Сонгогчдодоо амтат гуа тараагаад сайдын албан тушаалаасаа огцорчээ

Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд сонгогчиддоо бэлэг тараасан хэргээр огцорчээ. Тодруулбал, энэ сарын эхээр Японы "Сюкан Бунсюн" сонинд сайд Сугаварагийн штаб улс төрчийн парламентад сонгогдсон тойргийн оршин суугчдад амтат гуа, тамхины соруул зэрэг бяцхан гарын бэлэг тараасан хэмээн мэдээлсэн байна. Үүний дараа Сугавараг сонгогчдыг "хахуульдсан" хэмээн буруутгаж, улмаар тэрбээр сайн дураар огцрох хүсэлтээ өгчээ.
Энэ үйл явдлын дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абэ сонгогчдыг татах зорилгоор бэлэг тараасан хэрэгт буруутгагдан огцорсон Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Иссю Сугаварагийн өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйсан байна.
Тэрбээр Сугавара огцрох хүсэлтээ өгсөн сайд нарын танхимын хуралдааны дүнгээр сэтгүүлчидтэй уулзахдаа ийнхүү уучлалт гуйжээ.
"Сугавараг томилсон хариуцлагыг би хүлээх ёстой. Тиймээс Японы ард түмнээс гүнээ хүлцэл өчье" хэмээн Абэ мэдэгджээ.
Шинзо Абэгийн өгүүлснээр, өмнө нь газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайдын алба хашиж байсан Хироси Казияма Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдаар томилогдох аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ