгээд тэр нь ямар авцалдаа, утгагүй
2019-10-25