Хонконг: Жагсагчид Хятадын мэдээллийн агентлагийн байрыг түйвээж, метро галджээ
2019-11-04

Өнгөрсөн ням гариг буюу 11 дүгээр сарын гуравны өдөр Хонконгод эсэргүүцлийн 22 дахь долоо хоногийн үеэр жагсагчид метроны өртөө, хэд хэдэн барилга шатаасны дунд Синьхуа агентлагийн байр багтсан гэж Ройтерс мэдээллээ. 

 

Долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад үргэлжилж байгаа эсэргүүцлийн ажиллагааны ээлжит жагсаалын үеэр мөн л эмх замбараагүй байдал үүсч, улмаар хотын төвд цугласан олон мянган жагсагчдын эсрэг цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан байна.

 

Үүний дараа баг өмссөн хүмүүс ажил хэргийн дүүрэг рүү зугатан, улмаар шатамхай шингэн бүхий лонх шидэж, олон барилгыг шатаажээ.

 

Мөн метроны өртөөний орох хэсгүүдийг шатаасан бөгөөд мөргөлдөөн шөнө дунд хүртэл үргэлжилсэн байна.

 

Эмх замбараагүй байдлын үеэр Америкийн Старбакс кофены сүлжээний салбар, Синьхуа агентлагийн байрыг жагсагчид түйвээжээ. Улмаар хоёр өдөр үргэлжилсэн эмх замбараагүй байдлын үеэр 200 гаруй хүн баривчлагдсан байна.

 

Эргэн сануулахад, зургаадугаар сараас эхлэлтэй Хонконгийн эсэргүүцлийн ажиллагаа нь эх газрын Хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслөөс үүдэлтэй. Хүний эрхийг зөрчсөн хуулийн төсөл гэж үзсэн олон нийт болон сөрөг хүчин тайван жагсаал хийж эхлэсэн ч яваандаа энэ жагсаал араасаа эмх замбараагүй байдал дагуулах болсон юм.

 

Хотын гудамжинд цагдаагийнхантай мөргөлдсөн тохиолдол улам нэмэгдэж, цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэн, нэг удаа галт зэвсэг ашигласны улмаас нэг иргэн шархдаж байв. Эмх замбараагүй байдлын улмаас мянга гаруй жагсагч гэмтэж бэртсэн бол нийтдээ 2,5 мянган жагсагч баривчлагджээ.

 

Улмаар эмх замбараагүй байдлын шалтгаан болсон хуулийн төслийг Хонконгийн эрх баригчид эцэслэн эргүүлэн татсан ч жагсаал цуглаан намдахгүй байгаа бөгөөд жагсагчид баривчлагдсан хүмүүст ял тулгалгүй суллах, Хонконгод ардчилсан сонгуулийн систем нэвтрүүлэх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм. 

 

Хонконг: Сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг албан ёсоор эргүүлэн татав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин