ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ
11-14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ хатуу хучилттай автозам шинээр тавих, эрчим хүч, дулаан, ногоон орон сууц, гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулах зэрэг төслийг санхүүжүүлэхээр 300 сая ам.долларын Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр байгуулсанд талархал илэрхийлэв.  

 

 

Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Төв Азийн улс орнууд, тэр дундаа Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаандаа өндөр ач холбогдол өгдөгийг  Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэмдэглэв. Цаашид ногоон эдийн засгийн хүрээнд Улаанбаатар хот, бусад суурин газрын нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, сэргээгдэх эрчим хүч, авто болон төмөр зам, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр идэвхтэй хамтрах боломжтой. Харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтээ хэвээр үргэлжлүүлнэ гэдгээ хэлэв.

 

 

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн, эрчим хүч, хүнсний хэрэгцээгээ дотоодоос хангах зорилт тавьсан. Үүнээс гадна уул уурхай, боловсруулах үйлдвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалан, дэд бүтэц, агаарын тээвэр зэрэг салбараа хөгжүүлэхийн тулд Европын сэргээн босголт, хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин