Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй нутгаар…
2019-10-26

/Аян замын тэмдэглэл/

 

 

“Цонхоо чи өмнө зүгт дэлгэлээ
Тэр зүгт уулс буй, далай буй, шувуудын жиргээн, цэцэгсийн анхилам цөм буй
…” гэж Аньхуй мужаас гаралтай, эх газрын яруу найрагч Ян Ли-Еэ “Урагш дэлгэсэн цонх” бүтээлдээ шүлэглэсэн байдаг. Үүнийг энд өгүүлэх болсны учир гэвэл Шанхай хотоос урьд орой нь хөдөлсөн унтлагын гал тэрэг дохиогоо хангинуулсаар Аньхуй мужийн Хэфэй хотод өглөө нартай уралдан ирлээ.

 

Өчигдөр бороо энд сүрхий орсон тул манан будан хөшилдөөд, холын юмс цайрна. Бороо орохоор эрс хүйтэрчихдэг гэнэ. Гэхдээ хэд хоногоос эргээд дулаарчихна гэж нутгийн улс ярих нь нэн таатай. Зунаараа яваа хүмүүс дулаан хувцасны эрэлд гарч, дор бүрнээ ачаа юугаа ухан ноосон зузаан цамцаа углаж харагдана. Би ч тэдний нэгэн адил Шанхайд бараг л намрыг мартах шахжээ.

 

Галт тэрэгний буудал түмний хөлд дарагдаж, ирэх, буцах хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Хүн амынх нь тоо найман сая хол давсан, төв нийслэлээсээ даруй 1200 гаруй км алс зайтай Хэфэй хотод намар гоо үзэмжээ эс алдан байна аа. Модноосоо тасарч ойчсон навчис салхины эрхээр... Харин навчсаас өөр нүдэнд торох хог, новш энд үл хөглөрнө. Цэвэрхэн, цэгцтэй хот юм байна.

 

Хот дотроо метротой, метрогоор хүмүүс нь ажилдаа явчихна. Түгжрэх, бөглөрөх юм алга. Ийм болохоор зам дээр өрнөдөг уур бухимдал, стресс гэж үгүй. Манай улс 2017 он гэхэд метротой болчихно гэж яриад өнөөдөр тэр бүхэн ор тас замхарчээ. Замын түгжрэл гэж тамтаггүй ихээр нэмэгдсээр.

 

Харин энд метро нь ашиглалтад ороод гурван жил гарам болсон бөгөөд хүмүүсийнх амьжиргаанд хүртэл энэхүү бүтээн байгуулалт сайнаар нөлөөлжээ. Цаг хугацаа хэмнэнэ гэдэг мөнгөө гамнана гэсэн үг, хөгжил ойртох нэр. Манайх шиг хамаг цагаа зам дээр үрэх гачлан энэ хотод үгүй.

 

Хотын гүнд нь дэлхийн брэндүүд цөм “үүрлэжээ”. Хүний хэрэгцээг энэ болгон нь хангаж хүчрэх учраас дэлгүүр хэсэх гэж Бээжин, Шанхай руу эндхийн хүмүүс явахгүй. Хэрэглээ нь энгийн даруухан. Харин ч дээрх хоёр хоттой харьцуулахад өртөг хамаагүй бага тул амар жимэр болоод байх. Худалдааны төвүүд бараа бараагаа харан байрлана. Тийм болохоор нэгээс нөгөө рүү гараад орох боломжтой.

 

Хятадууд үргэлж ногоон цай эсвэл усны савтай явна. Эр, эм, хөгшин залуугүй ийм. Үүнийг зөв дадал хэвшил гэж болно. Мөн хэзээ ч хоолны цагаа хойшлуулахгүй, наашлуулахгүй. Өдрийн гурван хоолыг алгасах дургүй хүмүүс юм байна. Ямар ч ажилтай байсан өл залгах хоол ундтай тогтсон цагтаа “шадарлана”. Харин чихэр, шоколад гэж ер дурлаад байхгүй.

 

Цайны цагаараа дасгал хөдөлгөөн бас үргэлж хийнэ. Хийн дасгал хийхийг нийтээр нь хорьчихсон тул бүжиглэхээс гадна сүүлийн үед гудамж талбайдаа ил задгай дуулах болжээ. Манайхан хатуу “ юм” уугаад дуулж, сэтгэл дотор хургасан зүйлээ сая гаргадаг бол хятадууд хэнээс ч ичиж эмээх зүйлгүй, зөв, солгой гэхгүй дуулж гарна. Дуулахын тулд заавал нэг “сэргээш” хэрэглэх гэж оролдохгүй. Сэтгэлээ ч ингэж хүчлэх нь үгүй. Дуулах нь тэдний хувьд урт наслах нэг арга болжээ.

 

Хятадын 70 жилийн ой Хэбэйд очих үеэр тохиож таарсан тул улс даяараа амарч, худалдаа, үйлчилгээний төвүүд нь хөл ихтэй байв. Бараа, бүтээгдэхүүний үнэ харж л явлаа. Монголтой ойролцоо ч нь байна. Хүмүүсийнх аж байдал дээшилж, амьжиргааны түвшин төрөл арилжсан гэж болно. Тийм учраас өмнөд хөршийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь өөрсдийнх иргэд болж, тэд худалдан авалт, хэрэглээгээрээ улсаа тэжээн, тэтгэх хэмжээнд нэгэнт иржээ.

 

Сонирхуулахад, 1991 онд Хятадын нэг хүнд ногдох ДНБ 330 ам.доллар байсан бол 2011 онд энэ дүн 5430 ам.доллар болж өссөн байна. Харин өнгөрсөн онд 13 мянган ам.долларт хүрч, энэ тоо баримтын цаана хэдэн зуун сая хүний амьжиргааны түвшин сайжирч, эцэг эхэд нь мөрөөдөл төдий байсан орчин цагийн тав тухтай амьдрал шинэ мянганы хятадуудад онцгой содон байхаа больжээ.

 

Цайны соёлоороо Аньхуй нутаг Хятадад зэгсэн алдартай. Дотоодын аялал жуулчлал энэ орон хотод хөгжиж, улс дотроо улам алдартай болоход өнө эртний дэг уламжлалтай цайны соёл гаргууд үүрэг гүйцэтгэжээ. Ерөөсөө цай уух гэж, цайны соёл гэгч чухам юу болохыг өрнийн улс амьтан бие сэтгэлээрээ амтлан мэдрэх гэж, таалан соёрхох гэж энд ирдэг юм байна.

 

Аньхуй мужаас гаралтай эсвэл энд төрж өссөн хүүхнүүд цай сайтай гэж хадамдаа шагшигдах нь энүүхэнд. Манайхан Баруун таван аймгийнхан цай сайхантай гэж ярьдагтай энэ нь агаар нэг юм. Баруун таван аймаг дотроо Увс илүү гэлцдэг. Түүнтэй адилхан Аньхуй нутаг ийм аж.

 

Аньхуй мужийн Хэфэй хотод Монгол Улсаас 20 гаруй оюутан сурч байна. Тэдний дийлэнх нь хөдөө аж ахуйн чиглэлээр дагнажээ. Зарим нь ирэх жил төгсөх гээд толгой өндийх завгүй байна. Монголоос авчирсан ганц чихэр хүртэл энд амттай бас ховроос ховор эрдэнэ болно.

 

Хотын төвд том газар эзлэн орших Аньхуй мужийн Хөдөө аж ахуйн их сургуулиар зочиллоо. Номын сан нь манай Засгийн газрын ордноос хэдэнтэй сүрлэг байх агаад сургуулийн хүрээ нь явж барагдахгүй цэлгэр аж. Нийтээр амарсан ч номын сан нь суудал үгүй, цөм эзэнтэй. Тэд дор бүрнээ бусдад саад болохгүйг хичээн өмнөх хичээл, номоо чухам уйгагүй давтана. Ялаа дүнгэнэх чимээ танхимд сонсогдом анир чимээгүй. Тэнгэр чичсэн өндөр уулсын өвөр бэлд төрж өссөн үеэл маань Аньхуй мужийн Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан.

 

Оюутны амьдрах орчин нөхцөл энэ болгоныг нэг дор шийдсэн нь суралцмаар. Заавал тив алгасах бус хажууханд буй хөрш “айл”-аас авах, гээх, туршлага судлах зүйл их байна.

 

Оюутнууд чөлөө цагаа өнгөрүүлэх спортын талбай төрөл төрлөөрөө эгнэн байрших нь цагаан атаархал төрүүлнэ. Улаанбаатарт “улаан ном”-д орох нь холгүй хэдхэн спорт талбай бий. Жилээс жилд энэ талбайн хэмжээ, тоо нь говийн мазаалай шиг хорогдох болсон. Харин оронд нь автомашины зогсоолгүй, ногоон байгууламжгүй шил толь болсон байшин сав ярайтайл сүндэрлэх нь жаахан урамгүй.

 

Ногоон байгууламж нь Хэфэй хот гоё сайхан харагдах нэг нууц гэлтэй. Энэхүү хотоос зах хязгаар нь саравчлаад ч харагдахгүй далай тэнгист хүрэхэд хамгийн дөхөм гэнэ. Энд хүрсэн хүн далай явна гэж зүтгэдэг нь бас учиртай. Ойрхон гэж сонссон болохоор хүсэх нь бас аргагүй ч юм уу даа.

 

Маргааш Бээжинг зорино. Хурдны галт тэргээр цагт 300 км-ын хурдтай таван цаг эх газрыг туулахаар байгаа. Өмнөд хөршид цагийг нь тулгасан болгон нэг л бүтэл муутай эсвэл илүү өндөр үнэ төлөх хэрэг гардаг. Тиймээс явдлын хүмүүс эртнээс юм болгоноо урьдчилж захиалж байж сая амар явна. Эрт төлөвлөж байж бид илүү хэмнэнэ. Хятадууд ч өөрсдөө ийм.

 

Тэрбум хол давсан хүн амтай энэ улсад хүн ажил, амьдралаа залгуулна гэдэг бэрх. Тиймээс хүн болгон өмнөх ажлаа сэтгэлээсээ хийнэ. Ажлыг тэд голохгүй. Ажлаа бас хуурахгүй. Харин ажилтай байгаа нь аз жаргал болно. Хүдэн татсан хүний нутаг ард үлдлээ. Цайны дэг соёлоороо алдартай Аньхуй нутагт ахин ирэх ерөөл тавья.

 

Б.Баяртогтох 2019.10.13

Shuud.mn
Сонин хачин