Б.Жавхлан: Ашигт малтмалын төлбөрийн давхардлыг эргэж харах хэрэгтэй

Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг ҮХЦ хүчингүй болголоо. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар улсын төсвийн орлого 1.3 их наядаар буурна гэж мэдэгдээд байна. ҮХЦ-ийн их суудлын хуралдаанд УИХ-ыг төлөөлж оролцсон УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас зарим зүйлийг тодрууллаа.
-ҮХЦ-ийн шийдвэртэй холбоотой асуудал маргаан дагуулж, төсвийн орлого буурна гэж байна. УИХ-ын төлөөлж оролцсон гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ашигт малтмалын нөөцийг ашигласны төлбөрийг давхардуулж тавьж байгаа эсэхийг эргэж харсан шийдвэр болсон. Ашигт малтмалын тухай хуулиар гарсан төлбөртэй холбоотой асуудал улсын төсвийг бүрдүүлж байгаа татварын хэсэг. Нөгөө талаар эрдэнэс баялаг, уул уурхайн салбарын хөгжлийн бодлогыг хөндсөн асуудал. Энэ хоёр бодлогын уулзвар дээр яригдсан. Ирэх оны төсөв хэлэлцэж байхад эмзэглэх асуудал мөн. Уул уурхайн яам, эрдэнэс баялгийн үйлдвэрлэл талаас нь харвал татварын давхардал үүссэн байгааг эргэж харах хэрэгтэй. Энэ нь зөвхөн нүүрс дээр гарч байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь 5 хувь.
-Хууль хэрэгжсэн хугацаанд хугацаанд ямар хохирол амссан гэж гомдол гаргагчид үзэж байна вэ?
-Энэ хууль маань өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан. Амьдралд 7 сар хэрэгжлээ. Гарч байгаа гол нөлөө нь хуулиндаа байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 47.3.1-д “дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү” ашигт малтмалын төлбөр авна гэж заасан байгаа. Гэтэл энэ хуулийн 47.3.2-т “бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь” авна гэж заажээ. Энэ нь боловсруулаад гаргаад ирснээсэн бүтээгдэхүүнээс. Энэ нь яах аргагүй нэг төрлийн төлбөрийг хоёр давхардуулж авч байгаа шинжтэй. Тиймээс эргэж харах нь зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, татварын бодлого, эрдэнэс баялаг, уул уурхайн яамны бодлогын зөрчлийг арилгаж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй юм.
Ашигт малтмалын төлбөрийг бүр зогсоож болохгүй. Хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй. Ашигт малтмалын төлбөр бол “өөрөө газрын хэвлийн баялаг бүх ард түмний өмч байна” гээд Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлдэг. Дээр нь ашигт малтмалтын төлбөр байх ёстой гээд дотоодын үйлдвэрлэлээ унагааж, гадаад талдаа үнийн өрсөлдөх чадварыг бууруулах зохицуулалт байж болохгүй.
-УИХ баталсан хуулийнхаа талд ямар тайлбар өгсөн бэ?
-УИХ ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд тайлбараа хүргүүлсэн. Энэ удаад ч тайлбараа ижил хүргүүлсэн.
-ҮХЦ-ийн их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх. Тиймээс хуулинд ямар өөрчлөлт оруулах бол?
-ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу УИХ хуулиа эргэж харна. Үндсэн хуульд заасан хугацаанд нь хуулиндаа өөрчлөлт оруулахаар хэлэлцэнэ.
-Хуулийн өөрчлөлттэй холбоотой ирэх оны төсвийн задаргаа хийх үү?
-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Засгийн газар шийднэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ