С.Баярцогт: С.Баяр, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй

Сангийн сайд асан С.Баярцогт өнөөдөр (2019.11.04) мэдээлэл хийлээ. Тэрбээр “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ, холбогдох бичиг баримтууд” товхимолыг эмхэтгэн хэвлүүлжээ. Оюутолгойн гэрээ байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан гаргасан товхимолын талаар С.Баярцогт “Одоогоос 30 хоногийн өмнө Оюутолгойн гэрээ зурагдсаны 10 жилийн ой болсон. Монгол Улс тусгаар тогтносноосоо хойш анх удаа бие даасан хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 06-нд байгуулсан. Энэ гэрээ гуравдагч орын зүгээс хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт байсан. Цаг хугацааны алтан боломжийг ашиглаж монголчууд бид энэ гэрээг хийж чадсан. Энэ гэрээ 2010 оны 03 дугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Оюутолгойн гэрээний 10 жилийн ойг тохиолдуулан ажлын хэсэгт ажилласан төрийн албан хаагчид, хэлэлцэж баталсан 2008-2012 оны УИХ-ын бүрэлдэхүүн, С.Баяр, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй” хэмээлээ.

С.Баярцогт 500 гаруй хуудастай товхимол гаргах болсон ТАВАН шалтгаан:
-
АТГ-аас 2018 онд Оюутолгойн гэрээтэй холбогдуулан надад эрүүгийн хэрэг үүсгэж, 73 хоног хорьсон. Намайг гэрч, сэжигтэн, яллагдагчаар татсан үндэслэл нь Оюутолгойн гэрээний Монголд ашигтай нэг заалт, Оюутолгойн гэрээг хүчин төгөлдөр болгоход би Монгол Улсад ирэх үр өгөөжийн 437 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн арга хэмжээ хоёрыг буруутгасан. Энэ үндэслэлээр хорьж, намайг хэлмэгдүүлсэн. Зарим хууль хүчний байгууллага энэ гэрээний зүйл заалтыг ойлгохгүй, сайн мэдэхгүй байна гэсэн бодол надад төрсөн.
-
АТГ энэ хэрэгтэй холбогдуулан 4 бүлэг шинжээч томилсон. Шинжээчдийн багийн гурав нь Оюутолгойн 2009 гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй. Харин энэ гэрээний хэрэгжилтийг хангах ёстой Татварын ерөнхий газрын таван байцаагчаас бүрдсэн шинжээчид олон хууль зөрчиж, хохирол учруулсан гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн үед надад энэ гэрээг хэрэгжүүлэх төрийн албан хаагчид энэ гэрээний талаар мэдлэггүй, мэдлэггүй байна гэж бодогдсон.
-
Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан шинжээчдийн дүгнэлтийг харуулаад, ноцтой дүгнэлт гарсан гэж ярьсан. Тэрэндээ ч өөрөө итгэсэн. Энэ нь шийдвэр гаргагчид буруу мэдээллийг аваад шууд үнэмшиж, шийдвэр гаргах эрсдэл байгаа нь ойлгогдсон.
-
ТЕГ-ын таван шинжээчийн гаргасан дүгнэлт 41 зүйлийг хөндсөн байгаа. Энэ хүмүүс дүгнэлт гаргахдаа УИХ-ын хууль тогтоох онцгой бүрэн эрхэнд халдсан, Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд халдсан. Дээр нь хуулийн зүйл заалт дээр үг үсэг нэмсэн. Монгол, англи орчуулгын алдаан дээр дүгнэлт гаргасан. Маш их өрөөсгөл алдаатай дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг үндэслэлээд шүүх шийдвэр гаргавал бид Оюутолгой компаниас авах олон төрлийн татвараа дутуу авах эрсдэл үүснэ. Тиймээс сэрэмжлүүлэх зайлшгүй шаардлагатай.
-
Зарим улс төрийн намын удирдлага, зарим улстөрчид Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээ 10 жилийн турш нууц байсан гэсэн худал мэдээллийг гаргаж, иргэдийг төөрөгдүүлж байна.
Тиймээс иргэдийг соён гэгээрүүлж, шийдвэр гаргагчдыг бодит мэдээллээр хангах үүднээс товхимолыг эмхэтгэснээ С.Баярцогт хэлж байна. Товхимолд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчийн гэрээ, 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулсан хувь нийлүүлэгчийн гэрээ, 2011 онд шинээр байгуулсан хувьцааг Засгийн газрын зөвшөөрөлгүй борлуулахгүй байх гэрээ англи, монгол хэлээр багтсан аж. Тухайн гэрээнүүд бүгд эх хувиараа буй гэнэ. Мөн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан зургаан хуулийг багтаажээ. Үүнээс гадна 2008-2009 оны 06 дугаар сар хүртэл Засгийн газрын бүх хэлэлцүүлгийн материал, гарсан шийдвэр, сайд нарын оролцоог тодорхой оруулжээ.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ