БНАСАУ: АНУ -ын хандлагаас болж хоёр орны хэлэлцээр мухардлаас гарахгүй байна

Дэлхий дахины терроризмтэй тэмцэх асуудлын талаарх АНУ-ын Төрийн департаментын илтгэлд БНАСАУ-ыг алан хядах үйл ажиллагааг ивээн тэтгэгч орон гэж хэвээр үлдээсэн нь улс төрийн өдөөн хатгалга гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.
Энэ талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлсэн байна.
"Худал хуурмагаар дүүрсэн АНУ-ын илтгэлийг БНАСАУ-ын ГХЯ манай орны эсрэг улс төрийн өдөөн хатгалга гэж үзэхийн дээр энэ илтгэлийг бүрэн няцааж байна. Энэ нь АНУ манай улсын эсрэг дайсагнасан бодлого явуулсаар байгааг дахин баталлаа" хэмээн ГХЯ-ны мэдэгдэлд онцолжээ.
"Солонгос-Америкийн яриа хэлэлцээр мухардсан байгаа энэ нөхцөлд АНУ БНАСАУ-ыг терроризмыг санхүүжүүлэгч гэж харагдуулахаар улайрч байгаа нь хэлэлцээрийн түншээ доромжилсон, итгэл эвдсэн үйлдэл" гэж БНАСАУ-ын ГХЯ үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн ийм нөхцлөөс болж "Солонгос-Америкийн хэлэлцээрийн боломж хумигдаж байна" гэж онцолжээ.
Энд дуулгахад, АНУ-ын Төрийн департамент терроризмтэй тэмцэх асуудлаар жил бүр гаргадаг илтгэлийнхээ энэ жилийн дугаарыг өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. Илтгэлд БНАСАУ-ыг терроризмыг санхүүжүүлэгч орнуудын тоонд дахин оруулсан нь ийнхүү БНАСАУ-ын зүгээс шүүмжлэлтэй тулгарчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ