Ө.Ганхуяг: УИХ төслөө татаж, уучлал гуйх ёстой
2019-10-29

АИХ-ын гишүүн, Ардын хянан шалгах хорооны нэгдүгээр орлогч, Монгол Улсын сайд асан Ө.Ганхуягтай ярилцлаа.

 

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх шийдвэрийг УИХ гаргалаа. Гэсэн ч Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа үлдээгүй. Энэ байдлаар бид ойрын 10 жилд Үндсэн хуулиа өөрчилж чадахааргүй болчихов уу даа?

 

-Үндсэн хууль  Монголын ард түмний оюун санааны бүтээл юм. Иймд  нэмэлт, өөрчлөлт оруулахад хариуцлагатай хандах ёстой. УИХ-аас  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, улмаар уг төслийн талаар ард нийтийн санал асуулга явуулах тухай 73 дугаар тогтоол гаргасан. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Ард нийтийн санал асуулга явуулах тухай дээрхи тогтоолд хориг тавьсан. Одоо УИХ-аас гуравдугаар хэлэлцүүлэгт бэлдэх гэнэ. Ер нь бол Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэрхэн батлах вэ гэдэг асуудал гацаанд орсон.

 

Үүнээс гарахын тулд УИХ-ын даргын захирамжаар эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын зөвлөлийн төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа ч  хоорондоо хэл амаа ололцохгүй,  зөвшилцөлд хүрч чадахгүй нь тодорхой байгаа. Ардчилсан намын зөвлөлөөс гурван саналыг, тодруулбал сонгуулийн тогтолцоог холимог буюу пропорциональ байлгах, Ерөнхийлөгчийг парламентаар сонгодог болгох, Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг болох гэсэн саналыг хүлээж авахгүй бол нэмэлт, өөрчлөлтийг  хэлэлцэхэд оролцохгүй гэж тулгадаг. Дээр  нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлгээр эцэслэн тогтож, ард нийтийн саналыг авахаар боловсруулсан төслийг ард иргэдийн дийлэнх олонх ойлгож мэдэхгүй байна. Тухайлбал, TV-9 телевизээр долоо  хоног бүр явуулж байгаа ярилцлагын үеэр “Үндсэн хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийн 25 зүйл 35 заалтыг хэр мэдэж байна вэ” гэсэн асуултад саналаа өгсөн иргэдийн 94 хувь нь мэдэхгүй гэж хариулсан.  Ийм нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал явуулах нь хэлбэрийн төдий, байж болшгүй зүйл юм. Нэг ёсондоо иргэдийн дийлэнх олонхийн  мэдэхгүй асуудлаар ард нийтийн саналыг хүчээр авч, уг асуудлыг ард нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн хууль бус үйлдэл болно. Ийм төслөөр ард иргэдийн санал асуулга явуулж болохгүй.

 

-Үндсэн хууль тогтоогчдын холбооны хяналтын зөвлөлийг тэргүүлдэг, 1992 оны шинэ Үндсэн хуулийг  батлалцсан хүний хувьд  та 62 гишүүний өргөн барьсан төсөлд дүгнэлт  хийсэн байх?

 

-Хүмүүс Үндсэн хууль болохгүй байна гэж шүүмжилдэг. Нийгэмд эмх замбараагүй байдал тогтоож, дураар авирлах явдал газар авч, төрийн өмчийг идэж ашиглахаас авахуулаад бүх сөрөг зүйл Үндсэн хуулиас болж байгаа мэтээр ярьдаг. Үүн шиг худал зүйл байхгүй. Энэ бүхэн Үндсэн хуулийг  мөрдөөгүй, бүрэн хэрэгжүүлээгүйгээс болсон. 2000 онд Үндсэн хуульд дордуулсан долоон  өөрчлөлт оруулснаар хамгийн чухал үзэл баримтлалыг нураасан.

 

62 гишүүний өргөн барьсан  нэмэлт, өөрчлөлтийн төслийг бүгдийг үгүйсгэж болохгүй. Олон улстөрч, хуульч, эрдэмтдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн энэ төсөлд хэрэгжүүлж болох нааштай зүйлүүд бий. Гэхдээ Үндсэн хуульд тусгах шаардлагагүй бусад хуулиар зохицуулж болох аар саар зүйлийг хамааруулсан зарчмын томоохон өөрчлөлт алга. Ийм зүйлийг яарч хийхийн оронд 2000 онд  оруулсан долоон өөрчлөлтийг  хүчингүй болгоод  Үндсэн хуулиа хэвээр мөрдсөн нь дээр. Дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн  цэц аль эрт хүчингүй болгосон ч  УИХ өдий хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа нь тэдний  өөрсийнх нь буруу шүү дээ.

 

-Тэгвэл Ерөнхийлөгчийн саналын  тухайд та  юу хэлэх вэ?

 

-Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан төсөл нь 62 гишүүний өргөн барьсантай  зарчмын хувьд ойролцоо байсан учир сонгуулийн хугацааг таван жил болгох, УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох гэсэн зарчмын саналууд нь хэлэлцүүлгийн үеэр унасныг эс тооцвол нэг, хоёр дугаар хэлэлцүүлгээр хамт яригдаж, одоогийн төсөлд тусгагдсан гэж болох юм.

 

-Хоёр төслийг нэгтгэж, үндсэндээ хоёр нам тохиролцоондоо Ерөнхийлөгчийг татан оролцуулсан гэвэл та санал нийлэх үү?

 

-МАН, АН-ынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар АН-аас санал болгож байгаа зөрүүтэй гурван саналаас бусад асуудалд  үндсэндээ санал нэгдэж, хэтэрхий яарч түргэн батлахыг эрмэлзэж байна. Гэхдээ МАН-ын зүгээс АН-аас тавьж буй дээрх гурван тулгалтыг хүлээн зөвшөөрөх, эсэхэд шийдвэрээ эцэслэн гаргаж чадаагүй. МАН зарчмын байр суурьтаа  хатуу зогсвол АН-ын саналыг хүлээж авах боломжгүй. Хэрэв хүлээж авбал “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2 дахь  заалтыг зөрчиж, хуйвалдааны өөрчлөлт нь Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг болно. УИХ ингэж  хууль зөрчсөнөөс  нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байсан нь дээр. Анхнаасаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал нь Нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн. Уг өөрчлөлтөд зориулж тусгайлан баталж гаргасан  бие даасан хуулийг дагаж мөрдөөгүй. Иймээс  АИХ-ын депутат асан Г.Нороврагчаа, Б.Пүрэвдорж, Д.Чилхаажав нар энэ асуудлаар Цэцэд хандсан. Цэц  гомдлыг  хүлээн зөвшөөрч хэрэг үүсгэн шалгаж байна. Үүнийг  эцэслэн шийдвэрлэтэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёсгүй. Гэтэл УИХ  хууль  зөрчин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцэж байгаа нь буруу.  Шийдвэр гартал хэлэлцүүлгийг зогсоох ёстой.

 

УИХ-аас боловсруулсан  төсөл эрх зүйн хувьд хэрэгжүүлэх боломжгүй. Харин ч энэ асуудлаараа ард түмнээс уучлалт гуйж, улмаар энэ төслөөр ард нийтийн санал асуулга явуулах болон  гуравдугаар хэлэлцүүлэг хийх үйл ажиллагааг зогсоож, боловсруулсан төслөө буцаан татаж авах нь зүйд нийцнэ.

 

-Үндсэн хуулийг өөрчлөхөөр тусгасан 50 гаруй зүйл, заалт дотор ард түмний хүлээлтэд нийцсэн нь хэр олон байгаа бол?

 

-Төр бол ард түмэнд үйлчилдэг байгууллагын хувьд ард түмний байнгын хяналтад байх ёстой. Гэтэл эсрэгээрээ төр ард түмний дээр оршиж байна. Ард түмэн төрийн дээр орших ёстойн хувьд эмхлэн байгуулагдсан төр, засгийн зүгээс үйлчлэгчийнхээ үүргийг хангалттай биелүүлээгүй, эсвэл Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ард түмний төлөөллийн байгууллагаараа дамжуулан хугацаанаас нь өмнө огцруулж, дараачийн төр, засгийг эмхлэн байгуулах эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой.

 

Манайд төрд тавьдаг хяналтын тогтолцоо 1990 оноос хойш бүрэн алга болсон. Хууль тогтоох дээд байгууллага УИХ, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгчдэд хяналт тавьдаг байгууллага байхгүйгээс тэд дураараа авирлаж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, эцэстээ нийгэм, ард иргэдийг хохироож байна. Иймээс Үндсэн хуульдаа зарчмын дорвитой өөрчлөлт хийж, парламентыг хоёр танхимтай болгох замаар төрд тавьдаг хяналтын тогтолцоог шинээр бий болгох шаардлага өнөө цагт зүй ёсоор тавигдаж байна.

 

Манай улсад парламентын хоёр танхимтай байсан туршлага бий. 1990 онд хууль тогтоодог Улсын Бага Хурал /УБХ/  түүнд хяналт тавьдаг Ардын Их Хурал /АИХ/-тай байсан. Иймээс энэ тогтолцоог цаашид сэргээж засаг захиргааны нэгж бүрийн төлөөлөлтэй АИХ буюу дээд танхим, хууль тогтоодог УБХ буюу доод танхимыг бий болгох хэрэгтэй байна.

 

Парламент хоёр танхимтай болсон үед ард иргэд сум, дүүрэг, хорооноосоо өөрийн төлөөллийг АИХ буюу дээд танхимд сонгож, төрийг удирдах хэрэгт оролцох оролцоо, эрх мэдэл эрс сайжирч, төр ард түмний холбоо улам ойртоно. Парламент 1990-1992 онд хоёр танхимтай байх үед анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг Ардын Их Хурлаас сонгож байсан юм. Хэрэв парламент хоёр танхимтай болвол Ерөнхийлөгчийг парламентаас сонгож болох хэдий ч бараг жил бүр огцорч байдаг хэврэг Ерөнхийлөгчтэй болох муу талтай учир ингэх хэрэггүй биз. Ерөнхийлөгч гадаад харилцаанд улс эх ороноо бүрэн төлөөлөх эрхтэй тул түүнийг тогтвор суурьшилтай ажиллуулахын тулд бүх ард түмнээс сонгох нь зүйтэй юм.

 

Хэрэв бид парламентыг хоёр танхимтай болгохгүй бол төрийн эрх барих дээд байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч эдгээр байгууллагууд урьдын адил бүхний хараа хяналтаас гадуур байж, тэд эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, дураараа авирлаж улс эх орон, ард иргэдийн  эрх ашгийг хохироосон хэвээр байх болно.

 

-УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр Ерөнхийлөгчийн засаглалын тухай ч хөндөж байсан. Эсэргүүцэх хүн ч цөөнгүй байлаа. Монголд тохирно, тохирохгүй, дарангуйлагч төрнө гэхчлэн талцах, толхилцох юм ч бишгүй гарсан?

 

-Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа парламентын засаглалыг сонгосныг зүйтэй шийдэл гэж боддог. Цаашдаа ч ийм байх нь зүйтэй болов уу.  Манайд Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй. Учир нь төр, засгийн харьцангуй их эрх мэдэл нэг хүний мэдэлд төвлөрч, ингэснээр тэрээр хэтэрхий туйлширч, дураараа авирлан, эрх мэдлээ дарангуйлалд урвуулж, улс нийгэм, ард иргэдийг хохироохыг үгүйсгэхгүй. Ийм уур амьсгал аль хэдийнэ мэдрэгдээд эхэлчихсэн шүү дээ. Үүнийг ч ард иргэдийн нэлээд нь ойлгож Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэн шүүмжилсээр байна. Нэгэнт манайд тохирохгүй засаглал учир энэ тухай ярих шаардлагагүй.

 

-Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт хэнд ашигтай байхаар байна вэ, ард түмэнд үү?

 

-Ардчилсан нийгэмд ард түмний эрх ашиг юу юунаас дээгүүрт байх ёстой. Ийм ч учраас төр хүний эрх, эрх чөлөөг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ард иргэдийн эрх ашиг сайжрах ёстой. Хэрэв Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа одоогийн өнгөц өөрчлөлтөөр бол ард иргэдийн эрх ашигт нийцсэн олигтой ахиц өөрчлөлт гарахгүй, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нэр хүлээж, даруй 10-аад жил Үндсэн хуульдаа дахиад гар хүрч болохгүй хортой үр дагаврыг бий болгож мэднэ. Иймээс өнөөдрийн үүсээд байгаа бодит нөхцөл байдлыг харгалзан  төслийн саяын хэлэлцүүлгийн үеэр ард иргэдээс санал болгоод байгаа Үндсэн Хуульд зарчмын өөрчлөлт оруулах гэсэн дараах гурван  гол асуудлаар эхлээд ард нийтийн санал асуулга явуулмаар санагдана.

 

  1. Парламент хоёр танхимтай байх, эсэх

 

       2.Сонгуулийн тогтолцоо можаритор байх уу, пропорциональ байх уу

 

  1. Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс сонгох уу, парламентаас сонгох уу

 

Энэ  санал асуулгын дараа шинээр сонгогдсон парламентын гишүүд, улс төрийн бүх намын оролцоотойгоор Үндсэн хуульд зарчмын өөрчлөлт оруулах төслөө боловсруулж, ард нийтээр хэлэлцүүлэн саналыг нь авч, улмаар шинээр сонгогдсон УИХ (Ардын Их Хурал)-аар хэлэлцүүлж батлуулах нь зүйд нийцнэ. Энэ бол Үндсэн хуулийн жинхэнэ бодит өөрчлөлт болж чадна. Иймээс одоогийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах, эсвэл УИХ-ын  гуравдугаар хэлэлцүүлэг хийхийг зогсоох хэрэгтэй.

 

-Улс төрийн намууд, нэр бүхий улстөрчид, тодорхой бүлэглэлүүд өөрсдийн томъёоллыг оруулах гэсэн  ашиг сонирхлын  зөрчилтэй санагдах юм?

 

-Өнөөгийн УИХ  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлах нь ёс зүйн хувьд зохимжгүй юм.  УИХ-д суудалтай МАН, АН харилцан бие биедээ хүчээр тулгалт хийж хоёр тийш хараад суучихсан, эрх баригч МАН-ын 64 гишүүн хоёр хуваагдаж бие биеийнхээ эсрэг сөрөөд зогсчихсон, дотроо тодорхой бүлэглэлүүд болоод хуваагдчихсан, нэлээд нь ЖДҮ, 60 тэрбумын хэрэг болон хөрөнгө мөнгөний асуудалд холбогдоод хуулийн байгууллагаар шалгагдаж байна. Ийм ёс суртахууны доголдолтой хүмүүсээс бүрдсэн УИХ-аар  оройдоо шүтэж явдаг Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж сэвтүүлмээргүй байна.

 

-Хариуцлагын тухай огт дурдаагүй  Үндсэн хуулийн төсөл байж болох уу?

 

-Хариуцлагын талаар бид байнга ярьдаг ч ярихаас хэтэрдэггүй. Гол шалтгаан нь УИХ-д ихэнхдээ мөнгөтэй хүмүүс орж ирэн  бизнесийн бүлэглэлүүдийг атгаад суучихсан, мөнгөтэй буюу эрх мэдэлтэй хүмүүс хэнд ч захирагдалгүй  дураараа дургиж байгаа явдал юм. Тэд ямар ч хариуцлага хүлээдэггүй, хэнд ч дийлдэхээ больсон. Ард түмэндээ худал ярьж, хуурамч амлалт өгөн  мэхэлж гарч ирчихээд ийм л зүйл хийгээд сууж байна шүү дээ. Гадны үндэстэн дамнасан бүлэглэлүүд ч  ороод ирчихлээ. Дүр эсгэсэн хуурамч ардчиллын жишээ нь Монгол Улс боллоо. Талцал хуваагдал хэрээс хэтэрлээ. Энэ нь сайн зүйл  авчрахгүй. Харин ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаас илүү аюултай зүйл болчихлоо.

 

Төрийн дээр нам гарчихсан өнөө үед сонгуульд ялсан нам дураараа дургиж байна. Аль нэг улс төрийн нам сонгуульд ялангуутаа өөрсдийн хүмүүсээ ажилд авч, хуучныг нь  халж хэлмэгдүүлдэг. Засгийн газрын танхимыг бүрдүүлж байгаа бүх сайд, УИХ-ын гишүүд дотроосоо томилогдож бүгд давхар дээл өмсчихдөг. Боловсруулсан төсөлд Ерөнхий сайдаас гадна УИХ-ын  дөрвөн  гишүүн сайд байхаар тусгасан нь  буруу. Энэ нь ажлын хариуцлагыг сулруулж,  цалгардуулах  уршигтай. Цаашид зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын  гишүүн байж болох юм.

 

УИХ-д зөв хүнийг сонгох нь сонгуулийн тогтолцоотой холбоотой учир Үндсэн хуульдаа  сонгуулийн тогтолцоог шууд зааж тусгах нь зүйтэй. Ингэснээр дөрвөн  жил тутам сонгуулийн  тогтолцоог өөрчилж ирсэн гажуудал арилна.

 

-Ардын Хянан Шалгах Хороог бий болгох (хариуцлагыг сайжруулах) саналыг МАХН тавьдаг. Энэ байгууллагад  ажиллаж байсны хувьд та  юу  гэж үзэж байна вэ?

 

-Бүх шатны төрийн байгууллага, албан тушаалтны сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд тэдгээрийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтын системийг бий болгох хэрэгтэй байна. Төрийн албан тушаалтны хүнд суртал, чирэгдэл, ажлын хариуцлагагүй байдлаас болж улс, ард иргэд хохирох явдал улам бүр газар авсаар байна. Төрийн албыг цөөн чадварлаг хүмүүсээр бүрдүүлэх хэрэгтэй. Төрийн аппаратын бүтэц данхар, орон тоо хэтэрхий их байна. 2000 онтой харьцуулахад төрийн аппаратын бүтэц, орон тоо үндсэндээ хоёр дахин өсчээ. Энэ нь тэр үед нэг хүний хийж байсан ажлыг өнөөдөр хоёр хүн хийж байна гэсэн үг. Ажлын ачаалал багассанаар тухайн хүний хариуцлага сулрах нь гарцаагүй. Нүсэр бүтэц, орон тоог зоригтой цомхотгох хэрэгтэй.

 

МАХН-аас дэвшүүлсэн Ардын Хянан Шалгах Хороог байгуулж төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавиулах гэсэн саналыг бүрэн  дэмжиж байгаа.

 

Ардын хянан шалгах байгууллагыг 1990 онд татан буулгаснаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд тавьдаг хөндлөнгийн хяналт үгүй болсон. Зөвхөн өмч хувьчлалаар жишээ болгоход өмч хувьчлал нэрээр төрийн болон хоршоолол, олон нийтийн өмчийг буруу хувьчилж, цөөн хүн завшиж, ард иргэдийн ихэнх нь түүнээс хувь хүртэж чадалгүй хоосон үлдсэн нь үүний нэг тод илрэл юм. Ардын Хянан Шалгах байгууллагыг татан буулгаж, прокурорын ерөнхий хяналтыг устгасан нь үнэхээр алдаа болсон, түүний гайг одоо ч эдэлсээр байна.

 

Иймд хууль тогтоомжийн хэрэгжилт, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны сахилга хариуцлагын байдал, төрийн өмчийн бүрэн бүтэн байдалд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хэнээс ч хараат бус төр, олон нийтийн хяналтыг хосолсон Ардын хяналт шалгалтын тогтолцоог бий болгох нь зүйтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Shuud.mn
Сонин хачин