Бэлгийн дарамт буюу МеТоо Монголд өрнөх үү?

Өнгөрсөн долоо хоногт ҮХЦ-ийн дарга Одбаяр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэг шуугиан тарьлаа. Олон нийтийн сүлжээгээр таамаглаж байсанчлан “энэ бол худал мэдээлэл ” гэж гүрийсэн ч Солонгосын хэвлэлүүдээр ээлж дараалан мэдээлэл цувран гарч, “мөнгөө төлсөн л бол хаанахын ямар ч хэвлэл мэдээ цацдаг, Одбаяр хохирогч” гэж өмөөрөх хүмүүс ч гарч ирэв.
Энэ мэдээлэл хэсэгхэн зуур олныг шуугиулж, далимаар нь Монгол дахь ажлын байрны бэлгийн дарамт, эрчүүдийн зүгээс ирж буй доромжлолын талаарх сэдвүүдийн талаар ч бага ч атугай яригдаж эхэллээ. Энэ бол сайны эхлэл.
Муу юм болгон сайн талтай. Муу зүйлээс сургамж авч өөр лүүгээ сайн тал болгон эргүүлвэл шүү дээ.
Хилийн чанадад хэрхэн шийтгэдэг вэ?
Герман, Хятад, Швейцар, Дани, Израиль, Швед зэрэг орнуудад бэлгийн дарамт үзүүлсний төлөө чамгүй чанга хариуцлага хүлээлгэдэг аж.
Германд эмэгтэй хүнийг доромжилсон эр нэгээс 10 хүртэлх жилийн ял эдэлж болзошгүй байдаг бол хүчирхийлүүлсэн эмэгтэй нас барсан бол буруутай этгээд бүх насаараа ч хоригдох ял авах эрсдэлтэй гэнэ.
Европын холбооны орнуудад 2005 оноос эхлэн шинэчилсэн журам үйлчлэх болсон бөгөөд ажлын байран дээр эмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулсан эр асар өндөр торгууль төлдөг болжээ.
Дани улсын тухайд бэлгийн дарамт учруулах нь Эрүүгийн хуулийн “Бэлгийн гэмт хэрэг” бүлэгт хамаардаг. Энд заасны дагуу бэлгийн аливаа төрлийн хүчирхийлэл үйлдсэн этгээд дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлдэг аж.
Израиль улсад ч мөн энэ төрлийн гэмт хэргийн төлөө хорих ялаар шийтгүүлдэг байна. Ажлын байран дээр бэлгийн дарамт учруулсан этгээд зохисгүй үйлдлийнхээ төлөө гурван жил шоронд суух хариуцлага хүлээдэг аж.
Хятадад энэ үйлдлийн төлөө хүлээлгэх эрхзүйн баримт бичиг байхгүй. Гэхдээ л эмэгтэйчүүдийн нэр хүндэд халдсан этгээдүүд “Амьд явах эрх болон ардчилсан эрхийн эсрэг гэмт хэрэг” зүйлийн дагуу таван жилийн хорих ялаар шийтгүүлдэг юм байна. Харин олны дунд эмэгтэй хүнийг доромжилсон этгээд таваас дээш жилийн ял шийтгүүлдэг.
Швейцарт эрчүүдийн “садар үйлдэл” нэгээс 10 хүртэлх жилийн хугацаанд эрх чөлөөгөө хасуулахад хүргэдэг бол Шведэд “бэлгийн гэмт хэрэг”, “бэлгийн харилцаанд орохыг хүчлэх”, “бэлгийн мөлжлөгө” гэсэн зүйл ангиудаар энэ төрлийн хэргийг шалгаж, хоёр жилийн хорих ял оноодог. Харин хохирогч эмэгтэйн эрүүл мэнд хохирсон бол буруутан зургаа хүртэлх жилийн хугацаатайгаар торны цаана суудаг жишигтэй.
Болгарын хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтын талаарх тусгайлсан зүшйл заалт байхгүй ч энэ төрлийн үйлдэл гаргасан этгээд “Эрх чөлөөг хүчээр боомилсон” гэсэн заалтаар зургаан жилээр ял шийтгүүлдэг гэнэ.
Харин Франц улсад энэ төрлийн хэргийг бэлгийн түрэмгийлэл гэж үздэг байна. Албан тушаалаа ашиглан “сээтэгнэсэн” эрчүүд нэг жилийн хугацаанд торны цаана сууж, 100 мянган франкийн торгууль төлөх шийтгэл хүлээдэг.
Metoo Монголд тохирох болов уу?
ҮХЦ-ийн даргатай холбоотой мэдээллийн дараа олон хүн ийм байдалтай таарч байсан, Монголд ийм үзэгдэл түгээмэл, хүмүүс бүр дөжирсөн гэж олон нийтийн сүлжээгээр яригдах болов.
Аливаа зүйлд дөжрөөд, нүдээ аньж, чихээ бөглөн өнгөрөөсөөр суух уу, эсвэл энэ шуугианыг “далимдуулж “ бэлгийн дарамтын талаар нийгэмд ил гаргах уу?
Дэлхий даяар шуугиан тарьсан Me Too хөдөлгөөн Монголд өрнөж чадах уу, тохирох болов уу?
Одоогоос хоёр жилийн тэртээ, 2017 оны 10 дугаар сард олон нийтийн сүлжээгээр #MeToo хэштег давалгаалж, бэлгийн хүчирхийлэл, дарамтын хэргийг ил гаргаж байлаа. Энэ нь анхлан Холливудын нэрт найруулагч Харви Вайнштейн жүжигчдийг бэлгийн дарамтанд оруулж байсан хэрэг ил гарснаас үүдэлтэй бөгөөд жүжигчин Алисса Милано энэ хэштегийг ашиглан өөрт тохиолдсон гашуун туршлагаа бусадтай хуваалцан, энэ төрлийн гэмт хэргийг ил гарган, тэмцэхийг уриалснаар дэлхий даяар түгсэн юм.
Тэр үеэс хойш олон сая хүн тэр дундаа алдартнууд энэ хэштегийг ашиглан өөрт тохиолдсон гунигт түүхийг хуваалцаж байв.
Энэ хөдөлгөөн зүгээр ч нэг түүх ярихад чиглэгдсэнгүй. МеТоо хөдөлгөөн өрнөсний ачаар АНУ-д 2018 оны байдлаар ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол 10 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 10 жилд тохиогоогүй их өсөлт гэж Хөдөлмөрийн харилцааны тэгш эрхийг мөрдөх комисс мэдээлж байлаа.
Комиссын гаргасан тайланд дурдснаар 2018 онд бэлгийн дарамттай холбоотой гомдол 12 хувиар нэмэгдсэн бөгөөд 12 сарын хугацаанд 6,7 мянган гомдол хүлээн авчээ.
АНУ-д энэ төрлийн хэрэгтэй холбоотой гомдлыг эхлээд Хөдөлмөрийн харилцааны тэгш эрхийг мөрдөх комиссд гарган, комисс шалгасны дараа шүүхэд хэргийг шилжүүлдэг журамтай аж. Улмаар комисс ажил олгогчдын эсрэг шүүхийн нэхэмжлэл гаргадаг бөгөөд 2018 онд бэлгийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүст нөхөн төлбөр болгон 70 сая орчим ам.долларыг гаргуулсан нь өмнөх онтой харьцуулахад 20 сая ам.доллараар их байжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ