С.Бямбацогт: Намын жагсаалтад нуугдах зүйл байхгүй

11:40: цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж хэлэлцэхэд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Өнөөдрийн хэлэлцээд байгаа асуудал бол хувь тэнцүүлсэн зарчмыг хэзээ мөрдөж эхлэхийг яриад байна. Бид ард түмнийхээ сонгох эрхэнд халдаж байна. Ерөнхийлөгч хориг тавьж болох ч шинэ санал орж ирж хураагдаад байгаа нь хууль зөрчиж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ дур зоргийн шинжтэй байж болохгүй. Асуудлаа шийдээгүй байж төгсгөлөөс нь хэлэлцэж байгааг хэлж байгаа юм. Аль нэг намын ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалж болохгүй гэж байгаа. Яагаад бид АН-ын нам сонгох саналыг хүлээж аваад байгаа юм. Иргэний эрх, эрх чөлөөг дордуулж болохгүй гэж байгаа. Иргэний сонгох эрхэнд нь халдаж байгаа. Нэр тавина гэж худлаа яриад байж болохгүй. 600 хүний нэртэй саналын хуудас шүүгээд сууж байх уу. Олон сонгогдсон гээд цаашдаа мань мэтэд намын жагсаалтад нэр орох боломж гарах байх. Гэхдээ би тэрийг хүсэхгүй байна. Дураараа дургидаг хүмүүс намын жагсаалтын ард нуугдан гарах гэж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-УИХ-ын сонгуулийг олонхийн болон хувь тэнцүүлэх зарчмаар явуулна. Сонгогч тойрогт нэр дэвшигч, болон намын жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Энэ нь 2012 оных шиг нам дугуйлна гэсэн үг биш. Намыг хэзээ ч дугуйлахгүй гэдэг томъёоллоор зөвшилцөж, ойлголцоод явж байгаа. Намын жагсаалтад нуугдсан зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Х.Баделхан:
-Одоо мөрдөж байгаа хуулиар УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл мөн гэж заасан. Манай аймгаас жилийн жилд гурван гишүүн сонгогдоод ирсэн. Бүүр 1924 онд 72 гишүүн анхны Үндсэн хууль батлахад ч гурван төлөөлөл сууж байсан. Харин 2012 онд ганц удаа хоёр гишүүн сонгогдсон. Энэ бол үндэсний цөөнхийн сонгох эрх зөрчигдсөн. Манай аймгаа сонгогдсон гурван гишүүн сонгуулийн холимог тогтолцоог дэмжихгүй байгаа.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Бид бүх шатанд Баян-Өлгий аймгийн төлөөллийг оруулах зарчмыг барьж ирсэн. Холимог тогтолцоогоор сонгууль явуулахад Баян-Өлгий аймгийн төлөөлөл, казак иргэдийг оруулахгүй гэсэн зүйл биш. Баян-Өлгий аймаг хоёр мандаттай, дээр нь улсын хэмжээний мандаттай орж ирнэ.Ингэснээр Баян-Өлгий аймаг, казак иргэдээс дор хаяж 3-4 нь сонгогдоно гэсэн тооцоогоор байгаа. Энэ нь харшлахгүй. Харин намын нэрийн дор орж ирнэ гэсэн шүүмжлэл байгаа учир тойрог болон жагсаалтад орсон нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө гэдгийг хэлмээр байна.
Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Г.Занданшатар: Сонгуулийн холимог тогтолцоог 2020 оноос өмнө мөрдөх бололцоогүй
10:50 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж хэлэлцэхэд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 20-ноос эхэлж мөрдөнө. Наашлуулах ямар ч боломжгүй. УИХ-ын гишүүдийн нийт 4/3 буюу 57-оос доошгүй ирцтэй бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж хуулинд заасан. Өнөөдрийн чуулганы хуралдаанд 60 гишүүн байна. Ингээд журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ” хэмээн спикер мэдэгдлээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд горимын санал хэллээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Дарааллаараа бид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөө батлаагүй байхад дагаж мөрдөх журмын тухай ярьж болохгүй. Яагаад өөрчлөгдсөн бэ. Нэмэлт өөрчлөлт батлагдаагүй байхад батлагдан гэсэн журмыг хэлэлцэж болохгүй. Эхлээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулах хэрэгтэй. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах хугацааны асуудал шийдэгдээгүй байгаа. Дараагаар нь хуулийн зөрчил болж хувирна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгээр журмын тухай хуулийн төсөл батлагдахад "Үндсэн хууль бүхэлдээ 2020 оны тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно" гэж заасан. Түүнээс хойш хугацаа тавигдаж болно. Сонгуулийн холимог тогтолцоог урагшлуулах бололцоогүй. Сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Нэг жилийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт хүчин төгөлдөр Тиймээс Сонгуулийн тогтолцоог 2020 оноос өмнө мөрдөх хуульзүйн болон техникийн бололцоогүй. Сонгуулийн хууль дээр энэ асуудлыг жич хэлэлцэж болно.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Бид намар ээлжит бус хуралдаан хийгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцээд Ард нийтийн санал асуулга явуулна гэсэн. Яагаад ард түмнээсээ асуухгүй байгаа юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Ц.Даваасүрэн гишүүн чуулгандаа оролцоогүй учир мэдэхгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч хориг тавиад, дахин хэлэлцүүлэг хийгээд, гуравдугаар хэлэлцүүлэгт орохоор болсон.
Ингээд Д.Эрдэнэбат гишүүний гаргасан горимын саналаар санал хураалт явууллаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг эхэлж хийх саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ