Япон маягийн "алагчлал" буюу эмэгтэйчүүд яагаад шил зүүж болохгүй вэ?
2019-11-11

 

 

Өнгөрсөн долоо хоногт Японы олон нийтийн сүлжээнд хамгийн өргөн тархсан сэдэв нь "нүдний шилний хориг" хэштег байсан талаар ВВС мэдээлжээ. 

 

Энэ хэштег нь Японы зарим компаниудад үйлчилж буй эмэгтэй ажилтнуудад нүдний шиль зүүхийг хориглосон журам юм байна. 

 

Японы олон компанид эмэгтэй ажилтнуудыг нүдний шилний оронд контакт линз зүүх, эрүүл мэндийн шалтгаанаар линз зүүх боломжгүй байсан ч энэ журмыг хэрэгжүүлэхийг шаарддаг тухай  Nippon TV телевизийн нэвтрүүлэг гарсны дараагаас энэ сэдэв эрчимтэй яригдах болжээ. Ийм журам гаргасан ажил олгогчид эмэгтэйчүүд нүдний шил зүүхээрээ эмэгтэйлэг найрсаг харагдах нь багасдаг гэж үзсэн аж.

 

Харин энэ нь ялгаварлан гадуурхалт гэж үзсэн япончууд дургүйцлээ илэрхийлжээ.

 

"Эрчүүд болохоор шил зүүж болдог, харин эмэгтэйчүүд болохгүй гэдэг нь үнэхээр хачирхалтай" хэмээн Токио дахь даатгалын компанийн зөвлөх Банри Янаги ВВС агентлагт ярьжээ.

 

Эмэгтэйчүүд шил зүүж болохгүй гэсэн шалтагууд нь үнэн хэрэгтээ ямар ч утгагүй, бүх зүйл хүйсийн ялгаварлалаас үүдэлтэй гэж олон нийт үзсэн байна.

 

Харин энэхүү хачирхалтай хоригийг дэмжигчид нүдний шил япон уламжлалт хувцастай зохьцдоггүй учир хориглох нь зүйтэй гэж үзжээ.

 

Твиттерийн хэрэглэгч wine_kimono зоогийн газарт ажилладаг бөгөөд ажил дээрээ кимоно өмсөх ёстой байдаг гэнэ. Харин ажил олгогч нь түүнийг нүдний шил зүүхгүй, контакт линз хэрэглэх хэрэгтэй гэсэн бөгөөд нүдний шил кимонотой огт зохьцохгүй байна гэжээ. 

 

Өөр нэгэн хачирхалтай журам 

 

Японд эмэгтэйчүүдтэй холбооой хачирхалтай журам гарсан нь зөвхөн энэ тохиолдол биш. Өмнө нь, эмэгтэйчүүдийг офист нүүрээ будаж ирэхийг шаардсаныг эсэргүүцсэн хөдөлгөөн  гуравдугаар сард өрнөж байлаа. Мөн энэ оны  эхээр эмэгтэй ажилтнуудыг ажилдаа өндөр өсгийтэй гутал өмсөж ирэхийг шаардаж байгаа нь мөн л олны дургүйцлийг төрүүлж байв. 

 

Улмаар өндөр өсгийт өмсөн ажил дээрээ ирэхийг эмэгтэй ажилтнуудад тулгахыг  хориглох  шаардлага бүхий өргөх бичгийг идэвхитнүүд гарган, засгийн газарт өргөн барьж байсан ч тухайн үед Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан Такуми Немото үүнд ямар ч асуудал байхгүй хэмээн мэдэгдэж байжээ. 

 

"Өндөр өсгийт өмсөх нь ажил дээр тавигдах зүй ёсны, зөв шаардлага гэдгийг олон нийт ойлгож байгаа" хэмээн сайд Такуми Немото мэдэгдэж байв.

 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин