Индонез: Эмэгтэйчүүдийг нүүр халхалсан хувцас өмсөхийг хоригложээ

Индонезийн Захиргааны шинэчлэлтийн сайд яамны эмэгтэй ажилтнуудыг ажилдаа никабе буюу зөвхөн нүд ил гаргаж, бусдыг халхалсан мусульманы уламжлалт хувцастай ажилдаа ирэхийг хоригложээ.
"Ажлаас гадуур ямар ч хувцастай явж болно. Манай улсын хуулиар уламжлалт хувцас өмсөхийг хориглоогүй. Харин төрийн байгууллагуудад хатуу дресс-код тогтоосон" хэмээн сайд мэдэгдснийг The Jakarta Post дамжуулжээ.
Гэхдээ энэ шийдвэр ямар шалтгаанаас үүдэлтэйг сайд тайлбарлаагүй байна. Харин Шашны асуудал эрхэлсэн сайд Фахрула Рази "энэхүү шаардлага нь аюулгүй байдлын асуудалтай холбоотой бөгөөд төрийн байгууллагын удирдлагууд ажилтнууд нь хувцсаар бүрэн халхлагдсан явахыг хүсээгүй байх" хэмээн тайлбарлажээ.
Энд дуулгахад, Индонез улс мусульман хүн амтай дэлхийн томоохон улс юм. Тус улсын 260 сая хүн амын 88 хувь нь исламын шашин шүтдэг. Индонезийн эмэгтэйчүүд никаб, бурка, паранжа зэрэг нүүр царай бүрэн халхалсан хувцас өмсдөггүй, харин хижаб буюу толгойн ороолт ихээр ашигладаг юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ