ИБНАУ-д үүрэг гүйцэтгэгчид захидал бичиж байна
2019-11-04

 

ИБНАУ-д явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” Олон Улсын ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран “Мармал” баазад үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын Х ээлжийн багийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Ээждээ бичих захиа” захидал, шүлгийн уралдааныг санаачлан өнгөрөгч 10 дугаар сарын 20-25-ны өдрүүдэд нийт бие бүрэлдэхүүний дунд зохион байгуулж явуулсан байна.

 

Энэхүү уралдаан нь бие бүрэлдэхүүний чөлөөт цагаа зөв зүйтэй өнгөрүүлэх, эвсэг, найрсаг хамт олныг бүрдүүлэхэд чиглэгдсэн онцлог ажил, арга хэмжээ болсон төдийгүй нийт бие бүрэлдэхүүн амжилттай оролцлоо. Тодруулбал, I байр – дэд ахлагч Б.Баасансүрэн /Зэвсэгт хүчний  014 дүгээр анги/, II байр – ахлагч Ю.Батхүрэл /Зэвсэгт хүчний 350 дугаар анги/, III байр – дэд ахлагч Б.Сүхбаатар /Зэвсэгт хүчний 167 дугаар анги/ нар тус тус тэргүүлсэн юм.

 

Тэргүүн байр дэд ахлагч Б.Баасансүрэн /Зэвсэгт хүчний  014 дүгээр ангийн компрессорчин-жолооч /

 

- Сайн байна уу? Ээжээ захидал очих өдрийн мэнд хүргэе!  Өөр хэний ч төлөө боловч тасралтгүй урсах уран үгс хорвоо дээр “Хамгийн хайртай” гэж нүүр бардам хэлэх тэр хүний өмнө амнаас гарч өгдөггүй нь гачлантай.

 

Үнэндээ хорвоод хайр гэдэг үг таныгаа дуудах ээж гэдэг үгтэй тэнцэнэ. Хатуу хахир хорвоогийн хөрсөнд эмзэхэн нэг үр болон ирэхэд зөөлөн гар дулаан сэтгэл, харамгүй хайр, бүлээн сүүгээрээ тэтгэн ургуулсан та бол ХАЙР билээ. Энэ дэлхийн хамгийн сайхан үг энэрэл, элбэрэл, гэгээн сайхан бүхний илрэл, эрхэт орчлонд эхээс мэндэлсэн хүн бүхний зүрхний дуудлага бол ЭЭЖ гэдэг үг юм. Яаж ч ядраад очиход халуун энгэртээ тэврээд өмгөөлөх ижийтэй би баян хүн.

 

Нэг л өдөр хэзээ нэг цагт одоо хэлье гээд гүйгээд очиход үүрд орхиод явчих вий гэж айсандаа, оройтсон хойно нь хар толгойгоо зүхэн суухгуйн тулд одоо би амжиж захидал бичиж сууна. Энэ дэлхийн хамгийн эгшиглэнт үгээр таныгаа дуудан, эр хүн болгон өсгөн хүмүүжүүлсэн таньдаа ХЭМЖЭЭСГҮЙ ХАЙРТАЙ гэдгээ энэ захиагаараа уламжилья ЭЭЖЭЭ. Хайртай гэж сэтгэлээсээ хэлэхээс өөр   далай их ачийг тань хариулах зүйл байхгүй. Ичиж зовсондоо биш ээжээ энэ хорвоод таныг гэх сэтгэлийг минь гүйцэж илэрхийлэх үг хомсдсон учир миний хэлэх онцгой гайхалтай, уран яруу биш боловч сэтгэлийн гүнээс гарсан үнэн үгс билээ. ЭЭЖЭЭ ХҮҮ НЬ ТАНЬДАА ХЯЗГААРГҮЙ ИХ ХАЙРТАЙ.

 

Дэд байр дэд ахлагч Ю.Батхүрэл /Зэвсэгт хүчний  350 дугаар ангийн тасгийн пулемётчин /

 

Алсын орныг зориход минь

Алтан овоондоо сүүгээ өргөн даатгасан

Авралт ээж минь та

Амар мэнд байна уу!

Ээжээ таньдаа хэлж чадаагүй, хэлж ажмаагүй үгсээ

Энэ сайхан мөчид шүлэг болгон хүргэж байна!

Араас залбирах та минь байгаа болохоор

Алтан шар зам минь өлзийтэй байна ээжээ

Энгүй их ачтан та минь байгаа болохоор

Энхийг дэмжих үйлс минь дардан байна ээжээ

Арван хоёр хүүхэд төрүүлж өсгөсөн та минь

Аанай л энэ хэвээрээ гэрэлтэж яваарай

Ээжээ та минь хайрын ундарга

Ээжээ та минь далдын хүчтэн

Алаг үрс биднийхээ төлөө хорвоог уяртал бүүвэйлж хоносон

Аугаа их хайраар тань таныгаа хайрлахсан

Үүрийн гэгээнээр нойроо хугаслаж хуурайлсан

Үүрдийн тэр хайраар тань таныгаа л нэг хайрлахсан

Наран мандах зүгээс

Намайгаа саравчлан хүлээж байгаарай ээжээ

Настай буурал ээж таньдаа

Нялх үр чинь удахгүй очно

Энгэрт тань тэврүүлж нялхархааар

Ээж таньдаа нисээд очно

Хүний нутаг хатуу ч гэлээ

Хүслээ гүйцээгээд яваад очно

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд

Сүүгээ өргөн хүүгээ харуулдан суугаа

Содовын Юндэнгийн гэргий Цэдэвт

сэтгэлийн угаас зориулж бичлээ

Ээж таньдаа хүү нь маш их, дэндүү их хайртай шүү! Таны арван нэг дэх хүү Ю.Батхүрэлээс чинь.

 

Дэд байр дэд ахлагч Б.Сүхбаатар /Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн механик-жолооч /

 

- Сайн байна уу хайрт минь!

 

Алс газар олон олон уулс, гол мөрөн, холын хол газраас зүрх сэтгэлийнхээ шивнэх үгийг сонсон чамдаа захидал бичиж сууна. Хол байх нь хайр сэтгэлийн шалгуур гэж үнэн үг вэ? Бие биенээ илүү их санан, бие биедээ улам л дурлаж, хайрладаг юм байна.

 

Чамтайгаа анх уулзсан цагаас хойш сайхан дурсамжууд бидний хайрын баталгаа болон үлджээ. Чи санаж байна уу? Анх уулзсан тэр өдөр болзсон цагаасаа хоцроод очиход чиний минь хөөрхөн хацар улайчихсан хүлээж билээ. Хэрвээ тэр өдөр чи намайг хүлээлгүй явсан бол одоо чи бид хоёр учраагүй ч байж мэдэх юм. Тэр өдрөөс хойш бие биедээ татагдан, нэг нэгэндээ дасан хайрлаж, хүндэлж, итгэн нэг нэгнээ түшин амьдарсаар таван жил болжээ хань минь.

 

Одоо бол би энэ ертөнцийн хамгийн баян хүн. Надад хайр байна, итгэл байна, зорилго байна, бас чи минь байна. Энэ орчлонгийн хамгийн том бэлэг болох миний бяцхан залууг төрүүлж өгсөн нь хамгийн том бэлэг юм.

 

Орой бүр ажлаасаа яаран ирэхэд чиний минь халуун хоол, сайхан инээмсэглэл, над уруу тэмүүлэх үр минь угтдаг амьдрал минь хамгийн сайхан нь юм шүү. Тэр бүхнийг би чинь санан зүүдлэж байна хань минь.

 

Удахгүй та хоёр дээрээ очлоо, нисээд очлоо, үүргээ гүйцэтгэж дуусаад яваад очлоо. Хайрт минь энгэрт минь гялалзах од минь, энэ амьдралын минь хань минь хүлээгээрэй. ИВЭЭЛТ-ОДЫН ААВ УДАХГҮЙ ОЧЛОО.

Shuud.mn
Сонин хачин