Калифорнид 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлнэ
2019-10-29

Калифорнийн хойд хэсэгт ойн түймрийн улмаас 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон тухай Ассошейтед Пресс агентлаг мэдээллээ. 

 

"Кинкейд" хэмээн нэрлэгдсэн гал түймэр өнгөрсөн долоо хоногийн дунд үеэс Калифорнийн хойд хэсэгт эхэлсэн бөгөөд хэдийнэ 17 тойрог, 220 кв.км газрыг хамарч, 94 байгууламжийг устгасан байна. Дахин 80 мянган барилга байгууламж галд өртөх аюултай байгаа аж. 

 

Гал түймрийн хамрах талбай улам нэмэгдэж байгаа ч хуурай цаг агаар, салхины хурдны улмаас түймрийг унтраахад хүндрэл учирж байгаа гэнэ. Ийм нөхцөлд гал унтраах нь дарьтай торхтой ажиллаж байгаатаөй адил хэмээн Калифорнийн ойн хэлтсийн төлөөлөгч мэдэгджээ. 

 

Гал түймрийн улмаас Сан-Франциско орчимд холбооны замыг хоёронтоо хаасан байна. "Ирэх 72 цаг туйлын хүнд байх болно " хэмээн мужийн захирагч оршин суугчдад хандан мэдэгджээ. 

 

Мөн 10 дугаар сарын 25-ны өдөр Рacific Gas & Electric Co (PG&E) эрчим хүчний компани 2 сая орчим хэрэглэгчиддээ хандан 10 дугаар сарын 28-ныг хүртэл гэрэлгүй болж болзошгүй талаар анхааруулсан байна. Энэ нь цахилгаан дамжуулах шугам тасарсны улмаас гал түймрийн голомт шинээр үүсэх эрсдлийг бууруулна гэж эрчим хүчний компанийнхан үзжээ. 

 

Түүнчлэн Калифорни мужийн 58 тойргийн 43-д нь гал түймэр үүсэх эрсдлээс шалтгаалан өндөржүүлсэн түгшүүр зарласан байна.

 

Энд дуулгахад, өнгөрсөн онд энэ мужийн түүхэн дэх хамгийн хөнөөлт ойн түймэр гарч, 300 мянган хүн орон гэрээ орхин, 85 хүн амиа алдсан юм.  Энэ түймэр дээр дурьдсан эрчим хүчний компанийн өндөр вольтын шугаманд осол гарснаас үүдэлтэй гэсэн дүгнэлт гарч байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Munkhnar eej munkhnaran eejee
2019-10-30