Исламын улсын тэргүүнийг устгажээ
2019-10-28

 

Америкийн цэргүүд "Исламын улс" алан хядах бүлэглэлийн тэргүүн Абу Бакра аль-Багдадигийн эсрэг цэргийн ажиллагаа явуулжээ. Улмаар түүнийг ажиллагааны үеэр амиа алдсан гэж хэд хэдэн эх сурвалж мэдээлсний дараа Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Багдади амиа алдсаныг баталлаа.

Тэрбээр Твиттер хуудсандаа "Маш чухал үйл явдал боллоо" гэж бичснээс хэдэн цагийн дараа албан ёсны мэдэгдэл хийсэн юм. 

 

Түүний өгүүлснээр, Абу Бакри аль-Багдадигийн гурван хүүхэд цэргийн ажиллагааны үеэр амиа алджээ. 

 

"Тэр гурван хүүхдээ үхэлд хүргэсэн" гэж Трамп мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Багдади гурван хүүхдээ гарцгүй хонгил руу авч орсны дараа амиа золиослогчийн бүсийг дэлбэлсэн байна. Түүнээс гадна ажиллагааны үеэр 11 хүүхдийг суллан, асрамжинд шилжүүлсэн гэж Трамп мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, 2014 онд Аль-Багдади Сири болон Иракд өөрсдийгөө тунхагласан халифатыг зарлах гэж гарч ирснээс хойш түүнийг хэн ч хараагүй юм. Мөн тэр үеэс хойш түүнийг шархадсан, алагдсан гэсэн мэдээлэл нэг бус удаа гарч байлаа. 

 

2019 оны дөрөвдүгээр сард Багдадитай адилхан хүн Исламын улсын суртал ухуулгын дүрс бичлэгт гарч ирсэн бол есдүгээр сард энэ бүлэглэл тэргүүнийхээ хоолой байж мэдэх бичлэг гаргаж байв. 

 

Иракийн аюулгүй байдлын албаныхан аль-Багдадиг хөнөөсөн талаар мэдээллийг баталсан байна. Багдади Сирийн Идлиб хотод алагдсан бөгөөд Ньюсвик мэдээллийн агентлагийн мэдээлснээр цэргийн ажиллагааг Америкийн тусгай албаныхан гүйцэтгэжээ. 

 

Тусгай ажиллагаанд нисдэг тэргүүдийг ашигласан бөгөөд агаараас цохилт өгсний улмаас нийтдээ есөн хүн амиа алдсан байна. 


 Абу Бакр аль-Багдади гэж хэн бэ?

 

Исламын улс бүлэглэлийн тэргүүн аль-Багдадиг №1 дайсан хэмээн нэрлэдэг бөгөөд түүнийг олон жил ангуучилж байгаа юм. 

 

2011 оны 10 дугаар сард АНУ түүнийг албан ёсоор "алан хядагч" гэж нэрлэх болсны дээр түүний байгаа газрыг мэдээлсэн хүн 10 сая долларын хэмжээтэй шагнал амлаж байв. 

 

Түүний жинхэнэ нэр нь Ибрагим Авад аль-Бадри. 1971 онд Багдадаас 125 км зайд байх Самарра хотоос холгүйхэн төрсөн.  Зарим эх сурвалжийн мэдээлснээр 2003 онд Самаррад сүмд эвслийн хүчнийхэн дайралт хийх үед тэрбээр сүмийн сахилтан байсан гэдэг.

 

Түүнийг Иракийн Ерөнхийлөгч Саддам  Хусейн төр барьж байх үед л экстремист үзэлтэй болсон байсан гэж зарим шинжээчид үздэг бол Аль-Каидагийн олон удирдагчид хоригдож байсан Иоакийн өмнөд хэсэгт байх Кэмп-Буккад байх хугацаандаа алан хядах үзэл сурталд автсан буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд л энэ зам мөрийг сонгосон гэж үзэх хүмүүс ч бий.

 

Багдадиг Сири-Иракийн хил хавьцаа нуугдаж байгаа гэж таамаглаж байв. Өнгөрсөн сарын 16-ны өдөр Исламын улс бүлэглэл 30 минутын аудио бичлэг тараасан бөгөөд бичлэг дээрх хүнийг Багдади гэж таамаглаж байв. Тэрбээр бичлэг дээр ярихдаа цэргийнхэн өдөр бүр ажиллагаа явуулж байгаа гээд өөрсдийнх нь бүлэглэлтэй холбоотойгоор буруудан Ирак, Сирид хоригдож байгаа эмэгтэйчүүдийг суллахыг өөрсдийнхөө дэмжигчидэд хандан уриалж байв. 

 

Мөн энэ бичлэгт АНУ болон түүний утсан хүүхэлдэйнүүд Ирак, Афганистаныг сүйдлээд цааш Мали, Нигерийг онилж байна хэмээн Багдади өгүүлсэн байв.

 

Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг Сирийн Ракка хотоос холгүйхэн Оросын агаарын цохилтын улмаас амиа алдсан байж болзошгүй гэж Оросын Батлан хамгаалах яам мэдээлж байлаа. Тухайн үед Оросын цэргүүд бүлэглэлийн тэргүүнүүдийн уулзалт болж байсан барилга дээрээс агаарын цохилт өгсөн юм. 

 

Гэвч АНУ тэргүүтэй олон улсын алан хядагчдын эсрэг эвсэл энэ мэдээллийг баталгаажуулж чадаагүй. 

 

Исламын улсын тухай товчхон: 

 

  • 1999 онд Иракд “Жамаат ат-Таухид валь Жихад” нэртэйгээр үүссэн. 
  • 2004 онд Аль-Каида бүлэглэлтэй нэгдэж, “Ирак дахь Аль Каида” нэртэй болжээ. 
  • 2006 оны 10 дугаар сард исламын бусад хэт даврагч бүлэглэлүүдтэй нэгдсний дараа “Исламын улс Ирак” гэж тунхагласан байна. 
  • 2013-2018 оны хооронд ихэвчлэн Сири, Иракийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж, өөрсдийгөө “халифат” гэж нэрлэсэн.
  • Сири,Иракаас гадна Исламын улсын харьяанд байдаг бүлэглэлүүд Афганистан, Египет, Йемен, Ливи, Нигер, Сомали, Конго зэрэг орнуудад багахан нутаг дэвсгэрийг хяналтандаа оруулсан бол Хойд Кавказ, Алжир, Индонези, Ливан, Пакистан, Саудын Араб, Тунис, Филиппин зэрэг орнуудад алан хядах ажиллагаа явуулдаг байна. 
  • Исламын улсын эсрэг орон нутгийн хүчний цэргийн ажиллагааг АНУ тэргүүтэй барууны улс орнуудын олон улсын эвсэл, Орос болон бусад орнууд дэмждэг юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин