Мөрийтэй тоглосон албан хаагчдыг ажлаас нь халлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээллээ. Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нар казино тоглож байсан нь тогтоогджээ. Тиймээс тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ТӨБЗГ-ын дарга З.Мэндсайхан нарт даалгажээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Төрийн албан хаагчийн ёсзүйн дүрэмт төрийн албан хаагчдыг гадаадад зорчихдоо мөрийтэй тоглоом тоглох, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглосон юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг хуулийн заалтад оруулж, хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хийхээр болсон байна. Ингэхдээ төрийн албан хаагч цалингаасаа үнэтэй бэлэг авахыг хориглох, ажлын байранд бэлгийн дарамт үзүүлсэн үйлдэл гаргахгүй байх, бизнес ангиллаар зорчихгүй байх, албаны машиныг хувийн ажилд ашиглахгүй байхыг шинэчлэн оруулах юм байна.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ