Төсвийн сахилга батыг “Хүүхдийн мөнгө”-өөр барьсан МАН сонгуулийн жил “алгаа дэлгэнэ”
2019-11-06

 

Сонгуулийн жилийн төсвийг УИХ  нухацтай хэлэлцэж байна. Засгийн газар ирэх оны төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлж, алдагдлыг хоёр их наядаар тооцон боловсруулжээ. Хоёрдугаар хэлэлцүүлгээр төсвийн төсөлд таналт,  өөрчлөлт орохгүйгээр батлагдах төлөвтэй байна. Парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд гишүүд тойрог тойрогтоо  тусгах хөрөнгө оруулалтаа анхаарал тавьж байгаа нь илт. Ер нь өнгөрсөн хугацаанд  гишүүд тойргоо усалсаар ирсэн. Ирэх сонгуулийн жил гишүүд тойрогтоо гэлтгүй, МАН мөрийн хөтөлбөртөө ач холбогдол өгч, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг төсвийн алдагдлыг тулсан дүнгээр тооцож, хэрэгжүүлэхээр тусгаад байна.

 

2012 оноос хойш өөрчлөгдөөгүй байсан цэцэрлэгийн хоол, дотуур байрны хоол, сургуулийн үдийн цайны тарифыг өөрчилж, 50 хувиар нэмэгдүүлж 180.9 тэрбум төгрөгт хүргэхээр тусгасан байна лээ. Хүүхдүүд эрүүл, илчлэг хүнсээр хооллож байвал, мөнгөний хэмжээ ч юуны хамаа. Төсвийн хөрөнгөнөөс хусамч болов ардын хүүхдүүдэд хүртэх боломжийг олгосон гэж харахаас.  Сонгуулийн жил болоод л эрх баригчид тал засч байгаагаас бус олон нийт энэ шийдвэрт баярлаж, талархаад байх зүйлгүй. Хэрвээ эрх баригчид түмний хүүхдийг бодсон бол бүрэн эрхээ авахтай зэрэгцээд хэрэгжүүлж эхлэх боломж байсан. Гэвч ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн ургал зардлыг хэмжээгүй, төсвийн сахилга батыг “Хүүхдийн мөнгө”-н дээр ч барьсан. Харин одоо тэд “алгаа дэлгэж”  байдгаа барьж байгаатай агаар нэгэн. Тэгээд ч 180,9 тэрбум гэх дүн нь том сонсогдож байгаа ч нэг хүүхдэд ногдох “Үдийн цай”-ны тариф 600 төгрөг байсныг 900 болгож, 300 төгрөгөөр, цэцэрлэгийн хоол 1650 төгрөг байсныг 2475 болгож 850 төгрөгөөр, дотуур байрны хоол 2315 төгрөг байсныг 3472 болгож 1157 төгрөгөөр л тус тус нэмж байна.

 

Цаашлаад МСҮТ-д суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн тэтгэлгийг хоёр дахин нэмэгдүүлж 200.0 мянган төгрөгт хүргэж байгаа. МСҮТ-ийнхний хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхүйц тэтгэмж авч байгаа нь “цалинтай суралцагчид” л гэсэн үг. Бусад их, дээд  сургуулийн оюутнуудын хувьд “оюутны 70 мянга” ч цаашаа болсон. Мэдээж сонгуулийн жилийн төсөвт аль ч парламентын үеийн эрх баригчид цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй бол “алдас болох” бичигдээгүй хууль хэвшжээ. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор тооцоолсныг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт гишүүдийн асуултад хариулахдаа онцолж байна лээ. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн зүгээс ч хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох саналыг гаргаж байсан. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлаар төсвийн сахилга батыг барьж байгаа. Тиймээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломжгүй, зорилтот бүлгийн хүүхдүүдэд л олгоно” гэж гүлдийсээр хоёр жилийн нүүр үзэж байгаа. Үнэхээр ч эдийн засгийн хүндрэлтэй энэ үед улсаа бодоод эцэг, эхчүүд ч хүүхдийг минь ялгаварлалаа гэж жагсаж, шаардлага хүргүүлээгүй, эх оронч сэтгэлгээгээр хандаж ирсэн. Учир нь өөрийн гэсэн хоёр өрөө байртай, угаалгын машин, зурагттай, автомашинтай л  бол хэдэн ч хүүхэдтэй өрх байхаас үл хамаарч хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байсан билээ. Гэвч  олон хүүхэдтэй байтугай хоёр хүртэл хүүхэдтэй дундаж давхрагийн өрхөд ч хүүхдийн мөнгөөр нь сарынх  ганцнэг удаагийн жижиг, сажиг хэрэглээг зохицуулахад нэмэртэй байдгийг хэн хүнгүй мэднэ.

 

 

Ирэх онд  тэтгэвэр авах боломжтой бүрдүүлэх, зарим эхчүүдийн тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 8 хувиар нэмэгдүүлэхээр 160 тэрбум төгрөгөөр нэмэхээр төсөвлөсөн. Төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэгдэх нь хувийн хэвшлийхэнд сөрөг нөлөөтэй байдаг. Учир нь цалин, тэтгэврийн нэмэгдэлтэй зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ бага, багаар нэмэгдсээр ирсэн. Дөрвөн жилийн өмнө сарын 600 мянган төгрөгийн үндсэн цалинтай хувийн хэвшлийн ажилтан өрхийн төсөв, хэрэглээгээ хөнгөн зохицуулсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг төр, засгаас хэрэгжүүлж, өргөн хэрэглээний барааны үнэ ч энэ хэрээр нэмэгдсээр байлаа. Харин хувийн хэвшлийн ажилтны 600 мянган төгрөг сарын өрхийн төсөвт хүрэлцэхээ байж, хэрэглээгээ хумьсаар ирлээ. Ийнхүү нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд үргэлжилж байгаа.

 

Цаашлаад том бүтээн байгуулалтууд үргэлжилнэ. “Шинэ сум” төсөлд 20 тэрбум, царцаагдсан 23 төсөл хэрэгжүүлэхэд 22.8 тэрбум,  кино урлагийг хөгжүүлэхэд 10 тэрбум, соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалтад /Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музей/ 120 тэрбум тус тус тусгаад байгаа. Ирэх онд эхлүүлэх зарим бүтээн байгуулалтуудын хэрэгжилт бүрхэг. Учир нь дараагийн парламентаар гарч ирэх эрх баригч хүчин өөрийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээд явна. 

 

Ямартай ч ирэх оны төсөв эрх баригчдын хувьд сонгуулийн шоуны эхлэл юм.

Н.Энхлэн

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЮМ Л БОЛВОЛ ХҮҮХДИЙН МӨНГӨӨР Л ОРОЛДОНО ДОО
2019-11-06