Автобус №17: Хотын дарга аа, хамтдаа автобусаар аравдугаар хороолол оръё
2019-11-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Автобусанд би хайртай, тэр тоостой

Амьдрал би хайртай, тэр хөөстэй ляляля....Адал явдлаар дүүрэн шинэ өглөөний мэнд. Өглөө бүр өөр өөр өнгөтэй. Энэ удаад өглөөний биш өнгөрөгч баасан гарагийн орой гэртээ харих замд автобусанд өрнөсөн “адал явдлыг” өгүүлье. Өнөөх л “Мөнгөн завъяа”-ийн автобусны буудал дээр өмнөх шигээ л олон хүн цугларсан, айсуй автобусны зүг хараа сунгаж зогсоно.

 

Орой 18.00 цагийн үед Багшийн дээд орчимд түгжрэл үүсч, автобуснууд тэнд гацчихна. Харин ирэх автобусыг хүлээн энд иргэд цугларсаар...Өөрийнх нь суух автобус хаана явааг мэдчихдэг гар утасны апплейкшнтэй зарим нь “Одоо дөхөж л явна” гэж бусаддаа мэдээлэл түгээнэ. Удтал хүлээлгэсэн автобус сая ирэхдээ дүүрэн хүнтэй байх нь урам хугална. Гэтэл буудал дээр дахиад автобус дүүргэх хэрийн олон хүн хүлээж байх. “Багтахгүй байна, буугаарай” гэх жолоочийн үгийг хэн нь ч үл тоон зүтгээд л байна. Сүүлийн эмэгтэй хаалганд цүнхээ хавчуулснаар арайхан автобус хөдөллөө.

 

Өдөр бүр л ийм хойно гайхаж, шогширох хүн цөөн. Тэгтэл сүүлд орж ирэхдээ цүнхээ хавчуулж цүнхэн доторх энгэсэгээ бутлуулсан эгч “Өө хөөрхий байхгүй бутарчихаж ээ” гэж үглэнгээ сүрхий бухимдаж байна.

 

- Арай дэндүү юм. Та нар цагаараа яваач” хэмээн жолооч өөд хатуу үг чулуудвал жолооч өмнөөс нь асар тайвнаар “Түгжрээд байна шүү дээ эгч минь” гэж хариулав. Эгч уур гаргах зүгээ өөрчилж хоолойны өнгөө огцом дээшлүүлснээ

 

- Энэ хотын удирдлагууд нь юу хийж байдаг юм, ард иргэдийгээ автобусандаа багтахгүй яаж зовж байгааг мэддэг ч юм уу үгүй ч юмуу. Үнэхээр хэцүү байна шүү дээ гэвэл жолооч мөн л энэ үг, өгүүлбэрт дөжирсөн мэт

 

- Тэд юугаа мэдэхэв дээ эгч минь, автобусанд сууж үзээгүй байлгүй” гээд ёжтой хариу хэлвэл эгч бүр их бухимдал тээж буй бололтой

 

- Хотын дарга нь ажил тарах цагаар ард, иргэдтэйгээ автобусаар шахцалдаж үзэх хэрэгтэй шт. Тэгвэл ёстой толгой сэгсрээд буух биз. Биеэрээ мэдэрч байж л амьдралд тустай шийдвэр гаргах байлгүй муу сайн юмнууд” гэж уурсав.

 

Жолооч мөн л эгчийг “явуулах” янзтай “Хотын даргад, автобусанд сууж үз гээд та нэг хэлээд үзэх юм уу” хэмээгээд мушилзвал эгч улам даналзаж “Хэлсэн ч яадаг юм. Ард иргэдийнхээ үгийг сонсох нь тэрний үүрэг юм байгаа биз дээ” гээд ширэв татах аж.

 

Энэ хоёрын яриаг сонсож зогсох нь ээ нээрэн хотын дарга ажлаа тараад автобусаар гэртээ харивал амьдрал үзэх байхдаа ухааны юм бодож зогслоо. Бодлоо төсөөлөл болгож өөрийгөө баахан хөгжөөлөө.

 

Төсөөл л дөө. Хотын дарга “Хангарьд” ордноосоо гарч төв зам даган чигээрээ алхсаар “Мөнгөн завъяа”-ийн автобусны буудал дээр хүрч очоод ярзганасан олонтой цуг 20-30 минут автобус хүлээнэ. Арай гэж автобус ирэхэд олон түмэнтэй чихцэлдсээр автобусанд багтаж ороод л...Зайгүй чихцэлдээд хаалга голлоод зогсож байтал “Яваад өгөөч ээ, залуу хүн байж бөгсөө даадаггүй юм уу, өөрөө л орвол болоо гэсэн шиг зогсчих юм” гэж хөгшчүүлд загнуулаад л...Амьсгал давхцан байж арай хийн хүрэх газраа очоод буутал гар утсыг нь туучихсан байвал....хэхэ. Камергүй, туслахгүй зүгээр л хувь хүнийхээ үүднээс “Нээрэн оргил цагаар автобусаар зорчих ямар байдаг бол” гээд гараад алхвал түүнийг ийм дүр зураг хүлээж буй. Дарга хүн хол яваад яахав. Оройн 17.30-18.00 цагийн орчимд Мөнгөн завъяагаас 10 дугаар хороолол л ороод үзвэл ч “Ахаа байя аа” л болох байх, ккк.

 

Даргыгаа эгэл ардын дүрд хувирган төсөөлж зогстол Андуудаас бага насны гурван хүү орж ирлээ. Автобус хүлээгээд даарсан бололтой нусаа шорхийтэл татах хэр нь гартаа зайрмаг барьчихсан байх нь додигор. Зайгүй чихцэлдсэн автобусруу зайрмагаа бариад орж ирэх зориг магадгүй хүүхдэд л бий.

 

Арагш түлхүүлсээр олон дунд ууссан өнөөх гурвын нэг нь тэр хойноос “Ах аа, миний зайрмаг” гэх нь тод сонсогдов. Тэгтэл “Юун зайрмагсаг юм, юугаа хийж зайрмаг барьж орж ирсэн юм” гээд л настай эмэгтэй зэмлэх нь ч сонсогдох. Араас нь хүү “Өө хайран зайрмаг” хэмээн бүр нэг сэтгэлийн мухраас харамсал тээж байх юм.

 

Ажил хичээл тарах оргил цагаар зайрмаг идэх нь бүү хэл, амь өрссөн тулаанд оролцож буй мэт сэтгэгдэл автобусанд төрдөг юм. Тэгтэл зайрмаг барьсаар орж ирсэн хүү үнэн күүл харагдаж байсан юм уг нь. Даанч замдаа зайрмагаа гээчих шиг боллоо.

 

- Хүүш ээ, жолооч оо, хүүхэд буучихаад ээжийгээ хайгаад байна, хөдлөх болоогүй шүү гэж сандарсан хоолойгоор хэн нэгэн хойноос орилж байна.

 

- Цэнхэр куртиктэй хүүхдийн ээж нь байвал буугаарай гэх дуунаар автобус дүүрэн хүмүүс бүгд ээжийн эрэлд гарахад залуу эмэгтэй

 

- Байна аа, одоохон очиж байна, жолоочоо хөдлөлгүй хүлээж байгаарай. Алив жаахан холдоод өг л дөө. Би бууя аа гэсээр ээж нь сая нэг хаалгаар гарч, хүүтэйгээ эсэн мэнд уулзлаа.

 

Ээж, хүүг уулзуулаад автобус цааш хөдөллөө...

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
azaa:
ard tvmnee gh soyoltoi ornuudad bol darga naraas ni avtobus nd suugaad hyanalt ,shalgalt hiiged yavdag yum bn lee,manaid bol.....
2019-11-05
Kkk:
Bus nd suuh bolvol ulaan huvs devssen bus nii buudal , hov hooson bus dargiig huleegeed bj bh biz dee kkk.
2019-11-04
зочин:
яг л хотын амьдрал
2019-11-04
зочин:
яг л хотын амьдрал
2019-11-04
Hotiin dargaa 120 in ard dund goliin zam deer nulimsan shvlsee ,adaglaad tser bolgooch jil bolgon l mungu gargaj zasah yum
2019-11-04
Яг зөв аот дарга авиусанд суу
2019-11-04
иргэн:
saihan ineelee
2019-11-04