Монгол залуу "Nike" брэндтэй хамтрав
2019-10-26

Монгол залуугийн түүхээр “Nike”AirMax 1 загварын пүүз гаргахаар болжээ.

 

 

АНУ-ын спорт хувцас, пүүз үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, 55 жилийн түүхтэй “Nike” брэндтэй монгол залуу хамтран ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл монгол хүний загварыг нь гаргасан “Nike Air Max 1” пүүз ирэх арван нэгдүгээр сарын 1-ээс 10-г хүртэл NIKE вэбсайт дээр худалдаанд гарах гэж байна. 

 

“Nike” брэндээс гуталаараа өөрийн түүх, үзэл бодол, зорилгоо хуваалцах зорилготой  хөтөлбөр зарлажээ. Уг хөтөлбөрт дэлхийн өнцөг булан бүрээс мянга мянган залуус оролцсон бөгөөд үүнд монгол залуу өөрийгөө сорьсон байна.

 

Улмаар Nike-ийн Tell your story with shoes-д сонгогдсон 38 залуугийн нэгээр Батмөнхийн Тэмүүлэн сонгогджээ. Ийнхүү тэрбээр тус брэндтэй хамтран ажиллаж өөрийн түүхийг шигтгэсэн шинэ загварын пүүзийг худалдаанд гаргах анхны монгол хүн болсон байна.  NIKE-тай хамтрах нь түүний хувьд хамгийн том мөрөөдөл, зорилгуудын нэг нь байсан аж.

 

 

Энэ тухай Б.Тэмүүлэн “Би өөрийнхөө тухай түүхийг товчхон бичээд “Nike”-руу явуулсан юм. Хэзээ хариу гарахыг ч мэдэхгүй байсан. Нэг өдөр санаандгүй  Instagram feed хараад байж байхад “Сонгогдсон хүмүүс рүү майл явуулсан” гэх мэдэгдлийг нийтэлсэн байсан. Өөрийгөө сонгогдсон байж магадгүй гэж найдаад эмайлээ шалгатал хариу ирээгүй байсан юм. Яагаад ч юм сонгогдчихсон мэт зөн совин төрөөд спамаа шалгатал “Nike” гэсэн эмайл хаягнаас “Баяр хүргэе. Та хэдэн мянгаар бүртгүүлсэн хүмүүс дундаас өөрийнхөө түүхийг пүүзээр илэрхийлэх хүмүүсийн нэгээр сонгогдлоо” гэсэн зурвас ирсэн байсан ” хэмээжээ.

 

Б.Тэмүүлэнгийн түүхийг шигтгэж урласан “Nike” брэндийн AIR MAX 1 загварын пүүз худалдаанд гарахад бэлэн болсон бөгөөд ирэх арваннэгдүгээр сарын 1-10-ны хооронд худалдаалагдах юм байна.

 

Б.Тэмүүлэн пүүз бүтээх үйл явц маш хурдан байсан. Цоо шинээр биш харин NIKE-тай хамтран надад өгсөн 5 загвараас сонгож өнгө, материал болон 3 үсгээр түүх, санаагаа илэрхийлэх байсан. “Миний хүсэл зорилго орчин үеийн урлагийг хөгжүүлэх, түүнийг сурч мэдээд цаашид түгээх явдал. Би нэг газраа удаан байх, нэг зүйлийг удаан хугацаагаар хийдэггүй . Нэг юмыг хийж байгаа ч түүнийгээ нэг хэвээр нь хийсээр байхгүй үүнийг давчихвал цаана нь юу байгаа бол гэж үргэлж тэмүүлдэг. Тийм болохоор пүүзээ хийгээд “Бадарчид” гэж нэр өгсөн. Англиар “Wanderers” гэж нэрлээд явуултал ийм нэртэй өөр гутал байна гэсэн. Одоо “Бадарчид” нэрийг нь шалгаж байгаа. Хариу хараахан ирээгүй байна” гэлээ. 

 

Wanderers

 

Ийнхүү Б.Тэмүүлэн дэлхийн алдарт “Nike” брэндтэй хамтран ажиллаж буй анхны монгол хүн болов. Тэрбээр hip hop хөгжим, гудамжны урлаг, график дизайн, пүүз, хувцас загвар, урлаг соёл сонирхдог бөгөөд энэ чиглэлээрээ Los Angeles хотод гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа  аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин