ХОЁР настнуудын НЭГ өдөр: “Хэрэм орондоо ороорой, туулай унтаарай”
2019-11-15
Гэрэл зургийг MPA.mn

 

“Багшаа би шээе” гэж гурван нас хүрэхэд хэдхэн сар дутуу өөрийгөө илэрхийлэх чадвар нь арай дөнгүүр нэгэн нь хэлвэл бусад нь түүнийг дуурайн ишш ишш гэсээр ариун цэврийн өрөө рүү зэрэг гүйлдчихнэ. “Өнөөдүүл чинь одоо бужигнуулж байгаа” гээд багш нь ухасхийн араас нь босвол хэдий нь ус гоожуулж шавхай тарьчихсан зогсож байх.

 

Охид суултуураа булаацалдан уйлах бол хөвгүүд харин хөөрхөн шөмбөгөр боожгойгоо гаргаад нэг суултуур тойрч зогсоод гурвуул зэрэг бие засчихаж байна. Зарим хүүхдүүд өмдөө тайлаад бие засчихна. Буцаагаад татчихаж ч чадаж байна. Өмдөө тайлж чадахгүй үргэлж багшийгаа царайчлах хүүхдүүд ч байх аж. Тэднийг багш нь бие засуулж, гарыг нь угаалгана. Энэ байдлаар 25 хүүхдийг арчлаад нэгийг нь хөтөлж, нөгөөг нь аргадан дуудсаар арай гэж анги руу нь оруулна. Тэгтэл төд удалгүй дахиад л хэн нэгэн нь “Багшаа би шээе” гэхэд бусад нь би би гээд л гарч гүйх...Ингэж багш хүүхдүүдтэйгээ хөөцөлдсөөр амсхийх ч завгүй өдрийг өнгөрөөх аж.

 

Өглөө 07.50-09.00 цаг хүртэл хүүхдүүдээ хүлээж авна. Хүүхдүүд ирж дуусмагц гар нүүрыг нь угаалгаад ширээнд нь суулгаж өглөөний цайг уулгана. Цай уулгах ажил тийм ч амар биш. Арай гэж бүгдийг ширээнд нь суулгаад цаад өрөөнөөс цай дөхүүлээд ирэх хооронд босч гүйгээд хэдий нь нэгнээ шоглож амжаад уйлалдаж зогсоно. Өөр нэгэн нь ширээн дээрээ хэвтэн шанаа тулжээ.

 

Өнөөдрийн өглөөний цай сүүтэй будаа. Будааг хөргөх хооронд зарим нь “Багшаа идье идье” хэмээн галт тогоо руу заана. Сүүтэй будаанд хүүхдүүд ихэд дуртай бололтой. Бүгд амтархан идэж дуусаад мөн л “Дуусаа, дуусаа” хэмээн аяга халбагаа тогшино. Тэднийг хоолоо идээд дуусмагц аяга, халбагыг нь хураахгүй бол нэг харахад толгой дээрээ аягаа хөмөрчихсөн, өнөө харахад халбагаараа найзыгаа цохичихдог гэнэ. Будааны араас бүлээн хярам аягласнаар өглөөны цайллага сая дуусч танин мэдэхүйн цаг эхэллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тойрог болгон суулгаад хичээл эхлэхэд хоёр настнуудын анхаарал ердөө 2-3-хан минут л төвлөрөх аж.

 

Нэг хуруу, нэг хуруу

Уул болчихлоо

Хоёр хуруу, хоёр хуруу

Нүдний шил болчихлоо....хэмээн багш нь дүрсэлж үзүүлэн заавал эхэндээ маш анхааралтай чагнаж, даган дуурайх гэж хэрэндээ л хичээн хуруу гараа гозойлгож байсан хүүхдүүд төд удалгүй огт өөр зүгт ширтэж, нэг нь босч тоглоом авчраад түүнийг булаацалдах зэргээр багшийг анхаарах хүүхэд тун ховор. Тэгсэн ч багш хичээлээ заасаар "нэг хуруу, нэг хураа...".

 

Хичээлийн цаг дуусч тоглоомын цаг эхэллээ. Хүүхэд бүрийн зан төлөв өөр өөр. Зан араншин нь тоглох явцад илрэх аж. Хамгийн өнгө үзэмж сайтай, гоё тоглоомыг нэг нь авч эвлүүлээд бусадтай хуваалцахгүй. Ойртсон нэгнийг хазах гэж айлгаж өөрийн гэсэн орон зай үүсгэх нэгэн байхад огт хүүхдүүдтэй муудахгүй алсуурхан ганцаараа тоглоод л суух хүү ч байна. Энэ ангид хоёр ихэр хөвгүүн бий. Дэггүй гэж чигтэйхэн хуулсан мэт адилхан хоёр хүү үргэлж хамтдаа саваагүйтэх учир багш нь “Хоёроо, хүүе хоёроо" хэмээн үргэлж олон тоон дээр анхааруулах аж. 

 

Тоглоомын цагийн дараа дуу хөгжмийн хичээл орохоор  болж хүүхдүүдээ жагсаан заал руу явлаа. Бага бүлгийнхэн ангиасаа огт гардаггүй тул коридоороор алхах тун ч сонирхолтой санагддаг бололтой. Ханан дээрх зураг, хаалга үүд, жижүүр ахыг хүртэл нухацтай ширтээд зогсчих юм. Шатаар дээш доош, өгсөж уруудах ч тэдэнд цоо шинэ. Арай гэж буулгасан нэгэн нь буцаад шат өөд мацах гэж тэмүүлнэ.

 

Хөгжмийн хичээл долоо хоногт нэг удаа орно. Өмнөх долоо хоногт заасан “Тоглоом” дууг эргэн сануулснаар хичээл эхлэв. Хүүхдүүд дэлдэн чихтэй туулай, дээгүүр нисдэг онгоц, дээшээ хөөрдөг бөмбөгийг хэрэндээ л дүрслэн үзүүлж даган дуулж байна.

 

Дууны дараа багш “Хүүхдүүдээ туулай юу иддэг вэ, та нар мэдэх үү” гэвэл тэндээс нэг нь “Пицца” хэмээн хариулж танхим дүүрэн инээд болов. Өөр нэгэн нь “мах” ч гэж хариулж байна. Хөгжмийн хичээлийн төгсгөлд “Болжмор” дуун дээр бүгд зогсож бүжиглээд анги руугаа буцлаа.

 

Ангид орж 11.00 цагийн цайг өгснөөс 30 минутын дараа хооллох цаг боллоо. Өнөөдрийн нэгдүгээр хоол гурилтай шөл, хоёрдугаар хоол гуляш. Нэгдүгээр хоолоо хүүхдүүд бүгд бүрэн идэж дуусгав. Хоёрдугаар хоолыг харин хагас дутуу идсэн хүүхэд цөөнгүй байлаа.

 

Багачууд гуляшны чинжүү, байцааг сүрхий ялгаад ширээн дээрээ тавьчихаж. Тэд хоолны ногоонд тун дургүй гэдгийг багш нь хэлж байв. Хоолны дараа бие засах цаг. Ерөөс хоёр настнуудыг бие засуулж гар угаалгана гэдэг дуусдаггүй ажил аж. Харин тэдний хувьд ариун цэврийн өрөө орно гэдэг усаар тоглох завшаан тул тун дуртай...Нэг нэгээр нь зөөх шахуу юм болсоор сая сүүлийн хүүхдийг ангид оруулснаар арайхийн ариун цэврийн өрөөнөөс тэднийг холдуулав.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Харин одоо унтлагын цаг. 12.00 цагт унтах учиртай ч хүүхдүүдийн хувцсыг тайлж, орыг нь засч, эзэн эзнийг нь олох гэсээр 13.00 цаг дөхүүлж 25 хүүхдийг оронд нь оруулж дууслаа. Хүүхэд бүр өөрийн таних тэмдэгтэй. “Туулай хаана байна, хөөе хэрэм ээ ирж орондоо ороорой” гэх зэргээр багш бүгдийг нэгд нэгэнгүй дуудаж даавуугаар өлгийдөөд хэвтүүллээ. “Унтаарай” гэх команд өгөхөд хүүхдүүд бүгд нүдээ аних ч хөл, гар нь хөдлөөд л, юу ч юм шивэгнээд л байх...Удалгүй бүгд унтацгаасан бололтой хурхирч, хөнжлөө ч тийчиж эхлэв.

 

Хүүхдүүд унтсан хойгуур багш амрахгүй. Тэднийг унтаж байх хойгуур амжуулах ажил их. Яг л ээж шиг...Ангиа тохижуулахаар хайчилбар хийж, ханандаа наагаад амжив. Хүүхдүүд 15.00 цаг хүртэл унтах хувиартай. Гэвч 14.00 цаг хүрэхтэй үгүйтэй нэг нэгээрээ өндийж бусдыгаа сэрээх юм. Унтлагын цагийн дараа мөн л бие засч, гар нүүрээ угааж, үс гэзгээ самнуулснаар цайлах цаг болов. Цай, боорцгоо идсэнээр 16.30 цаг болж эцэг, эхчүүд уван цуван ирж хүүхдүүдээ авснаар цэцэрлэгийн нэг өдрийн ажил дууслаа.

 

Энэ бол Нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн нэг өдөр. Тус цэцэрлэгээс эцэг эхчүүдэд зориулан цэцэрлэгт нэг өдөр ажиллаж хүүхдээ хэрхэн хүмүүжиж буйг сонирхох боломж олгосон тул ийнхүү багачуудын инээд цангинасан орчинд үнэ цэнэтэй, аз жаргалтай цаг мөчийг өнгөрүүлснээ тэмдэглэсэн минь энэ юм.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин