Хонконг: Жагсагчид тээврийн салбарыг гацаав
2019-11-11

 

Даваа гаригт засгийн газрыг эсэргүүцэгчид Хонконгийн автозамуудыг бүхэлд нь хааж, метроны үйл ажиллагааг доголдуулан, тээврийн салбарыг гацаанд оруулсан талаар ВВС агентлаг мэдээллээ.

 

Эмх замбараагүй байдал үүсгэсэн хүмүүсийг тараахын тулд цагдаагийнхан нэг бус удаа нулимс асгаруулагч хий ашиглажээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, маск зүүсэн хүмүүс өглөө оргил ачааллын үеэр хогийн сав зэргээр зам дээр хаалт босгон, шатааж, гэрлэн дохионуудыг эвдэж эхлэсэн байна. Улмаар хэд хэдэн дүүрэгт олон километр үргэлжилсэн түгжрэл үүсчээ. Мөн метроны зарим өртөөнүүд хаагдаж, үйл ажиллагаа нь доголдсон байна. 

 

Хонконгийн Засгийн газрын Хөдөлмөрийн департамент үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ажилтнуудын ажлын цагийг уян хатан болгох, ажилдаа хоцорсон тохиолдолд ойлгон хүлээж авахыг ажил олгогчдод хандан уриалсан байна. 

 

Үүний зэрэгцээ, Политехникийн их сургуулийн хотхонд эмх замбараагүй байдал үүсч, оюутнууд тоосгоор зэвсэглэж, хууль сахиулагчдын эсрэг шатамхай шингэнтэй лонх шиджээ.

 

Мөн Сай Ван Хо дүүрэгт цагдаагийн нэгэн алба хаагч биеэ хамгаалах үүднээс өөр рүү нь дайрсан 21 настай хэт даврагч руу байлдааны сумаар гал нээжээ. Улмаар 21 настай иргэн гэдсэн тус газраа шархдан, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа гэнэ.

 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин