Ц.Пүрэвдоржийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаан ирэх сард болно
2019-10-30


 

Ийгл ньюс телевизийн “Зочны цагт” хөтөлбөрт Соёлын тэргүүний ажилтан, ДБЭТ-ийн гоцлол дуучин, СУИС-ийн багш Б.Баттөр уригдан оролцлоо.

-Ирэх сарын 18-24-нд Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар алдарт дуучин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаан болох гэж байгаа. Энэхүү уралдаанд хэчнээн орны уран бүтээлчид оролцох вэ. "Пүрэвдорж сан"-г тэргүүлж байгаа хүнийхээ хувьд мэдээлэл өгөхгүй юу?

 

-Эхлээд би өөрийгөө товч танилцуулья. Олон жил дуурийн дуучин хийлээ. 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж агсны сангийн тэргүүнээр  Монгол Улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай ажиллаж байлаа. Энэ санг Пүрэвдоржийн гарын шавьд төлөөлүүлж өгөх нь зүйтэй юм гээд надад хүлээлгэж өгсөн. Санг хүлээж аваад 2019 онд зуны хэдэн сарыг эс тооцвол чамгүй зүйлс бүтээх гээд зүтгэж байна. Энэ онд Пүрэвдорж багшийн маань 90 жилийн ой болж байгаа. Тиймээс ирэх арваннэгдүгээр сарын 18-24-ны хооронд олон улсын гэх тодотголтой дуурийн залуучуудын тав дахь уралдаан зохиогдох гэж байна. Багшийн маань нэрэмжит энэ уралдааныг өнөөдөр мэргэжлийн шинжээчдийн зүгээс аваад үзэхэд Монголын дуучдын чанар чансааг тодорхойлон тэдний ур чадварыг дэмжих нэг номерын уралдаан мөн юм.

 

-Шүүгчээр ямар хүмүүс ажиллах вэ?

 

-Шүүгчдийг одоогоор товлоогүй. Учир нь олон улсын уралдааны шүүгч нууц байдаг. Уралдаантай холбоотой хэвлэлийн бага хурал, эрдэм шинжилгээний бага хурлыг манай уралдааныг хамтран зохион байгуулж байгаа БСШУСЯ, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, СУИС, Пүрэвдорж сан, Монголын урлагийн ажилтны холбоо байна. Олон байгууллага хамтран хийж байгаа болохоор шүүгч нарын асуудлыг хэвлэлийн бага хурал хийн зарлана.

 

-Оролцох дуучдын хувьд  тодорхой болсон уу?

 

-Пүрэвдорж багшийн нэрэмжит уралдаанд өмнө нь хөрш зэргэлдээ ОХУ, Буриад, БНХАУ, ӨМӨЗО гээд тоотой орнуудаас ирж оролцдог байсан. Энэ жил би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд олон улсын уралдааныг ийм жишигт таны ивээл дор явуулбал болох уу, та дэмжиж өгөөч ээ гэдэг асуудлыг тавьсан. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт уралдааны төслөө танилцуулсан. Дэмжье гэсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд төслөө өгсөн. Харамсалтай нь миний энэ төсөл хараахан дэмжигдэж чадаагүй. Хэрвээ миний төсөл дэмжигдсэн бол Итали, Япон, БНСУ-ын дуучид ирэх байлаа.

 

Монголын дуучид өнөөдөр дэлхийн дуурийн топ эхний 10 газарт дуулж байна. Жишээ нь Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин өнөөдөр Италид ид сайхан дуулж байна. Г.Ариунбаатар, Ч.Бадрал гээд олон сайхан дуучид байна. Бүгдээрээ Пүрэвдорж багшийн уралдааныг дамжин цаашаа П.И.Чайковскийн уралдаанд оролцон амжилт үзүүлсэн. Дэлхийн олон улсын А зэрэглэлийн уралдаанд оролцон Гранпри шагнал хүртэн өнөөдөр бүгдээрээ дэлхийн шилдэг дуучид болон Монголынхоо нэрийг гаргаад явж байна.

 

 

-Ц.Пүрэвдорж агсны нэрэмжит дуурийн дуучдын олон улсын уралдаан 4 жилд нэг удаа болдог. Шинэ залуу дуучдыг гарч ирэхэд уралдаан нэлээдгүй үр дүнгээ өгдөг байх?

 

-Пүрэвдорж сангийн өөрийнх нь зорилго байгаа. Би их сургуулийн багшийн хувьд оюутнууддаа хэлдэг “Та нар ахмад үеэ сайн мэдэж бай. Хэн ямар үйл хэрэг хийж байсан. Ид дуулж байгаа залуу дуучид гэнэт л нэг өдөр гарч ирээд дэлхийн дуучин болоогүй. Тэднийг өнөөдөр энэ хүртэл тэмцэхэд суурийг нь тавьсан тулгын гурван чулууны нэг нь миний багш Пүрэвдорж байлаа. Хайдав, Загдсүрэн гээд гурван сайхан эрхэм бий. Бүдүүн хоолойтнууд гэвэл Ардын жүжигчин Жаргалсайхан, Дашпэлжээ, манай Ганбат агсан гээд олон сайхан дуучдыг залгамж халаа болон одоогийн дуучид гарч ирсэн. Тиймээс Пүрэвдорж сангийн гол зорилго нь залуу дуучдыг дэмжих өөрсдийг нь гаргаж ирэх, тэдэнд сургалт сурталчилгаа явуулан энэ хүний үйлс хэргийг таниулах юм.

 

-Одоо дэлхийд гарч байгаа дуучдын хувьд хүүхэд залуус мэдээ мэдээллээр танилцах боломж их байна. Харин Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Пүрэвдорж гуайн тухайд биднээс дээших үе сайн мэднэ, биднээс хойших үе нь мэдэхгүй байна. Энэ үед уралдаан яагаад чансаа өндөр, чухал байгаа гэдгийг Пүрэвдорж гуайгаар илүү таниулж мэдүүлэх хэрэгтэй болов уу. Тэрээр мундаг дуучин төдийгүй, сурган хүмүүжүүлэгч, шүүгч байлаа гээд яригдах байх?

 

-Яг зөв. Пүрэвдорж багш маань Хэнтий аймгийн Сэрүүн Галттай гэдэг газар төрж өссөн. Багш маань олон сайхан дуурийг дуулсан төдийгүй найруулсан. Мөн олон кинонд дүрээ бүтээн үлдээжээ. Сүүлд сурган хүмүүжүүлэх гэдэг их үйлс рүү эргэлт буцалтгүй орон өнөөдрийн СУИС-ийн системийг үндэслэгчдийн нэг.

 

Яагаад Пүрэвдорж багшийн маань уралдаан Монголд нэр хүндтэй байна гэхээр манай багш П.И.Чайковскийн уралдаанд Ази тивээс найман удаа уригдан шүүгч хийж байсан. 32 жил Азиас зөвхөн дуурийн дуучин багш маань уригдан ажилласан гэхээр тэр хүний ямар мундаг гэдгийг дэлхийн хэмжээнд харагдаж байгаа юм. Ингэхдээ Пүрэвдорж багш маань гурван удаа ерөнхий шүүгч хийн  түүнийг битгий солиорой хэмээн Оросын тухайн үеийн нэрт зүтгэлтнүүд хэлсэн байдаг. Бусад шүүгч нар нь солигдож байдаг. Ганцхан Монголын Пүрэвдорж гэдэг буурал үстэй өвгөнийг солиогүй 8 дахь удаагаа уригдан ажилласан. 2002 онд 9 дэх удаагаа багш шүүгчээр ажиллах гэж байхад гарын шавь нь болсон би тэрхүү тэмцээнд явсан. Даанч миний хувь дутан багш хагалгаанд орсон байсан учраас бие нь чилээрхэн явж чадаагүй. Тухайн үед эхний 60-д багтан зогсож байсан учраас багшийнхаа гэгээн үйлсийг мөнхжүүлэхээр явна даа.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Emegtei gaihamsigtai dyyriin dyychin tyn ch heregtei chag asan!!!!:
Manai dyyriin dyylaachidiin char hyree saihan begeed yalanguya eregtei dyychidaaraa delhiid deegyyrt yabj bna!yynd ta nariin gabya zytgel ikhe baigaa ni damjiggyi ee!!gebch yag ene chag yees emegtei dyyriin dyychidaa sain beldeh heregtei baina!charai zys bye byeldar,dyychinii hych chadal geed enyygeeree delhiid neg gaihyylah sain dyychid hed hediig beldbel saihnaa!!!esbel emegtei chadbarlag dyychin er ni garah daa nemergyi yum bolob yy?.....
2019-10-30