Төлөх эс төлөх сонголтыг иргэнд үлдээе
11-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд  “Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ” гэж амласан тул 2019 онд 1 хувиар шимтгэлийг нэмэгдүүлсэн бол 2020 онд 2 хувиар дахин нэмэхээр зэхэж байна.

 

Манай улсын нийгмийн даатгалтын тогтолцоо буруу явж ирснийг эдийн засагчид болоод энгийн иргэн ч хэлдэг. Тиймээс энэ буруу тогтолцоог өөрчлөн шинэчлэх цаг болсон гэдгийг “Ард лайф” компанийн гүйцэтгэх захиарл Б.Гантулга хэлж байна.

 

Тэрбээр тун саяхан “Хүн сар бүрд 187.000 төгрөг жилийн нийлмэл 13 хувийн өгөөжтэй хуримтлуулаад явахад 30 жилийн дараа 827 сая төгрөгийн хуримтлалтай болно. Улмаар сард 9 сая төгрөгийн тэтгэврийг хүү хэлбэрээр авах боломжтой. Бурхан боллоо гэхэд 827 сая төгрөг үр хүүхдэд өвлөгдөнө. Сингапур, Хонгконг ингэж л хөгжиж байна” хэмээх сонирхолтой тооцоолол хийсэн байна.

 

 

“Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэтгэврийн даатгалын санг нийгмийн даатгалын шимтгэлийн хувиас хасах ёстой хэмээн үзэж байна. Учир нь эрүүл мэндийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал, ҮОМШӨ даатгал нь эрсдэл мөн. Харин тэтгэврийн даатгалын сан нь эрсдэл биш ирээдүйд хүрэхээр хүлээж буй зорилго. Тиймээс нийгмийн даатгалын санд орох ёсгүй гэлээ.

 

Монголд хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосноос хойш өнөөдрийн орлого нь автоматаар 50 хувиар буурдаг тул монголчуудад насны эцэст жаргана гэдэг ойлголт үгүй.

 

Тухайлбал иргэдийн цалин дунджаар сая гаруй төгрөг байна. Харин тэтгэврийн хамгийн доод хэмжээ нь 300 гаруй мянган төгрөг. Өөрөөр хэлбэл, сард сая гаруй төгрөг олдог байсан иргэн тэтгэвэрт гарахад сард ердөө л 300 гаруй мянган төгрөг авна гэсэн үг.  Тэгэхээр Монголд тэтгэврийн мөнгөөрөө эрүүл саруул, аз жаргалтай амьдарна гэсэн ойлголт байхгүй.

 

Тэтгэвэрт гараад төлснөөсөө бага тэтгэвэр авч буй нь шударга бус гэдгийг “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлж байна.

 

Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Гар дээр авч буй тэтгэвэр нь хүрэлцэхгүй байгаа учраас тэд ирээдүйд амьдрах насаа барьцаалан байж банкнаас зээл авч байна.

 

Ахмадууд хэрвээ тэтгэвэрт гарахаасаа өмнө болон аваад удаагүй байхдаа нас барвал хохь нь болно. 30 жил төлсөн НДШ үр хүүхдэд чинь хамаагүй хэр нь таны өр зээл үр хүүхэд, гэр бүлд өвлөгдөн үлддэг. Иймд “төлөх л ёстой” гэдэг дарамтыг өөрчилж төлөх үү, эс төлөх үү гэдэг сонголтыг иргэдэд үлдээх тогтолцоонд шилжих ёстой гэдгийг Б.Гантулга хэлж байна.

 


Хэрэв бид нийгмийн даатгалд төлдөг мөнгөө банкинд хадгалуулбал 30 жилийн хугацаанд 180 гаруй сая төгрөг хуримтлагдаж, хүү тооцвол 800 гаруй сая төгрөг болж, тэтгэвэрт гарах нас болоход энэ хэмжээний мөнгийг авна. Гэтэл өнөөдөр бид хэзээ нэгэн цагт буцааж тэтгэвэр хэлбэрээр авна гээд ажиллаад л нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л байдаг. Гэвч тэтгэвэрт гарахаасаа өмнө хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа хүмүүс олон. Тиймээс манай улсад тэтгэврийн тогтолоондоо шинэчлэл хийх цаг болжээ.

 

Нийгмийн даатгалын сангийн алдагдлын тухай “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Татвар төлөгчдийн төлж байгаа мөнгө тэтгэвэр авч байгаа иргэдийн мөнгөнд хүрэлцдэггүй. Тиймээс зөрүүг нь төсвөөс өгчихдөг. Энэ л алдагдал хүлээж байгаа гол шалтгаан нь юм. Тиймээс алдагдлыг бууруулахын тулд шимтгэлээ нэмнэ гэж байна. Харин миний үзэж байгаагаар манай улс эхлээд өрөө төлөх ёстой. Ингээд компаниудын удирдлага сайжирч, ашигтай ажилласнаар Нийгмийн даатгалын сан монголын хамгийн том сан болж нийгэм цэвэрших, ирээдүйд итгэлтэйгээр хөдөлмөрлөх боломж бүрдэнэ" гэлээ.

 

Нийгмийн даатгал бол иргэний нийгмийн хариуцлага. Бидний төлж буй мөнгөөр улсын санг бүрдүүлдэг. 1920-1990-ээд онд буюу социализмын үед Монголчуудын сэтгэхүйд нэг сэтгэлгээ суусан нь “Төр бүхний дээр. Төр миний сайн сайхны төлөө бүхий л зүйлийг зохицуулах ёстой. Би тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгээд л явах ёстой” гэдэг ойлголт. Гэтэл өнөөдрийн нийгэм хүнийг өөрөө өөрийгөө хариуцах тогтолцоонд шилжүүлж, нийгмийн даатгалын тогтолцоондоо найдахгүй байхыг шаардаж байна.

 

Сая төгрөгийн цалинтай хүн 34 хувийг нь сар бүр татварт өгдөг. Ажиллаад л, цалингийнх нь 34 хувийг улс аваад байдаг. Буцаад иргэндээ ирэх ач тус байхгүй. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь буруу. Харин боломж нь байвал хувийн тэтгэврийн санг Монголд хөгжүүлж чадвал иргэд өөрийн орлогоосоо сайн дураар сар бүр 50 мянган төгрөг хуримтлуулж чадвал иргэн тэтгэвэрт гарахдаа сард 2-3 сая төгрөгийн тэтгэвэр авах боломжтой юм байна. 

 

Тиймээс хууль эрхзүйн орчин нь бүрдвэл хувийн тэтгэврийн санг хөгжүүлж, мөнгөө хувийн тэтгэврийн санд хийх үү, улсын тэтгэврийн санд оруулах уу гэдэг сонголтыг иргэнд үлдээх нь зүйтэй гэдгийг эдийн засагчид хэлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Buruu. Ta buhnii shuteed baidag USA-d tsalingiin dor hayaj 10-25%?niigmiin daatgal teldeg. Tetgevriin daatgaliin shintgel baih estoi. Neg l huvia hicheesen bi l bolj baival gesen baidlaar handah ym. Uunees bolood naad niigem chin deer doorgui etend idegdej baina.
2019-11-12