Гэр хорооллын айл өрхөд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ
2019-10-30

Ирэх 11 дүгээр сарын нэгнээс эхлэн гэр хорооллын иргэдийн цахилгаан шөнийн тарифийг 100 хувь хөнгөлөх тогтоол хэрэгжиж эхэлнэ. Улаанбаатар хотод 220 вольтын хүчдэл хэрэглэж буй айл өрх сардаа 700 квт, 380 вольтын хүчдэлтэй айл сардаа 1500 квт-ын хөнгөлөлтийг 100 хувь үнэгүй хэрэглэнэ. Харин илүү гарсан хэрэглээний 50 хувийг төлөх ёстой юм. Үүнтэй холбогдуулан  Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл өглөө.

 

 

Засгийн газрын тогтоолын дагуу 2017 оноос хойш жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс дараа жилийн 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны тарифийг 21.00-06.00 цаг хүртэл хугацаанд хөнгөлдөг болсон.

2017 онд 6 тэрбум

2018 онд 9 тэрбум

2019 онд 20 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. 2020 онд 28 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх тооцоог гаргаад буй аж. Уг хөрөнгийг улсын төсвөөс гаргадаг юм.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан “Улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ жилдээ 60-80 мвт-аар нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 1044 мвт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс хэрэглээ 80 мвт-аар өссөн” гэдэг мэдээллийг өглөө.

 

Цахилгааны тарифийн хөнгөлөлтөд 2017 онд 110 мянган өрх хамрагдсан байна. Харин энэ жил Улаанбаатарт 116 мянга, улсын хэмжээнд 160 мянган өрх хамрагдах тооцоо гарчээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин