БНАСАУ-тай нууц холбоотой гэсэн мэдээллийг Япон няцаав
2019-11-13

 

 

БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалтанд бэлтгэхээр энэ оны тавдугаар сараас есдүгээр сарын хооронд Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга асан Сётаро Яти Пхеньянд гурвантаа очсон гэж Солонгосын Чосун ильбо сонин мэдээллээ. 

 

Харин ийнхүү уулзалт зохион байгуулахаар нэг бус удаа нууц элч илгээсэн талаарх мэдээллийг Японы Засгийн газар няцаасан байна. 

 

"Энэ мэдээлэл үнэн бодит байдалд нийцэхгүй" хэмээн Сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгджээ. 

 

Гэхдээ Абэ БНАСАУ-ын тэргүүнтэй харилцаа тогтоох эрмэлзэлтэй байгаа бөгөөд "урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн байгаа" хэмээн тэрбээр онцолсон байна. 

 

Дашрамд дуулгахад, Японы Засгийн газрын тэргүүн хоёр талт уулзалт явуулах эрмэлзэлтэй байгаагаа нэг бус удаа илэрхийлж байсан юм. Харин БНАСАУ-ыг пуужин-цөмийн хөтөлбөрөө устгахыг Япон шаардаж байгаа нь хэлэлцээр хийх урьдчилсан нөхцөл тулгаж байгаа хэрэг гэж Хойд Солонгос үздэг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин