С-400 болон Сири дэх ажиллагааны улмаас АНУ Туркийн эсрэг хориг тавина
2019-10-30

АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Сирийн зүүн хойд хэсэгт Туркийн явуулсан цэргийн ажиллагаа болон Оросын зенит пуужингийн С-400 систем худалдан авсантай холбоотойгоор Туркийн эсрэг хориг арга хэмжээний багц хэрэгжүүлэх санаачилгыг дэмжжээ. 

 

PACT Act нэртэй энэхүү багц баримт бичгийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сирид цэргийн ажиллагаа явуулсан хэрэгт холбоотой этгээдүүд тэр дундаа Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акарагийн эсрэг хориг тавих үүрэгтэй болж байгаа юм. Түүнчлэн "Хориг арга хэмжээ авах замаар Америкийн сөргөлдөгчдийг сөрөн зогсох тухай" хуулийн дагуу Вашингтон Анкара С-400 худалдан авсантай холбоотойгоор Турк улсад хориг арга хэмжээ авах юм байна.

 

Хориг тавих санаачилад тусгагдсан заалтууд

 

Хуулийн төслийн тайлбарт өгүүлснээр Трамп "Туркийн батлан хамгаалахын сайд зэрэг Сири рүү довтолсонтой холбоотой тодорхой албан тушаалтнуудын эсрэг Трамп хориг тавих ёстой" аж. 

 

"Төрийн департамент Сири рүү халдсан Туркийн албан тушаалтнуудын талаарх мэдээлэл болон Турк улсад Сири рүү довтлоход нь ашиглагдаж болзошгүй цэргийн бараа үйлчилгээ, технологийг тус улс руу санаатайгаар нийлүүлсэн гадаадын иргэдийн тухай мэдээллийг Ерөнхийлөгч болон Конгресст өгөх үүрэгтэй. Эдгээр гадаадын иргэдэд мөн хөрөнгийг нь царцаах АНУ-ын нутаг дэвсгэр рүү нэвтрэхийг нь хориглохтой холбоотой хориг арга хэмжээ авах ёстой" хэмээн баримт бичигт өгүүлжээ.

 

Түүнчлэн энэ багц баримт бичгийн дагуу Америкийн Ерөнхийлөгч Туркийн Төв банк болон бусад санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг тавих үүрэг хүлээж байгаа юм байна. Эдгээр санхүүгийн байгууллагуудыг Турк улс Сири рүү халдсан хэрэгт холбоотой Туркийн зэвсэгт хүчин, батлан хамгаалахын үйлдвэрлэлийн томоохон гэрээ хэлэлцээрт санаатайгаар тусласан гэж АНУ үзэж байгаа аж.

 

Мөн Америкийн Гадаад хэргийн яам, Сангийн яам болон тагнуулын албыг Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган болон түүний гэр бүлийн гишүүдийн  хөрөнгө, хөрөнгө оруулалт, ажил хэргийн ашиг сонирхол, орлогын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулахыг үүрэг болгожээ.

 

Энэхүү хуулийн төслийг АНУ-ын хууль тогтоох байгууллагын дээд танхимаар хэлэлцүүлэх бөгөөд энэ үеэр ихээхэн хүндрэл учирж болзошгүй талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгрессын сенат дахь бүгд найрамдах намын олонхийн тэргүүн Митч Макконнелл мэдэгдэл хийхдээ НАТО-ын холбоотны эсрэг хориг тавихын өмнө "бүгдийг сайтар бодож тунгаах шаардлагатай" хэмээн мэдэгдэж байсан юм. Энэхүү хуулийн төслийг дэмжих нь Туркийн эдийн засагтай нягт холбоотой Америкийн компаниуд болон АНУ-ын холбоотнуудад ихээхэн хохирол учруулна гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Түрк пйздаа
2019-10-30