2020 оны улсын төсвийг батлав
2019-11-13

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2020 оны улсын төсвийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийв. Ирэх онд төсвийн орлогыг 11 их наяд, зарлагыг 13 их наяд, тэнцвэржүүлсэн алдагдлыг 2.7 их наядаар тооцон оруулж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-НДШ яагаад нэмсэн бэ? Тэтгэвэр 8 хувиар нэмээд, цалин тодорхой хэмжээгээр нэмэх ч НДШ нэмэгдэхээр нэмэргүй. Янз бүрийн шалтгаан яриад байна. Банк дампуурснаас, ЖДҮ-чдээс гээл. Гэтэл Засгийн газар дээр асуудал байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

 

-Засгийн газар төсвийн төслийг оруулж ирэхдээ өмнө нь нэмнэ гэсэн шийдвэрээр оруулж ирсэн. Сайд нар нэмж хариулах байх. 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-НДС-гийн шимтгэлд ажил олгогч 1 хувиар, ажилтных 1 хувиар  нэмж төлөхөөр нэмэгдэж байгаа. НДС алдагдалтай, энэ онд 600 тэрбум төгрөгийн татаас авч байж ажиллаж байна. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах үүднээс нэмж байгаа. Нийгмийн даатгалд хамрагдагсдын хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай. НДС-гийн алдагдал ирэх жил улсын төсвөөс авах татаас 200 тэрбум төгрөгөөр буурна. НДШ нэмэгдсэн нь 2016 оны эцсээр Засгийн газар ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд шийдвэр гаргасан. Энэ хүрээнд үргэлжилж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүн хэзээ гарах вэ? Улсын төсвийг хоёр их наядын алдагдалтай баталж байна. Энэ хөтөлбөрийн нэрийг барьж байна. Тухайлбал, НДШ нэмж байна. Монголын ажиллах хүчин гадаадад гарч ажиллаж байна. Төрд ажиллах хүсэлтэй залуус л байна. 

 

Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:

 

-Төсвийн орлогыг өөдрөг төсөөлсөнд шүүмжлэл их байгаа. ОУВС-гийн хөтөлбөр 2020 оны тавдугаар сарын 20-нд дуусна. Хөдөлмөрийн насны хүмүүсийн Монголд олж байгаа орлого бага гэдэг. Аж ахуйн нэгжүүд энэ хэмжээний чадавхитай байгаагийн илрэл энэ. Макро бодлогыг зөв зохистой хэрэгжүүлэх ёстой. 

 

Гишүүд асууж хариулт авснаар ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг өндөрлүүлэв. Дараагаар нь  2020 оны улсын төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Ингээд хуулийн төслийн заалт тус бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг бүхэлд нь баталлаа.

 

Дараа нь Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны саналын томьёоллоор санал хурааснаар тогтоолын төслийг бүхэлд нь батлав. Ийнхүү чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

Shuud.mn
Сонин хачин