Улсын тэмдэгт төлөхийн тулд банк орох шаардлагагүй болжээ
2019-10-28

Улсын тэмдэгт төлөхийн тулд банк орох шаардлагагүй болжээ. Учир нь ирэх сарын 1-нээс тус хураамжийг Киоск машин ашиглан төлөх боломж бүрдсэн байна. Шүүхэд нэвтэрч буй энэхүү цахим үйлчилгээний талаар өнөөдөр /2019.10.28/ Шүүхийн мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг, "Гэрэгэ системс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал А.Отгонбаяр нар мэдээллээ.

 

Шүүхийн ерөнхий зөвлөл "Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр болсон байна. Хамгийн их ачаалалтай буюу Нийслэлийн төвийн 6 дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсөн архивт энэ цахим төлбөрийн системийг эхний ээлжид нэвтрүүлсэн байна.

 

 

Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тул харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж "Татварын нэхэмжлэх” гаруулан авч, энэ "Татварын нэхэмжлэх”-н дагуу банкинд дугаарлан гүйлгээ хийн баримтыг шүүхэд өгдөг байсан. Нэг иргэн энэ үйлчилгээг авахын тулд гурван шат дамждаг байсан бол одооноос Киоск машин ашиглаад нэг л үйлдлээр авах боломж бүрдсэн гэдгийг "Гэрэгэ системс" ХХК-аас мэдээллээ.

 

 

Харин энэхүү систем нэвтэрснээр шүүхийн байран дахь болон бусад цэгт байрлуулсан киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг хэдэн секундийн хугацаанд төлж шууд шүүхэд хандах боломжтой боллоо. Шүүх болон төрийн бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой "Гэрэгэ” киоск нь Улаанбаатар хотод 50 цэгт байрлаж байгаа юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин