Биднийг мунхаг болгодог өдөр тутмын зуршлууд 
2019-10-29

 

Хөдөлгөөн багатай байх, тамхи татах, байнга согтууруулах ундаа хэрэглэх нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ өдөр тутамд хэвшил болсон зүйлс бидний тархинд сөргөөр нөлөөлж байдгийг тэр бүр анзааралгүй орхидог. Сүүлийн үеийн судалгаанууд дээр үндэслэн AdMe.ru хүмүүсийн тэр бүр төсөөлөөгүй ч бидний мунхаг болгодог зуршлуудыг жагсаажээ. 


Мөрөөдөхгүй байх 

 

Хүн мөрөөдөх үед бие махбодь амарсан мэт санагдах ч тархи идэвхитэй ажиллаж байдаг аж. Тухайлбал хичээл орж байх үед сурагчид нь багшийнхаа хэлсэн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж, “дэмий зүйл бодож байгаа”-д багш нар дургүйлэхн, сурагчдыг зэмлэх нь элбэг. Гэхдээ яг ийм үед тархи маш сайн бэлтгэл хийж байдаг аж. 


Эрдэмтдийн үзэж байгаагаар, хийж буй ажлаасаа огт өөр зүйл бодох, зөгнөн мөрөөдөх нь шаардлагатай мэдээллийг санахад тусладаг гэнэ. 

 

Муу гэрэлтүүлэг
  

Гэрэлтүүлэг муутай орчинд удаан байх, тэр тусмаа ийм нөхцөлд ажиллах хэрэггүй. Саяхны судалгаанаас харахад бүдэг гэрэлтүүлэг хүний сурах, цээжлэх чадварыг сулруулдаг байна.  Муу гэрэлтүүлэг ахмад настнууд болон сэтгэн бодох чадварыын алдагдалтай хүмүүст илүүтэй нөлөөлдөг гэнэ. 


Судалгааг явуулахдаа эрдэмтэд дөрвөн хархан дээр туршилт хийж, тэднийг дөрвөн долоо хоногийн туршид бүдэг гэрэлтэй байранд байлгажээ. Энэ хугацаанд хархнуудын тархины сурах, ой санамжийн хэсгийн идэвхижилт 30 хувиар буурсан байна. Харин туршилтанд орсон хархнуудыг гэрэлтүүлэг сайтай байранд байлгахад дөрвөн долоо хоногийн дотор тархины үйл ажиллагагаа нь бүрэн сэргэжээ. 


GPS ашиглах 

 

Чиглэлээ өөрөө гаргах нь хижээл насанд ч оюун ухаан саруул байхад нөлөөлдөг гэнэ. Байнга чиглүүлэгч ашигласнаар энэ чадвар алдагдах бөгөөд өөрсдөө орон зайд чиглэлээ олдог хүмүүс GPS ашигладаг хүмүүстэй харьцуулахад илүү идэвхитэй, бүтээлч байдгийг эрдэмтэд тогтоожээ. 


Мөн өдөр тутмын чиглэлээ үе үе өөрчлөн, дадал болоогүй замаар явах нь тархийг сэргээгээд зогсохгүй Альцгеймерийн өвчнөөс сэргийлдэг аж. 


Харилцааны явцуу хүрээ 


Бид ихэвчлэн ижил сонирхол, дадал зуршилтай хүмүүстэй нөхөрлөдөг. Товчхондоо бол өөрсөдтэйгээ ижил хүмүүсээ л харилцааны хүрээндээ оруулдаг. Гэтэл ийм харилцаа нь тархины нарийн идэвхижилт шаарддаггүй, бид тэдэнтэй харилцахад амар хялбар учраас автоматаар сэтгэж эхлэдэг гэнэ. 


Харин биднээс огт өөр хүмүүстэй харилцахад тэр бүр сэтгэлд таатай байдаггүй ч шинэ зүйл олж авах, хөгжихөд сайнаар нөлөөлдөг аж. 


Дуу чимээ ихтэй орчин 


Хотын оршин суугчид өдөр бүр автомашины дуут дохио, офис, кафен чимээ гээд байнгын их чимээн дунд амьдардаг. Гэтэл энэ чимээ зөвхөн сонсголд төдийгүй ой санамжинд ч нөлөөлдөг нь тогтоогджээ. Тодруулбал саяхны судалгаагаар сонсгол муутай хүмүүс ой ухаан муудах, мэдээллийг муу хүлээж авдаг нь тогтоогдсон байна. Тиймээс сонсголоо бүхий л аргаар хамгаалах, тухайлбал дуу чимээ нэвтрүүлдэггүй сайн чанарын чихэвч хэрэглэхийг судлаачид зөвлөжээ. 


Интернетийн хамаарал 


Дэлхий даяар хүмүүсийн IQ улам бүр муудаж байгааг эрдэмтэд анхааруулжээ. Дэлхий даяар боловсрол, шинэ технологиудын түвшин улам бүр өндөр болж байхад яагаад хүмүүсийн оюуны чадамж муудаж байгаа вэ? Энэ асуултад судлаачид хариулахдаа бид өөрсдөө хөгжих боломжоо хязгаарласан орчныг бүрдүүлж байгааг сануулжээ. 


Бид ямар нэг баримт, мэдээлэл цээжилдэггүй, түүний оронд үргэлж утас, компьютерээсээ интернэтээр хайн шаардлагатай зүйлээ олдог. Ингэснээр бид бодит мэдлэгээс аажмаар татгалзан, гагцхүү цахим туслахдаа найддаг болно гэсэн үг. 


Гомдоллох 


Хүн бусадтай ярилцахдаа дунджаар нэг минутанд нэг удаа юунд ч юм гомдоллодог гэнэ. Тархи ийнхүү байнга гомдоллоход дасан зохицож, аажмаар хүн дадал болон өөрөө  анзааралгүй байнга “гонгинодог” болдог аж. 


Харин ийнхүү байнга гомдоллосноос болж бидний тархи асуудлыг шийдэх, оюун ухааны хувьд хөгжихөд хүндрэл үүсгэдэг гэнэ. 


Олон зорилтыг нэг дор шийдвэрлэх 


Олон зорилтыг нэг дор шийдвэрлэх гэж оролдох нь тархийг улам эрчимтэй ажиллуулах мэт санагдах ч үнэндээ тийм биш. Хүн мэдээллийн нэгээс илүү урсгалыг чанартай боловсруулж чаддаггүй бөгөөд олон зорилттой тулгарвал тэдгээрийг зөвхөн өнгөн хэсгээр нь л шийдвэрлэдэг аж. Түүнчлэн олон зорилт шийдвэрлэх шаардлагатай ажил байнга хийдэг бол энэ нь оюуны чадамжийг 15 пунктээр бууруулдаг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Ийм ажил хүний оюун ухааныг доройтуулахын дээр шинэ зүйл танин мэдэх чадварыг бууруулдаг аж. 


Орой цагаар бэлтгэл хийх 


Хөдөлгөөн бидний эрүүл мэнд, тэр дундаа идэвхитэй, хурц оюун ухаантай байхад нэн тустай. Өглөөгүүр биеийн тамирын дасгал хийх нь үр бүтээмжтэй ажиллах, бодисын солилцоог идэвхижүүлэхэд тусладаг. 


Харин оройн цагаар бэлтгэл хийх нь эсрэгээрээ, маш сөрөг нөлөөтэй гэнэ. Идэвхитэй хөдөлгөөн адреналины түвшнийг нэмэгдүүлж, бидний бие организм амрахад биш харин ажиллахад бэлэн болдог бөгөөд улмаар бэлтгэлийн дараа бат бөх унтаж чаддаггүй байна. Түүнчлэн хүний бие амрах, нөхөн сэргээгдэх үе нь гагцхүү шөнө байдаг тул бэлтгэлийн дараа муу унтаж, эрч хүчээ алддаг. 


Өглөөгүүр дасгал хийх боломжгүй бол оройн цагаар бэлтгэл хийсний дараа аль болох их ус ууж, уурагтай хүнс хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
өлсөхөөр толгой эсрэгээрээ сайн ажилдаг гэж бат отгоны лекценд
2019-10-30
ЯЛГАА ЮУН:
УГНАНГААСАА МУНХАГ ЮМ ЧИНЬ
2019-10-29