"Хүүхэд хамгаалагч" төслийг танилцуулах сургалт, өдөрлөг боллоо
2019-11-07

 

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилготой “Хүүхэд хамгаалагч” төслийн танилцуулга, сургалт өдөрлөгийг өнөөдөр /2019.11.07/ Сүхбаатар дүүргийн 20 хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан болон ерөнхий боловсролын сургуулийн захирал удирдлагууд, нийгмийн ажилтан, төслийн зохицуулагч нарын дунд зохион байгууллаа.

 

Арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Азжаргал, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбат, хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Наранбаатар, мөн дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга З.Болд, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонтуяа болон хороодын Засаг дарга,  сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хүүхэд хамгаалагч төслийн зохицуулагч зэрэг 140 гаруй хүн оролцов.

 

Тус дүүргийн “Хүүхэд хамгаалагч” нараас ажиллах хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж автомашинд хоноглож байсан болон бусад хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон 2 хүүхдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад шуурхай өгч шалгаж шийдвэрлүүлсэн байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн танхайрах гэмт хэргийг 2 удаа таслан зогсоож холбогдох байгууллагад мэдээлсэнээс гадна 168 хүүхдэд ганцаарчилсан зөвлөгөө өгч, 210 хүүхдийг замын хөдөлгөөнд оролцоход нь дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан байна.

 

Уг төслийн хүрээнд санаачлагатай, үр дүнтэй, бусдыгаа манлайлан ажилласан төслийн зохицуулагч, сургууль, хороодын нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч нарын 9 иргэнийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын даргын “Талархал”, үнэ бүхий зүйлээр урамшууллаа.

 

Shuud.mn
Сонин хачин