ГЭЭГДЭГСЭД
2019-11-07

1990 оны арванхоёрдугаар сарын 17. Далан жилийн түүх өгүүлэх “өвгөн” уурхайд өрнүүн үйлс ундарсан өөр нэг даваа гараг эхлэв.  Ээлж солилцож, ажил хүлээлцэхээр ирсэн 400 уурхайчны нэгнээ шоглосон нөхөрсөг наргиан хормын төдийд уйтгар гунигаар солигдож, 300 метрийн гүнд метан дэлбэрч 12 нөхөр нь үүрд нойрсов...

 

Хорин жилийн өмнөх эл гунигт түүхийг өгүүлэх адил эвлүүлж зүйсэн мэт ганц тоосгон хана тоос манарсан хуучин тууринд торойн үзэгдэнэ. Үүнээс өөр их уурхайн ажил эд өрнөж байсан он жилүүдийнх гэх юу ч үлдээгүй, хэзээд л ийм байсан мэт анир буйдхан алсаас ээж, хүү хоёр шуудай нүүрс дамжилж яваа нь улирч одсон цагийн аясад "унтраагүй" уурхайн үлдсэн ганц үнэн гэлтэй...

 

 

"Ажиллаж байгаа уурхай бий юу" гэж асуувал эмэгтэй “Тийшээ байгаа л байх” гэж дуу муутайхан хариулан хуруугаараа гэдрэг заачихаад хүүгийн хамт нүүрсээ үүрсээр хөнгөн тэрэгнүүдийн тоосонд дарагдсаар алсарлаа.

 

Одоогоос жилийн өмнө энд ирэхэд ийм асуулт асуусан бол эрүүл эсэхэд минь эргэлзэх байсан биз...Тэгэхэд энд 180 орчим уурхай ажиллаж байв. Харин өнөөдөр хогийн цэг гэмээр эмх замбараагүй хаягдал, энд тэндгүй онгичиж орхисон цооног дунд ганц нэгхэн хүн тонголзон үзэгдэх юм. Эрэл, сурал болж явсаар хонхны дуунаар ашгүй ажиллаж байгаа уурхай оллоо. Уурхайн гүнд нүүрс олборлож буй хүмүүс ковшоо /уурхайчдын нэрлэж заншсан нүүрс зөөх төмөр сав/ дүүргэсэн даруйдаа "Татаарай" хэмээн дороос дохио өгч буй нь энэ хонх юм. Жингэнэн дугарах хонхтой зэрэгцэн үдийн наранд дулаацах янзтай тамхи баагиулж суусан хоёр залуу шалавхан босч урт троссыг аажуухнаар татаж дээшлүүлснээр харанхуй нүхнээс нүүрс ачсан ковш гараад ирлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нэг ковш нүүрс 60 мянган төгрөгийн үнэтэй. Харин нүүрсийг гаргаж авахын тулд газрын гүнд 5-7 хүн ажилладаг бол гаргаж ирсэн нүүрсийг шигшиж томчлоод ачиж явуулах 2-3 хүн уурхайн аман дээр ажиллана.

 

Тэд өдөрт 20 ковш нүүрс гаргаж тус бүрийг нь 60 мянган төгрөгөөр портероор нүүрс борлуулагчдад худалдана. 1 сая 200 мянган төгрөг. Энэ мөнгөний 50 хувийг нь уурхайн эзэн авч үлдсэн мөнгийг уурхайн гүнд болон аман дээр ажилласан бүгд тэнцүү хувааж авна. Багадаа 10-уулаа ажиллахад оройдоо 60 мянган төгрөгийн цалин халааслаад харина. "Цаг сайхан байхад ийм л байлаа шүү дээ" хэмээн нэг их холын биш ч, нэг л орой махны мөнгөгүй харьсан тухайгаа уурхайчин залуу ярилаа.

 

Түүнийг Бат /нэрээ нууцлахыг хүссэн тул орлуулав/ гэнэ. Тэднийх ам бүл зургуулаа. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг тэрбээр Налайхын уурхайгаас амь, амьдралаа залгуулсаар 10-аад жилийн нүүр үзжээ. Зундаа элс, хайрга зөөх зэргээр ойр зуурхан ажил хийдэг бол өвөлдөө уурхайд ажиллаж өглөөнөөс орой хүртэл уурхайн “хар” нүхэнд өнжинө. Хүн харахад хүнд хэцүү ч энэ ажил нь л түүнд хамгийн их аз жаргал мэдрүүлдэг аж. Учир нь эндээс л мөнгө олж эхнэртээ хоолны махтай, хүүхдүүддээ өвлийн гуталтай харих өдөр цөөнгүй...

 

Магадгүй хүн бүр зуныг дараа нь намрыг ч дуусгалгүй уртаа үргэлжлүүлэхийг хүсдэг байх...Харин Бат болоод тэдний бяцхан үрс өвлийг л мөрөөддөг. “Цас их орвол бид баяжина даа тийм ээ ээжээ” хэмээн бяцхан хүү тооноор тусах нар өөд нэг нүдээ анингаа хэлвэл ээж нь тэндээс “Чиний баяждаг ч өнгөрсөн байх аа хүү минь” хэмээн аяга арчин цай барингаа хүүгийнхээ асуултад хариулав.

 

Налайхыг зорьсон шалтгаан энэ. 1990 оны эмгэнэлт ослоос хойш Налайхын их уурхай 1995 оныг хүртэл ажилласан ч эдийн засгийн хүнд байдалд орж дампуурахад хүрч хувьчлагдсан. Их уурхайн ажил ингэж зогссон ч хувь компани, хүмүүс гар аргаар нүүрс олборлосоор 2018 онтой золгов. Өнгөрөгч 20 гаруй жилийн хугацаанд Налайхын нүүрсний уурхайд 200 орчим ам бий болж, 1200 гаруй уурхайчин  ажиллаж амь зогоодог  байсан тухай статиктик бий. Харин Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосноор өнөөдөр гялалзсан хар нүүрсээрээ гайхуулдаг Налайх дүүрэгт 30 орчим л уурхай ажиллаж байна. Тэднийг ч удалгүй зогсоож, уурхайг бүр мөсөн хаах тухай албаныхан үе үе ирж айлгах болсныг нүүрснээсээ ялгарах юмгүй хар царайтай хүмүүс сэтгэл түгшин хэлэх юм.

 

Улаанбаатарчууд эхэлж байснаа бодвол угаарталгүй өвөлжих учраа олчихлоо. Галаа түлж, түлшээ хэрэглээд сурчихсан, болж л байна. Гэтэл Засгийн газрын шийдвэрийн захад үлдсэн түүхий нүүрсээр амь зогоогчид амьдрах аргаа олоогүй явна. Тэдний хэн нь ч хоолыг нь булаасан шахмал түлшинд буруу өгөхгүй байгаа нь сайхан. “Хот үнэхээр утаагүй болсон байна лээ. Тэр түлшийг нь зориуд хотоос шуудайг авчирч түлж үзсэн. Сайхан халдаг эд байна билээ” гэх ч  нүүрсээ хэрхэн хурдан зарж, өнөөдөр хоолтой хонох тухайд сэтгэл баахан зовниж буй бололтой базаахгүй царайтай...

 

Батыг гэрт нь дөрвөн бяцхан үр хүлээж байгаа. Өдөртөө 40-60 мянган төгрөгтэй харьдаг байсан түүнд өнөөдөр хоосон буцах ч үе тохиох болж. Хүн л юм болохооор, хүнд хүчир ажлын ачаалал их тул өлсөж л байгаа. Тэгсэн ч мөнгө төлж хоол авах хүсэлгүй. “Би хоол идэхгүй ээ” гэж нөхдөөсөө хойш суугаад дөнгөж амаржсан эхнэрээ өлсгөхгүй байх, нярайнхаа живхийг авах зэргээс эхлээд мөнгөтэй л харихгүй бол болохгүй гэх асар хүнд бодлоо тээсээр тэр харанхуй нүх рүүгээ орохоор гэдрэг алхав. “Май би барахгүй нь ээ. Энийг идчих хөгшөөн” гэж өөр нэг уурхайчин хэлвэл Бат “Барахгүй байгаа бол идэхээс" гээд дэмий л нэрэлхээд нөхрийнхөө үлдээсэн хоолыг шагнал мэт хүлээн авав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Амьдрал нээрэн хэцүү байна шүү. Өмнө нь ам руу ороод шөнөжин ажиллаад гарч ирээд харихдаа 100 мянган төгрөгтэй ч буудаг байлаа. Болоод л байсан. Энэ жил ч мэдэхгүй ээ. Ажил олж хийе гэхээр Налайхад уурхайгаас өөр ажил байхгүй. Уурхайгаар л амь залгуулж ирсэн ганц чаддаг ажил маань энэ. Хот орье гэхээр олон нялх, нойтон хүүхэдтэй болохоор тэднийгээ орхиод явж болохгүй юм. Цаашдаа яах вэ л гэж бодож байна” хэмээн хоолоо идэх завсартаа хуучиллаа.

 

Хооллож дуусаад тэр буцан нүхрүүгээ орохоор яарсан тул тэндээс Налайхын зах орчимд зогсож портероор нүүрс борлуулагчидтай уулзахаар зорилоо.

 

Хаалгаар орж ирсэн хүн бүрийг горьдлого тээсэн харцаар тосож угтах эрчүүд намайг ч удтал ширтэн “Нүүрс авах уу” хэмээн гүйлдээд ирлээ. “Нүүрс авах зорилгогүй яваагаа хэлбэл яасан их урам нь хугарах бол” гэсэн бодол эхэнд төрж хий л “Хэд вэ” гэж асуувал “180 мянга ш дээ, хүргээд өгнө, минийхийг ч үз, гялтайсан нүүрс шүү” гээд хөл алдан гүйлдэх тэднийг удаан хуурахыг хүссэнгүй. Налайхын нүүрсээр амьдралааа залгуулдаг олон мянган өрх бий. Түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх хориг хэрхэн тусч, ерөөс тэд хэрхэн амь зууж буй талаар сурвалжлах хүсэлтэй яваагаа хэлбэл түрүүчээс хойш намайг шалгааж явсан зарим нь “Хммм” гэж хамар дороо хариулаад машиндаа суучихав.

 

Нэлээд ахимаг насны хоёр жолооч эвэршиж хуурайшсан гараараа нүүрс хагалангаа надтай ярилцлаа. Тэд өмнө нь Улаанбаатар хот руу нүүрсний зам татуулсаар давхиж Цайз, Хангай зэрэг захад очиж зогсоод өдөрт нь нүүрсээ борлуулчихаад өдрийн хэд хэд ачин ирж буцдаг байжээ. Харин түүхий нүүрсийг хот руу оруулахыг хориглосноос хойш зөвхөн Налайх дүүрэгтээ л нүүрсээ борлуулах болсон. Гэхдээ хот л биш бол урагшаа Багахангай, Баян сум эсвэл Төв аймаг тийш нүүрс худалдаалах боломжтой. Гэвч тэр зүгээс нүүрс авахаар Налайхыг зорих хүн тун ховор гэнэ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хээ шагласан тоорцгон малгайтай казах эр Батын л адил толгой сэгсэрч амьдрал хэцүү байна л гэнэ. “Олон жилийн турш өчнөөн мөнгө зарцуулж байж олсон утааг бууруулах ганц оновчтой арга нь энэ бололтой. Зөв өө. Гэхдээ нүүрсээр амьдралаа залгуулдаг олон мянган хүнийг ингээд л хөсөр хаячихаж болохгүй шүү дээ. Энэ олон хүний амьдрал бараг л зогсчихоод байна. Гэтэл банкны зээл, хүүхдийн сургалтын төлбөр нэхэгдээд байхад дэмий хэвтлээ нүүрсээ зараач гэж эхнэр уурлаад байлгахгүй юм. Тэгээд л цэвэр ашиг нь 20 мянга хүрэхтэй, үгүйтэй байсан ч гараад л зогсож байна” гэж ярилаа.

 

Цаашдаа хэрхэх тухай асуувал бүгд л бодсон зүйлгүй бололтой “Хэн мэдэх вэ” хэмээн хэнд ч юм найдсан эзэнгүй хариулт хэлэх. “Гэнэтхэн  хориглох биш энэ олон хүний амьдралыг яах билээ гэдгийг бодолцоод ажлын байрыг нь бэлдэх ёстой байсан юм” гэж 40 эргэн насны ах бухимдав.

 

Түүний охин өнгөрөгч онд БНСУ-д суралцахаар явжээ. Охиноо явуулсан тухайн жил портероор нүүрс зарж сардаа 1 сая төгрөгийн ашиг олдог байсан. Харин өнөөдөр ашиг гэх юмгүй амьдрал хүнд байгааг хэлээд, “Охиноо л төгсгөчих юмсан” хэмээн санаа алдав. Түүнд хүйтэнд өлсөж, даарах асуудал биш хариад эхнэр уурлах л хэцүү. Айгаад харьж цайгаа ч ууж чадахгүй л зогсож байна гэсэн нь нүүрсээр амьдралаа залгуулдаг эрчүүд ашиг, орлогогүйдэж хэцүүхэн өдөр хоногийг өнгөрүүлж буйг бүхэлд нь илэрхийлэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Уулзаж ярилцсанд талархал илэрхийлэн буцах болоход тэд бүгд зэрэгцэж зогсоод “Баяртай” хэмээн гар даллаад “Сайн нийтлэл бичээд, сайд дарга нарын чихэнд заавал бидний үгийг дамжуулаарай” хэмээн захисан.

 

Тэдний захиас нь АЖЛЫН БАЙР. Ухаан орсон цагаасаа л нүүрс зөөж, нүүрсээр л амь зогоож ирсэн залуучууд тэнд бий. Тэдэнд өнөөдөр нүүрснээсээ хагацахад өөр ажлын байр даанч хомс байгааг хэлж байна. Хар, бор ажлыг хамгийн сайнаар гүйцэтгэж чадах ч харуулын ажилд ч  голоод байна гэнэ. Шалтгаан нь мэргэжил, боловсролгүй...Тэднийг “гээгдэгсэд” гэж нэрлэсэн учир нь энэ.

 

Г.ТЭГШСҮРЭН

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хайран сайхан бүтээн байгуулалтын үр дүн өнгөрсөөн,Харалган төр нь дараагийн ажлын байр бэлдээгүй байж Налайхын их уурхайг хааснаас хойш эрчүүдийн зндсэн ажил архичин хийх болсон. Цөөн хэд нь аманд ажиллана. Солир Сайнбуянгийн хэдэн луйварчин хүүхдүүд өөд нь татмаар юм даа. Амарсайхан нь хотын дарга хоолойгоор нь хоол давсаар Отгонбаяр нь баяжсаар. Сайд байсан Энхтайван г.м-ийн хоосон амалсан улстөрчид саираад дууссан Налайхыг. Уг нь цөс ихтэй баашгүй жинхэнэ ажилчин анги байсан газар. Одоогийн уурхайчид шиг элдвийн юм нэхэж эрхэлж үзээгүй ЭВИЙ НАЛАЙХЫН МИНЬ УУРХАЙЧИД МИНЬ дээ.Тэнгэрт байгаа хэд нь гомддог байх даа юуны төлөө энхийн цагт алтан амиа алдсанаа
2019-11-08
Оюу толгой таван толгойд ажиллаач
2019-11-07